Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Литвын сэтгүүлчид экс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөө бондын луйварт буруутгажээ


Литвын “Lietuvos ryto televizija” сувгийн сэтгүүлчид тус улсын Ерөнхийлөгч Дали Грибаускайте, экс Ерөнхий сайд Андрюс Кубилюс нарыг улсын өмнөөс өндөр хүүтэй зээл авсан, зээлийн хүүг төлөхийн тулд бонд өндөр хүүтэй бонд гаргаж, гаргасан бондоо өөрсдөө худалдан авч баяжиж байна гэж буруутгажээ.

Андреас Кубилюсийг Ерөнхий сайдын алба хашиж байх үед Ерөнхийлөгч Дали Грибаускайтег гэнэт алсын хараа гаргаж сая орчим лит-  /1ам.доллар = 2,17 лит/ -ээр Литвээс гаргасан бонд худалдан авсан байж. Энэхүү хөрөнгө оруулалт үнэхээр алсын хараатай болж таараад Литв маш хүнд байдалд байх үед жилийн дотор бондын хүү гэж 100 мянган литийн цэвэр ашиг авсан болохыг сэтгүүлчид олж тогтоосон байна.

Цаашлаад Литвыг санхүү, эдийн засгийн гүн хямралд байх үед Олон улсын валютын сангаас зээл авахыг хамгийн их эсэргүүцсэн хүн нь Ерөнхийлөгч Грибаускайте байж. Иймд Андреас Кубилюсын тэргүүлж байсан Литвын Засгийн газар шахалтад орж олон улсын зах зээл дээрээс ОУВС-ийн санал болгож байснаас хавьгүй илүү хүүтэйгээр зээлж авч эхэлжээ.

Олон арван жилийн турш төлөх ёстой зээлийг төлөхийн тулд Засгийн газраас татвар нэмж, олон тооны халамжийг халж, тэтгэврийг бууруулан, төсвийн ажилтнуудын цалинг багасгажээ. Улмаар зээлийн хүүг төлөхийн тулд Засгийн газар бонд гаргахаас өөр аргагүй болсон юм байна.

Энэ үед Ерөнхийлөгч Грибаускайте нь Засгийн газар хэдийд зээл авах, хэдий бонд гаргах, баталгаатай байдал зэргийн талаар найдвартай мэдээлэлийг цаг тухайд нь авч байснаа ашиглан өндөр ашигтай бондыг худалдан авч хөрөнгө оруулалт хийж эхэлсэн гэж сэтгүүлчид буруутгажээ. Түүний их хэмжээгээр худалдан авсан “ISIN XS0739988086” кодтой 6,625 хувийн ашигтай Засгийн газрын бонд гаргах тушаалыг тэр үед Ерөнхий сайд байсан Андрюс Кубилюс гаргасан аж. Энэ байдлыг эдийн засагч “Шийдвэр гаргахад нөлөөлөх бодит боломжтой хүн ийм үйлдэл хийнэ гэдэг улс төрийн авлига” гэж тайлбарлажээ.

Литвын сэтгүүлчид Ерөнхийлөгч Грибаускайтегийн хөрөнгийн мэдүүлгийг олж васан байна. Түүнд нь Дали Грибаускайтегийн үнэт цаасанд хийсэн хөрөнгийн хэмжээг заасан байж. Бонд худалдан авахад ойролцоогоор сая орчим литын хөрөнгө оруулалт хийсэн, эдгээр үнэт цаасны хүү нь үнэхээр өндөр байгаагийн ачаар 10 жилийн дотор сая л лит нь хоёр дахин үржинэ гэдгийг сэтгүүлчид тооцон гаргасан байна.

Улмаар сэтгүүлчид яагаад Литв улсыг хүнд хямралаас гаргах нэрийдлээр ард түмний нэрийн өмнөөс Ерөнхий сайд асан Кубилюсын авсан зээлийн ард түмэн төлөх гэж үйлээ үзэж байхад бондын ногдол ашгийг нь Ерөнхийлөгч Дали Грибаускайте аваад баяжаад сууж байдаг юм бэ гэсэн асуулт тавьжээ.

Литвын улс төрчид энэ нэвтрүүлгийн хариуд сэтгүүлчдийг Оросын тагнуул гэж буруутгасан аж.
 
Энэ бүхнээс үзвэл гадаадаас авсан зээл, Засгийн газрын бонд тойрсон маргаан зөвхөн манайхаар хязгаарлагддаггүй бололтой.

 Б.БАДРАЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан