Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн гуравдугаар дайн гарсан ч хүн ам цөөрөхгүй

Дэлхийн хүн ам хэдий хэмжээнд байвал байгаль орчинд хэт ачаалал өгөхгүй, аюулгүй хэмжээнд очихыг тогтоохын тулд Аделаидын их сургуулийн хоёр судлаач компьютерийн загварчлал гарган тооцож үзжээ. Энэ загварчлалын үр дүн нь тийм ч сайнгүй гарсан байна. Тухайлбал, төрөлтийг эрс хатуу хязгаарлаад дээр нь олон сая хүний аминд хүрсэн осол сүйрэл гарлаа ч дэлхийн хүн ам хамгийн багаар бодож ахин 90 жилийн хугацаанд одоогийнхоос цөөрөхгүй. Энэ талаар илүү дэлгэрэнгүй өгүүлье. Эрдэмтэд загварчлал гар­гахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарга­сан статистик, улс орны хүн амын тооллогын өгөгдлүүдийг ашиглаад 2100 он хүртэл үйл явдал хэрхэн өрнөх янз бүрийн хувилбаруудыг тооцон үзэж.

Ингэхэд дэлхийн улс болгон “Нэг айл- нэг хүүхэд” гэсэн бодлогыг хатуу хэрэгжүүлж эхэлсэн ч дэлхийн хүн ам 2100 он хүртэл одоогийнхтой ойролцоо буюу бага зэрэг өссөн хэвээр байна. XXI зууны дундуур буюу 2050 оны үед осол, сүйрэл гэх мэт шалтгааны улмаас хоёр сая хүн гэнэт үгүй боллоо ч дэлхийн хүн ам өссөн хэвээр байх бөгөөд 2100 он гэхэд 8,5 тэрбумд хүрнэ.

Ингээд ч зогсохгүй компьютерийн загварчлалын дагуу Дэлхийн нэг ба хоёрдугаар дайны үед амь үрэгдсэнтэй тэнцэх хэмжээний хүний аминд хүрч, таван жи­лийн турш үргэлжлэх дэлхийн гуравдугаар дайн дэгдлээ ч хүн амын өсөлт зогсохгүй гэсэн хариуг хараад эрдэмтэд өөрсдөө ихэд гайхсан гэнэ.
Төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авахгүй, хүн ам үй олноор амиа алдах үзэгдэл гарахгүй бол XXII зуун гэхэд дэлхийн хүн ам 11-12 тэрбумд хүрнэ гэдгийг эрдэмтэд тооцож. Гэтэл одоо долоон тэрбум хүрсэн үедээ л хүн төрөлхтний зүгээс дэлхийн байгаль орчин, эрдэс баялгийн нөөцөд үзүүлж байгаа ачаалал хэрээс хэтрээд байгааг та бид нүдээр харж байна. “Цагийн сайханд энэ гол чинь ийм өргөн, дотроо зөндөө загастай байлаа” эсвэл “Энэ уул чинь битүү мод байсан юмсан”  гэх харуусал дагуулсан үгс Монголоос эхлээд, Орос, Хятад, Америк хүртэл хаа сайгүй сонсогдож байгаа нь үүний нэг гэрч.
Хэрэв төрөлт одоогийн түвшинд хэвээр үлдвэл Африк, Өмнөд Азийн орнууд улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүн амаа тэжээхтэй холбоотой асуудалд хамгийн ихээр унана гэдгийг эрдэмтэд анхааруулсан байна.

Энэхүү судалгааг явуулсан шинжээч Кори Брэвшоу “Дэлхийн хүн ам сүүлийн зуун жилийн дотор хэт өндөр эрчимтэйгээр өсөн нэмэгдэх болсноор дэлхийн түүхэнд амьдарч байсан нийт хүн амын 14 хувь нь одоо дэлхий дээр аж төрж байна. Энэ үзүүлэлт нэгийг бодогдуулах ёстой. Ийм олон хүнийг хооллож чадахгүйд хүрэхээс эхлээд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж, хангаж чадахгүй гэж үздэг. Үүнээс гадна энэ олон хүн цаг агаар болон байгаль орчин хэрээс хэтэрсэн ачаалал өгч байна” гэжээ.

Байдлыг өөрчлөхийн тулд технологийн ба нийгмийн инновацийг нэвтрүүлж бай­галь орчин, цаг агаарт үзүүлж байгаа ачааллыг багасгах хамгийн үр ашигтай байх болно гэж судлаачид үзэж.
Учир нь, дэлхийн хүн амын өсөлтийг байгаль орчин, дэлхий дахинд хор, хөнөөлгүй хэмжээнд хүргэн барих хүн ам зүйн шаардлагатай бодлогыг одоогоос хэрэгжүүлж эхэллээ гэж үзвэл үр дагаврыг нь бүр холын ачийн ачийн ач гэх мэт бүр хойч нь мэдрэнэ. Одоогийн хүн төрөлхтний хувьд хүн ам зүйн иймэрхүү бодлого нэн да­руй өөрчлөлт дагуулахгүй, тийм ч боломжгүй. Иймд бай­галь орчинд үзүүлж бай­гаа нөлөөллийг багасгах, бай­галийн баялгийн хэрэглээг ба­гасгах асуудал дээр голлон ан­­­хаарах нь хамгийн зөв зам болно гэдгийг эрдэмтэд онцлов. Гэхдээ одоо бодит үр дүн өгч эхлэхгүй гээд төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авахаас татгалзаж болохгүй, бэлгийн боловсролын дээшлүүлэх, гэр бүлийн төлөвлөлтийг нэвтрүүлэх арга хэмжээ эрчимтэй авч эхэлбэл 2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлтийг байж болох хэмжээнээс хэдэн зуун саяар цөөлөх боломжтой аж.

Юм болгон хоёр талтай байдаг тул дан ганц төрөлтийг хязгаарлах замаар байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөг багасгах боломжгүй. Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа өөр нэг асуудал нь эрчимтэй хөгшрөлт. Европ тив, Хойд Америк, Азийн зарим орон хөгшрөлт буюу хүн амын дунд ажлын чадвартай хүмүүсийн эзлэх хувь буурах гэсэн ноцтой асуудалтай мөдхөн тулгарахыг эрдэмтэд анхааруулж байна. Өөрөөр хэлбэл ажиллах чадваргүй өндөр настнуудын тоо нэмэгдэж, ажиллах чадвартай өөрийгөө болон өндөр настнуудыг давхар тэжээх ёстой залуучуудын тоо цөөрнө. Энэ өнцгөөс авч үзвэл төрөлтийг хязгаарлах нь хөгшрөлтийн асуудлыг улам л лавшруулна. Тиймээс төрөлтийг аль тив, улсад хэдийд хязгаарлавал зохистой, харин ямар улсад бүр эсрэгээр төрөлтийг дэмжих нь зүйтэй болох тухай үр дүнтэй бодлогыг олон орны эрдэмтэн дэлхийн хэмжээнд ажиллаж байж л гаргах боломжтой байх.

Жишээлэхэд, манай урд хөршийн 1,36 тэрбум хүний ердөө 17,1 хувь нь 15 ба түүнээс бага насны хүүхдүүд. Өөрөөр хэлбэл хүн амын хөгшрөлтийн асуудал нэлээд ноцтой болж ирсэн. Одооноос л яаралтай арга хэмжээ авч эхлэхгүй бол 50-60 жилийн дараа гэхэд тэрбум гаруй өндөр настныг хэн тэжээж, хэн ажиллах, хэн хамгаалах тухай асуудал нэн хурц болно. Иймд Хятадын эрх баригчид “Нэг айл-нэг хүүхэд” гэсэн бодлогоос татгалзан хоёр дахь хүүхэд төрүүлэхийг залуу гэр бүлд зөвшөөрсөн. Энэ бодлогын үр дүнд ойрын таван жилд төлөвлөж байснаас “илүү” 270 мянган хүүхэд төрөхөөр болжээ. Төлөвлөж байснаа давж гарсан хүүхэд төрөх “Төрөлтийн давалгаа” буюу “Бэби бум” дараа жилээс эхэлнэ гээд Төрөх газруудын ачаалал даах чадвар, цэцэрлэг сургуулийн тоог нэмэх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.

Дашрамд сонирхуулахад энэ 2014 оны хугацаанд дэлхийн хүн ам ойролцоогоор 1,1 хувиар буюу 78 сая 009 мянга 823 хүнээр нэмэгдэнэ. Энэ талаар арай дэлгэрэнгүй өгүүлье.
2014 оны хугацаанд 135 сая 312 мянга 623 хүүхэд төрнө. Өөрөөр хэлбэл дунджаар дэлхий дээр 0,2 секунд тутам нэг хүүхэд, хоногт 370 мянга 720 хүүхэд төрж байна.

57 сая 302 мянга 800 хүн нас барна. Өөрөөр хэлбэл, дунджаар 0,6 секунд тутам нэг хүн нас барж, хоногт 156 мянга 994 хүн нас барна. Ингэснээр төрөлт ба нас баралтыг тооцон үзвэл дээр дурдсан 78 сая 009 мянга 823 хүн буюу хоногт 213 мянга 726-н хүнээр нэмэгддэг гэсэн тоо гарна.
Энэ мэтээр цааш үргэлжилвэл 2025 он гэхэд дэлхийн хүн ам нэг тэрбумаар нэмэгдэж, 8,2 тэрбумд хүрэх бол 2050 онд 9,6 тэрбумд хүрнэ. Харьцуулахад, нийтийн он тооллын нэгдүгээр онд дэлхий хүн амыг ойролцоогоор 300 сая байсан гэж эрдэмтэд тооцсон байдаг.
1000 онд 400 сая болсон.
1500 онд 500 сая хүрсэн.
1800 онд тэрбумд хүрсэн.
1900 онд тэрбум 650 сая.
1950 онд хоёр тэрбум 550 сая.
1970 онд гурван тэрбум 700 сая.
1980 онд дөрвөн тэрбум 400 сая.
1990 онд таван тэрбум 280 сая.
2000 онд зургаан тэрбум 028 сая.
2013 онд долоон тэрбум.
Гэхдээ өсөлт улс болгонд жигд байхгүй нь мэдээж. 2014 онд Энэтхэг, БНХАУ, Пакистан, Нигер, Этиоп гэсэн улсын хүн ам хамгийн ихээр нэмэгдэнэ. Энэтхэгийн хүн ам гэхэд л 2014 оны дотор 15 саяар өснө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан