Испанийн зүүн хойд нутагт оршин суудаг каталончууд тусгаар тогтнох эсэхээ бүх нийтээс албан бусаар санал асуулаа. Испанийн хууль шүүхийн байгууллагаас санал асуулгыг хууль бус гэж зарласан боловч энэ үйл ажиллагаанд саад болох гэсэн ямар ч үйлдлийг тэвчихгүй гэдгээ Каталонын удирдагч Артур Мар урьдчилан сануулсан юм.
Ямартай ч, каталончууд санал асуулгаа явуулсан бөгөөд сайн дурынхан зохион байгуулсан санал хураалтаар иргэдээсээ “Каталоныг Испанийн нэг муж хэвээр үлдээхийг хүсч байна уу эсвэл тусгаар тогтносон улс болохыг дэмжих үү” хэмээн асуусан юм. Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой санал асуулгыг ямар ч үр дүнд хүргэхгүй гээд үүний оронд Үндсэн хуулийн хүрээнд улсынхаа эв нэгдлийг сахихыг уриалж байгаа. 7,5 сая хүн амтай, баян чинээлэг Каталон муж бол Испанийн төсвийн ихээхэн хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэл, бизнес өндөр хөгжсөн газар. Сүүлийн жилүүдэд Испанийн эдийн засаг сайнгүй байгаа нь каталончуудын салан тусгаарлах гэсэн үзлийг бүр дэвэргэх болсон. Каталон мужийнхан 2006 онд өөртөө “улс” гэдэг статус олгосон боловч 2010 онд Испанийн Үндсэн хуулийн цэцээс энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн билээ.