Маргааш манай улс Үндэсний өгөх өдрийг тэмдэглэх гэж байна. “Өгөх нь авахаасаа өлзийтэй” гэдэг үгээр уриа хийсэн энэ өдрийн өмнө бусдад туслахын сайхныг, өгөхийн гайхамшгийг уншигчдадаа нэг сануулах үүднээс дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн ярилцлагыг хүргэж байна. 82 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө мөнгөө бүгдийг нь бусдын сайн сайхны төлөө зориулна гэж амлан, хаа холын Ази, Африкийн өвчтэй, ядуу буурай хүн ардад гар сунган туслаж явдаг түүний яриа нэгийг бодогдуулах биз ээ. Дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг “Майкрософт”-ыг удирдах ажлаасаа хөндийрч, “Билл ба Мелинда Гейтсийн сан”-даа ажиллах болсон тэрээр дэлхийн тэргүүн баячуудыг өөрийнх нь нэгэн адил хөрөнгийнхөө дийлэнх хувийг бусдад туслахад зориулаач хэмээн “Giving Pledge” аян эхлүүлсэн юм.
-“Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаар дамжуулан Билл Гейтс дэлхийн хамгийн баян бас өгөөмөр хүн гэдгийг дэлхий нийт мэддэг болсон. Та яагаад энэ санг байгуулсан юм бэ?
-1994 онд Мелиндатай гэрлэдэг жил сангаа байгуулж байлаа. 1993 онд Мелинда бид хоёр Африкт анх удаа аялсан юм. Сүй тавьсныхаа дараа бид хоёр ажлаасаа түр хөндийрөөд Африкт очиж, зэрлэг амьтад, жинхэнэ онгон зэлүүд байгалиар аялахыг хүссэн. Африкийн онгон зэрлэг байгаль бидний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн ч ядуурал түүнээс дутахгүй сэтгэл хөндсөн. Аяллынхаа төгсгөлд бид хоёр Занзибарт далайн эргээр алхаж явахдаа ядуурал, тэгш бус байдлын тухай ярилцаад “Ийм байх ёстой гэж үү” гэдэг асуултад хүрсэн юм. Тэгээд ирээдүйд Майкрософтын бүтээсэн баялгийг эргүүлээд нийгэмдээ зарцуулах юм шүү гэж ярилцаж билээ.
-Та өөрийн бүх хөрөнгөө сандаа хандивлана гэж зарласан. Харин танай сангийн үйл ажиллагаа хижиг өвчний эсрэг вакцин гаргахад хамаг анхаарлаа тавьж байгаа. Энэ их мөнгийг хорт хавдар ч юм уу өөр аюулт өвчний эсрэг зориулж болохгүй гэж үү?
-Манай сангийн гол уриа бол “Бүх амь ижилхэн үнэ цэнэтэй”. Өнөөдөр хижиг өвчнөөр нас барагсдын тоо ямар ч хорт хавдрын тохиолдлоос илүү гарч байгаа. Хижиг өвчнөөр гуравхан насандаа хорвоог орхиж буй бяцхан хүүхдийг 70 насандаа зүрхний шигдээс, хорт хавдраар нас барж байгаа хүнтэй харьцуулаад үз дээ. Тэгээд ч дэлхий нийтээрээ хорт хавдрын эсрэг анхаарлаа хандуулж байхад би түүн дээр нэмэгдвэл ямар ч үр дүн гарахгүй.
-Тэгвэл Энэтхэг мэтийн хөгжиж буй оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж үү. Энэ улсаас өнгөрсөн жил гэхэд 70 тэрбумтан төрсөн шүү дээ?
-Өмнөд Солонгос өмнө нь тусламж авдаг орон байсан. Харин одоо бусдадаа тусалдаг боллоо. Хятад ч бас ийм л байсан. Одоо Африкт өгч буй тусламжийн ихээхэн хэсэг нь Хятадаас орж ирж байна. Энэтхэг ч ялгаагүй. Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Тэнд хүүхэд, эхийн эндэгдэл маш өндөр байгаа учраас бид туслах ёстой. Энэтхэгт би Хошман гэдэг халдварт саагаар өвчилсөн охинтой уулзаж байлаа. Тэр гуравхан настай охин хэзээ ч хөл дээрээ зогсч үзээгүй. Бусад хүүхдээс өөр гэдгээ дөнгөж ухаарч эхэлж байгаа насан дээрээ яваа. Тийм хүүхдүүдэд л бид туслахыг хүсч байна. Тусламж хэрэгтэй газар өөрөө очиж, байдлыг нүдээр харах нь чухал. Булчин задрах тахлаар өвчилж, үхлээ хүлээж байгаа хүүхдүүдийг харах ямар аймшигтай гэж санана. Эцэг хүний хувьд тийм зүйлийг харах үнэхээр хэцүү.
-Энэтхэгийн Уттар Прадеш мужид өөрийн биеэр очиж, тусламж өгч байсныг тань санаж байна. Харин тэндэхийн хүмүүс таны хэн болохыг огт мэдэхгүй байсан?
-Тэд намайг таних үгүй нь чухал биш. Гэдэс цатгалан, эрүүл байх гэж ядаж яваа хүмүүст миний хэн байх чухал гэж үү. Магадгүй тэд Майкл Жордан, Мухаммед Алигийн тухай сонссон байх. Харин Билл Гейтс гэсэн нэрийг амьдралдаа ч дуулаагүй биз. Намайг Уттар Прадешт очиход хамт явсан Энэтхэгийн сайдаас “Энэ хэн бэ” гэж нутгийнхан асууж байсан юм. Тэгэхэд “Аан, надтай хамт явж байгаа цагаан арьст залуу байгаа юм” гэж л танилцуулж явсан даа. /инээв/
-Америкт хөрөнгөөрөө тантай өрсөлдөх ганц хүн болох Уоррен Баффет 2006 онд бүх хөрөнгийнхөө 80 хувийг танай сангийн үйл ажиллагаанд хандивлахаар амласан. Яаж ийм зүйл болов оо. Та түүнийг яаж орхисон хэрэг вэ?
-Уоррен миний дотны найз. Тэр уг нь бүх хөрөнгө мөнгөө эхнэр Сюзигийнхээ мэдэлд өгөөд, түүнийг сайн үйлсэд зарцуулаг гэж бодож байсан юм. Харамсалтай нь, эхнэр нь нас барж, түүний мөнгийг зарцуулах том үүрэг бидэнд ирсэн хэрэг л дээ. Хэрэв мөнгийг минь ямар нэг сайн зүйлд зарцуулах үүрэг хүлээгээд түүнийхээ төлөө надаас ямар нэг хөлс мөнгө авахгүй гэж байгаа бол болж байна аа гэж тэр хэлсэн. Бид тэр үгийг сонсоод бүр ангайж орхисон доо. Үнэхээр итгэмээргүй явдал болсон. Түүний энэ хандивын тусламжтайгаар сан маань үйл ажиллагаагаа огцом тэлэх боломжтой болсон.
-Гэхдээ тэр үед та ч бас бүх хөрөнгийнхөө 95 хувийг сангийнхаа үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл бусдын төлөө зарцуулна гэдгээ амлачихсан байсан шүү дээ. Та хоёрын энэ өгөөмөр санаачилга бусад тэрбумтныг ч өөрсдийн аянд нэгтгэж эхэлсэн. Тэрбумтнуудад хандсан “Giving Pledge” санаачилга хэр явж байна?
-Одоогоор 120 тэрбумтан өөрийн хөрөнгийн тодорхой хувийг бусдын төлөө зориулна гэдэг амлалт өгөөд байна. Бид жил бүр цуглаад юу хийх гэж байгаагаа, хэнд ямар тустай зүйл хийж буйгаа ярилцдаг болсон. Олон арван хүн сайн санааны үйлсэд нэгдэж байгаагийн нэг сайхан нь тэд янз бүрийн санаачилга гаргадаг. Эцсийн эцэст өмнөх цаг үед өглөгч сайхан сэтгэлт хүмүүс байсны ачаар өнөөгийн дэлхий дахины амьдрал урьдынхаас илүү дээр болсон шүү дээ. Түүн шиг бид ирээдүйд амьдрах үр хүүхдийнхээ амьдралыг илүү гэгээлэг болгохын тулд өнөөдөр өөрсдийн хурааж хуримтлуулсан мөнгийг зарцуулах хэрэгтэй. Нийгмийн хамгийн баян чинээлэг хэсгээс хамгийн ядуу дорой хэсэгтээ хөрөнгө мөнгөө зарцуулж, тэгш бус байдлыг өөрчлөх нь хамгийн зөв үйл хэрэг.