Берлиний хана нурсны 25 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Бранденбургийн хаалганд томоохон хэмжээний шоу арга хэмжээ болж, канцлер Ангела Меркел оролцсоноос гадна ойд зориулсан концерт, үзэсгэлэн гээд олон үйл явдал болжээ. Ойн арга хэмжээнүүдэд Ангела Меркелээс гадна хуучин Зөвлөлтийн үеийн удирдагч Михаил Горбачев, Лех Валеса нар оролцсон байна. М.Горбачев энэ өдөр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхий ертөнц дайны ирмэг дээр ирээд байна. Зарим нэг нь бүр дайн эхэлсэн ч гэж хэлж байна” хэмээн анхааруулаад “Украин болоод Ойрхи Дорнод дахь цус урсгасан мөргөлдөөн маш их санаа зовоож байна” гэж мэдэгджээ.
Коммунист зүүн Германаас баруун Герман руу чиглэсэн хүмүүсийн урсгалыг зогсоох гэж 1961 онд барьсан Берлиний ханыг 1989 онд нураасан нь дэлхий дахинаа хүйтэн дайн дууссаны бэлгэдэл болсон билээ. 155 км урт үргэлжилсэн энэ хананаас өдгөө гурван километр орчим нь үлдсэн. 25 жилийн ойгоор хана байсан газар цагаан өнгийн гэрэлтдэг хийн бөмбөлгүүд тавьж, ёслолын ажиллагааны үеэр Бетховены есдүгээр симфонийн аялгуу дээр бөмбөлгүүдийг агаарт хөөргөжээ.