Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эсэргүүцлийн жагсаал үймээн болж хувирчээ


Францын Нант, Тулуз хотод олон мянган хүнийг хамарсан үймээн болжээ. Өнгөрсөн долоо хоногт Нант хотын ойролцоо голыг хааж далан босгохыг эсэргүүцсэн байгаль хамгаалагчдын жагсаалын үеэр 21 настай Реми Фрессе гранатын дэлбэрэлтэд өртөн нас барсан юм.
Харамсалтайгаар нас барсан Ремигийн дурсгалыг хүндэтгэн Тулуз хотноо явуулсан жагсаал хэт явцуу үзэлт залуучуудын үйлдлээс болж ийнхүү цагдаа нартай хийсэн мөргөлдөөн болж хувирчээ.

Эмгэнэлийн жагсаалын үеэр нүүрээ халхалсан 600 гаруй залуу хөндлөнгөөс түрэн орж, зам дагуух дэлгүүр, банк, машины зогсоолыг түймэрдэн шатааж эхэлсэн байна. Ингээд зогссонгүй эмх замбараагүй байдлыг таслан зогсоохоор ирсэн цагдаа нарын эсрэг шатаагч шингэн бүхий лонх, чулуу нүүлгэж. Хариуд нь цагдаа нар арга буюу бороохой, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Нант хотод болсон эмгэнэлийн жагсаал мөн л цагдаа нартай мөргөлдсөнөөр дуусав. Нант хотын жагсагчид гол хааж шинэ далан барихыг эсэргүүцэхтэй зэрэгцэн бүс нутгийн зориулалттай нисэх буудал барихыг эсэргүүцсэн байна. Нантад нүүрээ халхалсан хэт явцуу үзэлт 800 орчим залуу дэлгүүр, банк, машины зогсоолыг шатааж түйвээн танхайрчээ. Ремигийн дурсгалыг хүндэтгэх гэсэн шалтагтай жагсаал, үймээн Францын бусад хотод мөн болсон ч цуглаж үймсэн хүний тоо харьцангүй цөөн байж.

Нант хотын орчим голыг хаан шинэ далан барихыг Францыг байгаль орчныг хам­гаалагчид гол орчмын байгаль орчныг сүйтгэнэ, далан барьж усжуулах систем байгуулсны ашгийг цөөн хэдэн фермер хүртээд бусад нь юу ч үгүй хоцорно гэж эсэргүүцэж байгаа аж. Далан бари­хыг дэмжигчид бий бол­сон усан санг бүс нутгийн га­зар тариаланг хөгжүүлэхэд нэн чухал гэж байгаа юм байна.
Францын эрх баригчид эдгээр жагсаал, үймээнийг эрс шүүмжилж байгаль орчныг хамгаалахын төлөө амиа алдсан Ремигийн дурсгалыг доромжилсон үйл явдал боллоо гэж мэдэгдэв. Францын Ерөнхий сайд Мануэль Вальс “Энэхүү ардчиллын эсрэг үйлдэл нь улс орныхоо нутаг дээр өөрийн байр суурийг тайван замаар жагсаал хийж илэрхийлэх хууль ёсны эрхийг доромжилсон явдал боллоо” гэсэн тайлбар өгч.

Өрнөд Европын орнуудад улс төрийн янз бүрийн хөдөлгөөн, нэр хүнд, нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоор эрх баригчдын санаачилсан бүх л том бүтээн байгуулалт, төсөв хэмнэхэд чиглэсэн арга хэмжээг эсэргүүцэх нь бараг хэвийн үзэгдэл болсон гэж болно. Ийм эсэргүүцлийн жагсаа­лыг зохион байгуулагчид бүх нийтийн эрх тэгш байдлыг хадгалах, том компаниудын эрх мэдлийг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах гэсэн үндсэн уриатайгаараа бүгд адил. Германаас эхлээд Румын эсвэл Унгар, Польш гээд хаана байгаагаас үл хамаараад ямагт энэ гурван урианы нэгийг чигээ болгосон гэж зарласан байдаг.

Гэвч шалтаг бүгд адил байж болох ч эдгээр эсэргүүцлийн жагсаалд өгч байгаа тайлбар нь гол төлөв эрс ялгаатай хоёр хэсэг болж хуваагддаг. Нэг нь улс төрийн нам иргэдийн бухимдлаар далимдуулан рейтингээ өсгөх, улс орны эсвэл орон нутгийн чанартай сонгуулиар ялалт байгуулах гэж хөөрөгдсөн гэх хардалт. Нөгөөх нь, байгаль орчин, эрх тэгш байдлын нэрийдлээр харь улсын стратегийн нөлөөллийг хэрэгжүүлсэн гэх хардалт. Ийм жишээ олныг дурдаж болно.
Тухайлбал, 2013-2014 онд Герман, Испани, Итали, Кипр, Францад болсон эсэргүүцлийн жагсаалыг нэрлэж болно. Олон зуун мянган хүн оролцсон энэ жагсаал нь иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, халамж, тэтгэлгийг хасах замаар төсвийн алдагдлыг нөхөхийн эсрэг байв. Ажилчдын цалин хөлсийг хасч байгаа атал том банк, корпорацуудад хэдэн тэрбум еврогоор тоологдох тусламж үзүүлж байгааг эсэргүүцэж байлаа. Хувийн компани, банкны хувьцаа эзэмшигч цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалахын төлөө олон зуун саяар өгч байгаа атал олон сая хүний цалин, тэтгэврийг хаслаа гэж уурласан. Европын олон орныг хамран өнгөрсөн жагсаалын хамгийн идэвхтэй оролцогч, өдөөгч нь гол төлөв улсынхаа парламент дахь сөрөг хүчин болсон нам, хөдөлгөөн байлаа. Тэд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцох замаар нөлөөгөө нэмэгдүүлж, эрх баригчдыг “шахаанд” оруулан дараагийн сонгуулиар ялах үндсээ тавьсан. Харин ялалт байгуулсны дараа байр сууриа үндсээр нь өөрчлөх, өмнөх эрх баригчдын явуулж байсан бодлогыг тэр чигээр нь үргэлжлүүлсэн гэж болно.

Германы Дортмунд хотод барихаар болсон төмөр замын том зангилаа, буудлын төсөл үүний нэг жишээ. Иргэд анхандаа Европыг хамарсан хямралын үеэр олон тэрбум евро зарж, төмөр замын шинэ буудал барихыг эсэргүүцсэн. Удалгүй энэ дургүйцлийг “ногоон” хөдөлгөөний улстөрчид өлгөн авч олон арван мянган хүн оролцсон сүрт жагсаал, үймээн болгон дэвэргэж чадсан. Үр дүнд нь “ногоон” гэсэн чимэгтэй нам хөдөлгөөнийхөн орон нутгийн сонгуулиар ялалт авч, олон жилийн турш эрх барьж байсан уламжлалт намуудыг хойш түлхсэн. Харин галт тэрэгний буудал барих төс­­лийг шинэ эрх баригчид халаагүй. Олон нийтийг хамарсан эсэргүүцэл, бухимдлын жагсаал цуглааныг хэрхэн зөв ашиглаж болохын өөр нэг жишээ нь Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийн төрийн өндөр албан тушаалд хүрсэн зам. Тухайн үед Францын Дотоод хэргийн сайд байсан Саркози Францын том хотуудыг хамарсан африк гаралтай цагаачдын дэгдээсэн олон өдрийн үймээнийг маш хатуу дарж байлаа. Ажил хийдэггүй, зөвхөн тэтгэлэг авч гол зогоодог хэдэн зуун мянган хүнтэй дүүрэг, дагуул жижиг хот Францад олон. Эдгээрийн гол оршин суугчид нь Хойд Африк, Ойрхи Дорнодоос гаралтай цагаачид. Ийм газар ямагт гэмт хэргийн уурхай болдог тул уугуул францчууд ихэд уурлаж бухимддаг. Иймд Саркози нь цагаачдын үймээнийг ямар нэг буулт хийлгүй хатуу дарснаар Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр ялалт байгуулах хэмжээний санал авч чадсан юм.

Эрх баригчдын санаач­лан хэрэгжүүлэхээр бол­сон төслийг эсэргүүцэх хөдөл­гөөний өөр нэг жишээ нь Румынд өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн жагсаал. Румыний Пунжшеть  хамтралын хүмүүс өөрийнх нь  мэдлийн газар нутаг дээр Америкийн “Chevron” компани занарын шатдаг хий олборлох ажил эхлүүлснийг эсэргүүцэх жагсаалд олон мянган хүн оролцож, эцэстээ дотоодын цэргийг дайчилж байж дарж байлаа. Занарын хий, занарын шатдаг хийн олборлолттой холбоотой ийм жагсаал Европын олон оронд болсон. Тухай бүрт эсэргүүцлийн жагсаалыг талууд хоорондоо тэс өөр хоёр байр сууринаас тайлбарлаж байв.
Эсэргүүцэгчид жагсаалаа эх нутгаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө гэж бай­сан. Харин эрх баригчид Оро­сын тагнуулууд Европыг “Газпром”-ын шатдаг хий, газрын тосноос хамааралгүй болно гэхээс айсандаа зохион бай­гуулсан гэж буруутгаж байв. Өнгөрсөн жил Энэтхэгт оросуудын барьж өгсөн цөмийн цахилгаан станцыг ашиг­лалтад оруулах сур­гаар орон нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал явуулж, ажилтнуудыг нь станц руу оруулахгүй гэж байв. Үүний дараа Энэтхэгийн Засгийн газар албан ёсны мэдэгдэл хийж улс орныг цаашид тогтвортой хөгжүүлэхэд Оростой гэрээ хийж бариулсан цөмийн цахилгаан станц нэн чухал үүрэгтэй гэсэн. Улмаар энэ станцыг ажиллуулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс улс орноо хөгжүүлэхийн эс­рэг байгаа гэдгийг онцол­сон. Мөн эсэргүүцлийн хө­­дөл­­­гөөнийг Оросын нө­лөөг багасгах зорилгоор өрнөдийн тусгай албадын зохион байгуулсан тусгай ажил­лагаа гэж мэдэгдсэн юм. Орос, Германы хооронд Балтын тэнгисийн ёроолоор шатдаг хий дамжуулах хоо­лой тавигдах тухай дөнгөж яригдаж эхэлж байх шатанд байгаль хамгаалагчид олон оронд энэ хоолойг эсэргүүцэх жагсаал, цуглаан зохион байгуулж байв. Тухай бүрт эдгээр жагсаалыг Оросын нө­лөөг багасгах, байр суурийг нь сулруулах зорилгоор Амери­кийн тусгай албад  зохион бай­­гуулсан гэж тайлбарлаж байлаа. Америкт занарын хий ба газрын тосны олборлолтыг эсэргүүцэх хөдөлгөөн нэг хэсэг газар авахад эсэргүүцлийн хөдөлгөөнийг Оросын тусгай албадын нууцаар санхүү­жүүлсэн төрийн бус байгууллагууд явуулсан гэж тайлбарлаж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан