НҮБ-ын цагаачдын асуудал эрхэлсэн агентлагаас дэлхий даяар оршин сууж буй харьяалалгүй иргэдийн асуудлыг ирэх 10 жилийн хугацаанд нэг мөр шийдэх кампани эхлүүллээ. Харьяалах улс оронгүй, иргэний үнэмлэх, паспортгүй 10 сая гаруй иргэн бий гэсэн байдаг. Тэдэнд зохих ёсны бичиг баримт, харгалзан харьяалах улс орон үгүй учраас наад захын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, боловсрол эзэмших, улс төрийн эрхээ эдлэх аргагүй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа боловч үүний өмнө хэн хариуцлага хүлээх нь бас л тодорхой бус байдаг. Тиймээс энэ нөхцөл байдлыг ирэх 10 жилийн дотор бүрэн үгүй хийж, тэднийг ямар нэг харьяалалтай болгохоор НҮБ ажиллаж байна.
Ийнхүү иргэний харьяалалгүй иргэдийн тоо буурахгүй тогтмол 10 сая орчимд хэлбэлзэж байдаг нь зарим улс орон үндэсний цөөнхөө ялгаварлан гадуурхдагаас, шашин шүтлэгийн ялгаа зөрүүнээс шалтгаалахаас гадна 27 оронд эмэгтэйчүүдийг төрсөн хүүхэддээ өөрийн иргэншлийг шилжүүлэн өгөхийг хуулиар хориглосонтой ч холбоотой байдаг аж.
Харьяалалгүй иргэд хаана, хэрхэн оршин сууж байна вэ?
Мьянмар:Мьянмарын баруун хэсгийн Рохингя мужид лалын шашинтнууд амьдардаг юм. Хүн амын дийлэнх нь буддын шашин шүтдэг энэ улсад лалын шашинтнуудад иргэншил олгохыг хориглосон хууль 1982 онд батлагджээ. Мьянмарын цэргийн эргэлт, улс төрийн дарангуйллын улмаас зовж зүдэрсэн лалын шашинтнуудын багагүй хэсэг нь 1990-ээд оны эхээр Бангладеш руу дүрвэсэн ч Мьянмарт сая хүртэлх тооны хүн одоо хүртэл амьдарч байна. Тэд бүгд иргэншилгүй.
Кувейт: Тус улсыг 1961 онд тусгаар тогтнолоо зарлахад Кувейтийн газар нутаг дээр амьдарч байсан нүүдэлчин Бедоуин омгийн хэдэн арван мянган хүн иргэншил авч чадаагүй хоцорсон юм. Кувейт болон бусад оронд энэ омгийн 93-140 мянган хүн иргэншилгүй амьдарч байгаа гэсэн тоо бий. Тэд сүүлийн жилүүдэд иргэншлээ тогтоолгож, иргэний эрхээ олж авахын тулд янз бүрийн хөдөлгөөн хийдэг болсон.
Зааны ясан эрэг: XX зууны үед Зааны ясан эрэгт кофе, хөвөн даавууны тариалан ид цэцэглэж байх үеэр хажуугийн Буркина Фасо, Мали, Гана зэрэг орноос хэдэн сая хүн цагаачлан ирж ажилладаг байв. Тиймдээ ч одоо тус улсын хүн амын дөрөвний нэгийг гадаад удам угсааныхан эзэлдэг. Хэн нь жинхэнэ Зааны ясан эргийн хүн бэ, хэн нь харийн цагаачдын үр удам вэ гэдэг маргаан энэ улсад хоёр ч удаа иргэний дайн гарахад нөлөөлсөн түүхтэй. Энэ зөрчил маргаанаас үүдэн одоо тус улсад иргэний харьяалалгүй 700 мянган хүн амьдарч байна.
Сири: 1962 онд нутгийн зүүн хойд хэсэгт оршин суудаг курдуудын иргэншлийг хүчингүй болгосноор тэд аль ч улсад харьяалагдахаа больсон юм. Сирид иргэний дайн гарахаас өмнө иргэншилгүй 300 гаруй мянган курдууд амьдарч байв. Ерөнхийлөгч Башар Асад курдуудэд Сирийн иргэншил өгнө хэмээн амласан боловч сүүлийн жилүүдэд иргэншилгүй курдуудын тоо буурч байгаа нь үүний үр дүн биш харин дайны хөлөөс дүрвэн нүүгсэд олширч байгаатай холбоотой гэдэг.
Тайланд: Тайландын алс бөглүү Мьянмар, Лаостой хил залгаа уулархаг газраар амьдардаг Яо, Хмон, Карен зэрэг омгийн хүмүүс огт иргэншилгүй амьдардаг байна. Тайландын хүн амаас өөр хэл аялга, соёл, зан заншилтай эдгээр омгийн нийт хүн ам 500 мянга давжээ. Тэдэнд Тайландын Засгийн газар иргэний үнэмлэх олгохоос татгалзаж, улсын ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй байна.
Доминикан: Тус улсын шүүхээс 2013 онд нэгэн шийдвэр гаргасан нь 210 мянган хүнийг иргэншилгүй болгож орхижээ. Тус улс өөрийнх нь газар нутаг дээр төрсөн боловч Гайтигаас гаралтай хүн бүхэнд иргэншил олгохоос татгалзжээ.
Ирак: Иракт оршин сууж буй иргэншилгүй иргэдийн тоог 120 мянга гэдэг. Гэхдээ энэ тоо их эргэлзээтэй. Иргэншилгүй хүмүүсийн дийлэнх нь курд үндэстэн байдаг.
Эстони, Латви: ЗХУ задран унахад Балтийн шинээр тогтсон улсуудад олон зуун мянган орос иргэд иргэний харьяалалгүй үлдэж хоцорчээ. Ялангуяа Эстони, Латвид амьдарч байсан оросуудын хувьд иргэншил олж авах амаргүй байсан бөгөөд тэднийг байнга ялгаварлан гадуурхсаар иржээ. Үүний улмаас одоо Эстонид 90, Латвид 280 мянган хүн иргэншилгүй үлджээ.
Европ: Европчуудын шүдний өвчин болоод байгаа цыганчууд бол иргэншилгүй хүмүүсийн тод жишээ. Энэтхэгээс гаралтай зүүн Европт голцуу оршин суудаг энэ үндэстнүүд омог омгоороо Европын нэг орноос нөгөө рүү нүүдэллэн, хаана ч хамаагүй урц майхнаа босгоод амьдардаг. Цыган гэр бүлүүд шинэ төрсөн хүүхдээ барагтай л бол бүртгүүлдэггүй, ямар нэг бичиг баримт авдаггүй.
Малайз: Малайзын Сабах мужид төрсөн хэдэн арван мянган хүүхэд иргэний харьяалалгүй амьдарч байна. Тэдний эцэг эх нь Индонези, Филиппинээс гаралтай болохоор Малайзын иргэншил авч, энэ улсын иргэдтэй ижил тэгш эрх боломжгүй ажээ. Тэд сургууль явж чаддаггүй, эмнэлэгт хандаж чаддаггүй. Зөвхөн эцэг эхийнхээ замаар тариалангийн талбайд ажиллах хувь тавилан л хүлээж байдаг аж.