Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАЛАЛА: Охидынхоо даль жигүүрийг л битгий тасдаарай


17-хон насандаа Нобелийн энхтайвны шагналтан болсон Малала охиныг өдгөө дэлхий дахинаа мэдэхгүй хүн үгүй биз ээ. Өөртэйгөө ижил охидын сурах эрхийн төлөө үг хэл, үзэл бодлоо илэрхийлж байгаад балмад террористуудын гарт амиа алдах шахсан энэ охин үе тэнгийнхэн төдийгүй өөрөөсөө ахмад үеийнхний бахархал үлгэр дуурайл болжээ. Түүний Дэлхийн банкны томоохон чуулга уулзалт дээр өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


-Малала, хүмүүс чамайг дэл­хийн хамгийн эрэлхэг зоригтой охин гэлцдэг. Харин чи өөрийнхөө хувьд хэн бэ? Хүмүүсийн олж хардаг тэр охин уу, эсвэл чи өөрийгөө тэдний бодсоноос өөр гэж боддог уу?
-Би төрөлх Сватдаа байхдаа ямар охин байсан тэр хэвээрээ байгаа. Дүү нартайгаа зодолддог, ээждээ заг­нуулдаг, гэр орныхоо ажилд тусладаг жи­рийн л нэг охин хэвээрээ гэж боддог.

-Эгэл жирийн ээ? Амьдралд чинь тохиолдсон энэ бүх том өөрч­лөлтийн дараа, дэлхий нийтийн анхаарлын төвд жирийн л нэг хүүхэд шиг амьдарна гэхээр төсөөлөгдөхгүй юм?
-Миний үеийн бусад охид яаж амьдардгийг би тийм ч сайн мэдэхгүй л дээ. Тэд магадгүй гар утсаар найзуудтайгаа элдвийг ярьж, аяллаар явж, чөлөөт цагаараа дуртай зүйлсээ хийдэг байх. Миний амьдрал эгэл жирийн боловч тэднийхээс жаахан өөр л дөө. Би цаг үргэлж завгүй байдаг.

Энэ амьдралдаа ч дуртай. Яагаад гэвэл би зөвхөн өөрийнхөө төлөө биш, над шиг сургуульд явах эрхээ хасуулсан 57 сая хүүхдийн эрх ашгийн төлөө, тэдний дуу хоолой болох ёстой. Би өдөр бүхэн телевиз үзэхгүй байлаа гээд, дуртай спортоороо хичээллэхгүй байлаа гээд надад муу юм болохгүй. Харин боловсрол олж авч чадахгүй байгаа сая сая хүүхдэд өөрийнхөө тусыг хүргэхгүй байж болохгүй.

-Чиний бичсэн “I Am Malala” ном “Миний ертөнц өөрчлөгдсөн ч би өөрөө өөрчлөгдөөгүй” гэсэн үгээр төгсдөг шүү дээ. Үнэхээр Их Британи, Пакистаны амьдрал тэнгэр газар шиг ялгаатай байна уу?
-Миний ертөнц олон талаараа өөрчлөгдсөн. Одоо би Бирмингэмд амьдарч байна. Хүрээлэн буй орчин, нийгэм, соёл гээд бүгд өөр. Эндэхийн хүнсний дэлгүүр нь ээжийн минь хүнсээ цуглуулдаг Чийна захаас өөр. Үргэлж хамт байдаг найзууд маань ч энд алга. Эндэхийн сургуулийн систем ч бас өөр. Тийм болохоор гэрээ, Сватаа маш их санадаг. Тийм ч учраас миний ертөнц өөрчлөгдсөн гэж би хэлсэн юм. Гэхдээ хүсэл зорилго минь урьдын хэвээрээ. Би өмнөх шигээ охид эмэгтэйчүүдийн боловсролын төлөө ажилласаар байх болно. 

-Хэзээ нэг өдөр гэртээ харина гэж боддог уу?
-Тийм ээ, харина гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ аль болох хурдан очихыг хүсч байна.

-Гэхдээ Сватад амьдрах нь заримдаа “Twilight” киноны вампир байхаас ч хавьгүй хүнд гэж номондоо бичсэн байсан?
-Тийм ээ, үнэн. 2007 онд талибан­чуудын терроризм эхлэхээс өмнө бидний амьдрал хамаагүй амар тайван байсан. Бид хичээлдээ яваад л , даалгавраа хийхээс өөр ажилгүй байсан. Гэвч талибчууд бүхнийг өөрчилсөн. Аав минь намайг сургуульд сургах гэснийхээ төлөө байнга талибчуудын заналхийлэл сүрдүүлэг дор амьдардаг болсон. Сургуульд явж байгаагаа мэдэгдэхгүйн тулд заримдаа цүнхээ нуух ч хэрэг гардаг. Талибаныхан Сватад 400 сургууль устгаж сүйтгэсэн. Тэд эмэгтэйчүүдийн бүх эрх чөлөөг хааж боомилдог болсон. Бид сургууль бүү хэл зах руу ч явж чадахаа больсон. Бидний амьдарч байсан Сват урьдын адил жаргалтай хот биш болсон. Бид өдөр бүр хаа сайгүй аллага үйлдэж байгааг, амь үрэгдэгсдийн цогцсыг олж хардаг болсон.

-Энэ тухай чи номондоо “...Эхлээд тэд бидний хөгжим, бүжгийг, бидний Будда бурханыг, дараа нь бидний түүхийг авч одсон...” гэж бичсэн байсан. Чи одоо хүртэл бүжиглэх дуртай юу?
-Найзуудаа маш их санаж байна. Бид ангийнхаа хаалгыг хааж байгаад дуртай хөгжмөө сонсоод бүжиглэдэг байж билээ. Манай сургуульд спортын өдөрлөг гэж болдог байсан юм. Тэр өдөр нь хөвгүүд гадаа гараад крикет юм уу хөлбөмбөг тоглодог. Харин охидод тоглох талбай байхгүй болохоор бид ангидаа үлдээд бүжиглэж байхаар болсон юм. Дөрвөн хананы цаанаас хэн ч биднийг харахгүй болохоор охид маань сайхан бүжиглэж, хөгждөг байсан. Гэхдээ манай нийгэмд бүжигчид үнэ хүндгүй л дээ. Хүмүүс тэдний бүжиглэхийг нь харж баясдаг мөртлөө тэднийг огтхон ч хүндэлдэггүй.

-Номноос чинь уншихад чиний хүүхэд нас жаргалтай, Сватын амьдрал ч үлгэрийн юм шиг сайхан байсан санагддаг. Харин боловсролын төлөө, хүний эрхийн төлөө тэмцэгч болж хувирахад юу чамайг хөтөлсөн бэ?
-Сват бол миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй газар. Одоо би нутагтаа буцаж очих боломжгүй байгаа учраас бүр ч үнэ цэнэтэй санагдаж байна. Манай нутаг өндөр сайхан уулс, гол горхи, ногоон тал гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Миний хувьд хоёр диваажин байдаг гэж боддог. Нэг нь хойд насны диваажин. Харин нөгөөх нь манай Сват. Би бүх хүмүүсийг Сватад очиж үзээрэй гэж хэлмээр байна. Яг л кинонд гардаг шиг амар тайван хотод маань гэнэтхэн л муу муухай хэрэг гардаг болсон. Муу хүмүүс гарч ирж, биднийг амар тайван байлгахаа больсон. Тэд хүмүүсийг сахлаа хусч болохгүй, үсээ тайруулж болохгүй, хумсаа будаж болохгүй гээд энгийн зүйлсийг хүртэл хорьж цагддаг болсон.  Тиймээс би BBC-д блог хөтөлж, Сватад юу болж байгаа тухай өдрийн тэмдэглэлээ бичдэг болсон. Зөвхөн би ч биш, манай найзууд ч гадаадын хэвлэлд Сватад юу болоод байгааг ярьдаг байсан. Энэ нь кинонд манай талын баатрууд дайснуудаа дараад бүх зүйл сайхнаар төгсдөг шиг Сват ч урьдын  адил амар тайван болоосой гэж бид бүгд хүссэнийх юм.

-Одоо Бирмингэмын тухай ярья. Анх эндэхийн эмнэлгийн орон дээр сэрэхдээ хамгийн түрүүнд юу бодсон бэ?
-Сэрээд хартал эргэн тойронд баахан эмч, сувилагчид байсан. Тэдний англиар ярихыг сонсоод Пакистанд байхгүй байна гэдгээ мэдсэн. Тэгээд Аллах бурхандаа талархсан. Амьд байгаадаа, амьсгалж байгаадаа баярлаж талархсанаа бурхандаа хэлсэн. Гэхдээ энэ баярласан сэтгэл удалгүй эмнэлгийн төлбөрийг хэн төлөх болж байна аа гэдэг санаа зовнилоор солигдсон. Аав маань дэргэд байхгүй. Гэтэл надад төлөх мөнгө байдаггүй. Тэгээд аав маань хүмүүсээс зээл аваад, эсвэл сургуулийн байшин, гэрээ зараад намайг ийш нь явуулж дээ гэж бодогдсон. Тэгтэл нээрээ сургуулийн байр, манай байшин хоёрыг түрээслүүлсэн шүү дээ гэж бодогдоод аав ер нь яасан юм бол оо, миний мөнгийг одоо хэн төлнө өө гэж дахиад л санаа зовж эхэлсэн. Ингээд яг 10 хонож байтал аав ирсэн.  Эмнэлэгт байхад би яг л жаахан хүүхэд шиг болчихсон байсан. Нялх хүүхэд ярьж, явж чаддаггүй шиг би ч бас юу ч хийж чадахгүй байсан. Миний хүзүүнд амьсгалын гуурс суулгасан байсан болохоор ярьж чадахгүй бичгээр хүмүүстэй харилцаж байсан. Тэгээд аажмаар ярьж эхлэхэд миний хэл яриа, дуудлага огт өөр болчихсон байсан. Би олон англи үг мартсан. Миний зан ааш ч яг жаахан хүүхэд шиг болсон. 

-Энэ бүхэн чамайг айлгасан уу. Өмнөх шигээ хэвийн амьдарч чадах болов уу гэж эргэлзэж байсан уу?
-Үнэхээр хүнд хэцүү цаг үе байсан ч би ерөөсөө айгаагүй. Харин гуравдугаар сард болох шалгалтандаа л их санаа зовж байсан.

-Бүр шалгалт бодож байсан хэрэг үү?
-Тийм ээ, жилийн эцсийн шалгалт хүүхдүүдийн хамгийн их санаа зовдог зүйл шүү дээ. Пакистанд энэ шалгалт их чухал. Шалгалтдаа сайн авбал дараа их сургуульд ороход хэрэгтэй байдаг юм. Тийм болохоор аавыг Пакистанаас нааш ирэхээс өмнө миний физикийн номыг авчраарай гэж захиулсан гээч.  Би Бирмингэмд ерөөсөө удна гэж бодоогүй, их л удаж нэг сар болоод л гэртээ харина гэж бодож байлаа.

-Шархдаад эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа эрэгтэй хүүхэд болж төрөхгүй яав даа гэж харамсч байсан уу?
-Ямар хачин асуулт вэ. /инээв/ Эмнэлэгт үнэхээр хүнд байсан ч би хэзээ ч тэгж бодож байгаагүй ээ.

-Талибанчууд чамайг буудсан тэр агшинг номондоо дүрслэн бичсэн байсан. Сум чиглэн ирэх үед найзынхаа гарнаас чанга гэгч нь зуураад зогсч байсан гэж...
-Тэр явдлыг мартаж чадсандаа би тархиндаа, оюун санаандаа талархдаг шүү. Би одоо өөрийгөө талибуудад буудуулсан охин гэж боддоггүй. Харин болсон явдлыг найз охин минь надад сүүлд ярьж өгсөн л дөө. Бид хичээлээ тараад гэр рүүгээ явж байхад замын нөгөө талд хоёр эрэгтэй зогсч байсан. Тэд бараг насанд хүрээгүй шахам хөвгүүд байсан л даа. Уг нь, тэр үеэр гудамж хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Гэтэл тэр өдөр ямар ч хүнгүй, зөвхөн тэр хоёр хүү л зогсч байсан. Тэгснээ тэр хоёр манай автобусыг зогсоогоод жолоочтой нь хэдэн үг солиод хойшоо бидэн рүү хүрээд ирсэн. Тэгснээ “Малала аль нь вэ” гэж асуусан. Охид юу ч хэлэхгүй над руу хараад, харин би босч “Би Малала байна” гэж хариулахын завдал өгөлгүй тэр над руу буудсан. Тэр гурван удаа буудсан. Эхний сум духны зүүн хэсгийг онож нөгөө хоёр нь манай найз Кайат, Шазиа хоёрыг оносон. Би хамгийн сайн найз Нийва дээр ойчсон гэсэн. Буун дуу сонсоод жолооч бидэн рүү гүйж ирээд шууд эмнэлэгт хүргэсэн байсан. Эмч нар намайг үзэж, тусламж үзүүлж байх үед би комд ороод, ямар ч ухаангүй болсон л доо. Би тэр үед юу болсныг санадаггүй. Гэхдээ зарим нэг дүрс зураглал яг л киноны хальс шиг үе үе санаанд буудаг. Намайг тойроод баахан эрэгтэй хүмүүс шавсныг санадаг. Тэр дундаас би аавыгаа хайж байж олж хараад сая л нэг санаа амарсан. Тэр үед ганцхан аав минь л намайг ойлгох юм шиг санагдаж байсан. Уг нь тэр өдөр сургуульдаа явсан, маргаашийнхаа шалгалтад санаа зовсон, гэртээ харина даа гээд автобусанд суусан жирийн л нэг өдөр байсан. Гэртээ харих гэж ингэж их удах юм гэж огт бодоогүй. Гэрээс гарахдаа тал өндөг идээд явсан тэр өглөө Сватад өнгөрүүлсэн сүүлчийн өдөр байж дээ.
 
-Малала, чи одоо энэ бүхний эцэст талибууд дахиж амь насанд аюул учруулах вий гэж эсвэл шөнө харанхуйд ганцаараа байхаас айдаг уу?
-Үнэнээ хэлэхэд би сүнс чөтгөрөөс бага зэрэг айдаг. Пакистанд пидиан гэж нэрлэдэг л дээ. Бас шашака гээд чөтгөр ч бий. Хааяа харанхуйд сүнс чөтгөр бодож айх үе байдаг.

-Харин Талибуудаас?
-Огтхон ч айхгүй.

-Талибанчууд яагаад охид, эмэгтэйчүүдийг сургуульд явахыг тэгж эсэргүүцээд байдаг юм бол?
-Тэд биднээс айж байгаа. Эмэгтэйчүүд хүчтэй болохоор боловсрол мэдлэгтэй болчихвол өөрсдөөс нь бүр илүү хүчирхэг болно гэж айж байгаа юм. Террористууд эмэгтэйчүүдийг нийгмийн хөгжилд оролцуулах дургүй. Тэд биднийг зөвхөн хоол хийгээд, гэрийнхнээ асраад, хүүхэд төрүүлээд сууж байх ёстой гэж боддог. Гэвч эмэгтэй, эрэгтэй хүмүүс төрөлхөөсөө эрх тэгш байхаар заяагдсан. Хүмүүсийг зөвхөн биеийн онцлогоор нь ялгаж шүүж болохгүй. Эмэгтэйчүүд бол үнэхээр хүчирхэг хүмүүс. Тэд бүхэл бүтэн амьдрал бий болгодог. Эрэгтэйчүүд үүнийг чадах юм уу, үгүй. 

-“I am Malala” номноос бүхий л дэлхий даяараа чамайг сайн таних боллоо. Тэгээд чамайг насандаа баймгүй ухаалаг, хэрсүү хүүхэд гэлцэж байна. Чи эмэгтэйчүүдийн эрхийн талаар ээждээ хүртэл сургадаг гэсэн байх аа?
-Хэрэв ээж бид хоёр гудамжинд явж байгаад над руу эрэгтэй хүн харвал ээж “Малала, чам руу тэр эрэгтэй хараад байна, хурдан нүүрээ халхал, юу хийгээд байна аа” гэж загнадаг. Харин би ээжид “Хэрвээ тэр над руу харж байгаа бол би ч бас түүн рүү харна” гэдэг.

-Тэр үед ээж чинь юу хэлдэг вэ?
-Ээ бурхан өршөө, ээ бурхан өршөө гэдэг.

-Чамайг талибанчуудад буу­дуул­­сан тэр өдөр ээж чинь бичиг үсэг сурч эхэлж байсан гэдэг, энэ үнэн үү?
-Ээж минь уг нь сургуульд сурах юмсан гэж хүсдэг байсан гэсэн. Гэвч зургаахан настай байхад нь түүний бүх номыг зарчихсан юм билээ. Тэр үед ээж боловсрол ямар чухал гэдгийг мэддэггүй, гэрийнхэн нь ч “Сургуульд яв, номоо зарж болохгүй” гэж хэлээгүй байж. Гэхдээ ээж минь аавтай гэрлээд, хүүхдүүдээ хүмүүжүүлж байхдаа боловсрол ямар чухал болохыг ойлгож мэдэрсэн хүн. Тийм ч учраас бичиг үсэг сурахаар шийдээд, яг тэр өдөр хичээллэж эхэлж байсан юм. Гэхдээ тэр Бирмингэмд ирээд дахин эхэлсэн л дээ. Ээж минь хэдий өндөр боловсрол мэдлэг олж аваагүй ч маш сайхан хүн.

-Чиний хамгийн дуртай хичээл юу вэ. Хүмүүс чамайг маш ухаалаг, авьяаслаг охин гэж боддог учраас ингэж асууж байгаа юм?
-Би физикт дуртай. Гэхдээ дуртай хи­чээлдээ тийм ч сайн биш л дээ. Фи­зикийн юу нь гоё гэхээр зөвхөн үнэнийг л хэлдэг. Тэгээд бас маш том ойл­голтыг 2-3-хан үгэнд багтаагаад л томъёолчихдог. F нь М-тэй тэнцүү гээд л.

-Тэгвэл чиний хамгийн дуртай ном юу вэ?
-Би ном унших дуртай. Гэхдээ Америк хүүхдүүдтэй харьцуулвал бидний уншсан ном дэндүү цөөхөн л дөө. Яагаад гэвэл бидэнд ном бараг байдаггүй. Сватад бол 9-10 ном уншсан хүүхдийг маш ухаантай гэдэг. Намайг л гэхэд 10 ном уншсан үнэхээр мундаг хүүхэд гэдэг байсан. Тэгтэл Их Британид ирээд хүмүүс хэдэн зуун, хэдэн мянган ном уншсан гэхийг сонсоод одоо тэдэнтэй өрсөлдөх хэрэг гараад байгаа. /инээв/ Миний хамгийн дуртай ном бол Пауло Коэлогийн “Алхимич”. Энэ номонд хэрэв чи хүсэл зорилгодоо үнэнчээр зүтгэвэл хорвоо ертөнц ч бас чамд дэмжиж туслах болно гэдгийг харуулсан болохоор дуртай байдаг юм. Би бас Афганистан, Пакистан дахь охидын амьдралыг харуулсан “Софигийн ертөнц”, “Миний нэрийг Парвана гэдэг” зэрэг номд дуртай.

-Уг нь чамайг эмч болохыг хүсдэг байсан. Гэвч энэ мөрөөдлөө орхиод улстөрч болохоор шийдсэн гэж сонссон юм байна?
-Эмч болвол сайхан л даа. Гэхдээ цаг үргэлж эмчээр л ажиллана гэдэг хэцүү. Нарийн цагийн хуваарьтай ажил­лах учраас нийгмийн ажилд цаг заваа зориулж чадахгүй. Тиймээс би улс төрийг сонгосон. Яагаад гэ­вэл улстөрчдийн хийдэг ажил нь л ярих шүү дээ. /инээв/ Хэрвээ би эмч болчихвол над шиг буудуулж шар­хадсан цөөн хэдэн өвчтөнд л тус хүр­гэж чадна. Харин улстөрч болвол над шиг охид буудуулах шалтгаан гар­­гах­гүй байх арга замыг эрж хайх болно. 

-Малала, чиний хамгийн их хүсдэг зүйл болох охидыг боловсролтой болгохын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Охид яагаад сургуульд явахгүй байгаа шалтгааныг бодоод үзвэл ихэвчлэн ядуурлаас үүдсэн байдаг. Ядуугаасаа болоод хүүхдүүд ажил хөдөлмөр хийх ёстой болдог. Нэг бол мөнгөний төлөө хүүхдүүдийг худалддаг. Хоёр дахь гол шалтгаан бол улс үндэстнүүдийн соёл, уламжлал. Ингэхдээ ихэвчлэн шашны нэрийг барьдаг. Тиймээс хүмүүсийн бодол санааг өөрчлөх ёстой. Мэ­дээж хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх амаргүй байх болно. Гэвч террористууд хүртэл өөрсдийн үүргээ амжилттай биелүүлээд байхад бид яагаад тэднээс илүү байж чадахгүй гэж. Хүмүүсийн мунхаг, бурангуй үзэл бодлыг өөрчлөхийн тулд хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Зураач, уран бүтээлч хүмүүс өөрийн бүтээлээр боловсролын тухай мессэжийг хүн төрөлхтөнд тараах хэрэгтэй. Дуучид бол дуугаараа өгүүлэх хэрэгтэй. Хөгшин, залуу хэн ч бай энэ ажилд оролцож, дуу хоолойгоо илэрхийлэх ёстой. Энэ бол иргэний үүрэг. Ихэнх хүмүүс улстөрчдийг л буруутгаад сууж байдаг. Үнэндээ энэ нийгмийн хөгжилд иргэдийн өөрсдийнх нь оролцоо маш чухал. Сватын хүн ард алан хядлагаас болж зовж зүдэрч байхад бид өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлдэг байсан. Биднийг сонсох хүн байгаа үгүйг ч мэдэхгүй мөртлөө үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Ингэж илэрхийлэх нь бидний үүрэг гэж бид боддог байсан юм. Хэрэв бид өөрсдөө л юу ч хийхгүй бол, юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Бид бичиж болно, үгээ хэлж болно, ямар нэг үйлдэл хийж болно. Бидэнд асуудалтай тэмцэх олон янзын арга байна.

-Одоо чамайг дэлхий нийтээр сонсдог болсон. Тэгэхээр дэлхийн том удирдагчид ч чамайг сонсч байгаа. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
-Хэрэв үнэн зүрхний угаас үгээ хэлье гэвэл Пакистан, Афганистанд зовж зүдэрч байгаа хүмүүс АНУ-ын Засгийн газарт үнэхээр их уурлаж бухимдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Терроризмтай тэмцэх арга нь буу шийдэм биш гэж би боддог. Хэрэв та нар үнэхээр дайныг төгсгөхийг хүсч байгаа бол улсынхаа мөнгийг зэвсэг техник авах, цэрэг армиа санхүүжүүлэхэд бус, номонд, сургуульд, багш нарт, хүүхдүүдэд зориулах хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг. Бид тэднийг өөрсдийн үзэл бодлоор шийдвэр гаргаасай гэж хүсэхгүй байна. Харин бидний хэлснийг сонсч, бид юу хүсч байгааг асууж шийдвэрээ гаргадаг байгаасай гэж хүсдэг. Тэгээд буугаар биш, бал харандаагаар тэмц гэж хэлмээр байна.

-Чиний байгуулсан “Малала” сан одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Бид Сватад эхний төслөө хэрэгжүүлж байгаа. Өмнө нь хөдөлмөр эрхэлж байсан 40 гаруй охидыг бид сургаж эхэлсэн. Бидний ажлыг олон сайхан хүн дэмжиж, туслаж байгаа. Дэлхийн банк гэхэд 20 сая ам.доллар хандивласан.

-Чам шиг охидтой боловч тэдний төлөө юу хийхээ мэдэхгүй байгаа аавуудад хандаж үг хэлээч?
-Миний аав бол үлгэр жишээ эцэг хүн. Аав маань ингэж хэлдэг юм. “Охидынхоо төлөө юу ч битгий хий. Харин нэг л зүйлийг хийж болохгүй. Охидынхоо даль жигүүрийг л тасдаж болохгүй. Даль жигүүрээ дэлгэн нисэхийг нь хараарай” гэж бусад аавд хэлдэг.

-За ингээд эцэст нь Пакистаны ирээдүйн Ерөнхий сайдтай ярилцлаа гэж хэлж болох уу. Нэгэнт чи ирээдүйд улстөрч болно гэсэн юм чинь?
-Тийм ээ, би Пакистаны Ерөнхий сайд болохыг хүсдэг. Тэгээд боловсрол, эрүүл мэндийн салбар гээд улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Ухаантай,зорилготой,зоригтой охин юмаа.Бахархаж байна.Хүн бүхэн энэ охин шиг байж чадвал дэлхийн хүмүүс амар амгалан оршин тогтнох байхдаа.Манай Улсын Их Хурлын гишүүд болон бусад дарга нар энэ охиноос үлгэр дуурайл аваасай!!!
Хамгийн их уншсан