Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгост хоригдож байсан хүмүүсийн дурсамжийг хэвлэжээ


Дэлхийн хамгийн хаалттай улс гэгддэг Хойд Солонгосын амьдралын талаарх янз бүрийн мэдээ сүүлийн үед олон гарах болсон. Харамсалтай нь, “Ким Чен Ун авга ахаа нохойгоор бариулж цаазаар авсан”, “Ким Чен Ун зургаан сайдаа зэрэг цаазаар авлаа”, “Хойд Солонгост төрийн эргэлт гарч Ким Чен Ун цаазаар авахуулсан” гэх мэт үндэслэл муутай, илэрхий цуурхал хэлбэрийн мэдээлэл тараах нь элбэг. Гэхдээ заримдаа Хойд Солонгосоос зугтсан хүмүүсийн бодит дурсамж гэсэн зүйлийг хэвлэдэг. Ийм зүйлсийг үнэн худал гэж янз бүрээр ярьдаг ч хэлмэгдүүлэлт гэж юу байдгийг сайн мэддэг улсын хүмүүс гол төлөв итгэдэг билээ.
“Хойд Солонгост хү­ний эрхийг сахиулахын тө­лөөх Европын холбоо” нэр­тэй байгууллагаас Хойд Солон­госоос оргон зугатсан хүмүүсийн цуврал гаргаж эхэлжээ. Эхний удаа “Хөдөл­мөрийн лагерь” нэртэй бөө­нөөр хорих төвөөс оргон амьд гарсан хүний дурсамжийг хэвлэж. “Ким Х Х” нэрээ нуу­цал­­сан хүний яриагаар Хойд Солонгос дахь бөөнөөр хорих төв гэдэг өнгөрсөн зууны 30-50 оны хэлмэгдүүлэлтийн дүр зургийг санагдуулна.

“Ким Х Х” нь “Соёлын хувьсгал”-ын үеийн их хэлмэгдүүлэлтээс зугатаж  Хятадаас Хойд Солонгос руу гарсан хань үндэстэн хүн аж. Их хэлмэгдүүлэлтээс зугатсан гэр бүл 10 жил харьцангуй тайван амьдарчээ. Харьцангуй гэдэг нь Хятадаас зугатан ирсэн хүмүүсийг шууд буудаж алаагүй ч “Хөдөлмөрийн лагерь” гэгч рүү цөлсөн байна. “Ким Х Х” нь тэнд 10 наснаасаа эхлэн янз бүрийн ажил хийж, залуу насаа алтны уурхайд хүнд ажил хийж өнгөрөөсөн. Яваандаа нэгэнт иргэн нь болсон улсдаа нийгмийн шат ахихыг хүссэн нь ойлгомжтой. Үүний тулд намд элсэх хэрэгтэй байв.  Намд элсэхийн тулд алтны уурхайнхаа ажлын явцад шинэчлэл хийж магтуулсан ч Хятадаас зугатаж ирсэн хань үндэстэн тул Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүн болох боломжгүй гэж. Иймд “Ким Х Х” нь Хятад ба Хойд Солонгосыг заагладаг Түмэнган голыг даван буцаад БНХАУ-д ирж 2004 он хүртэл эсэн мэнд амьдарч. Гэвч 2004 онд “Ким Х Х”-ийг Хойд Солонгосын хүн гэж нэг нь хов хүргэсний дараа түүнийг Хойд Солонгос руу буцаан гаргажээ. Буцаж ирсэн даруйд нь Хойд Солонгосын Улсын аюулгүй байдлыг хамгаалах яамныхан баривчилснаар олон жилийн турш аймшигтай зүйлс давж гарчээ.

“Ким Х Х” дурсамждаа “Хойд Солонгосын Онсонгүн гацаан дахь Улсын аюулгүй байдлын яамны салбарт ирэхэд байрны хонгил нь хүн багтаж гарах зайгүй болтол дүүрсэн байсан. Шоронгийн ажилтан нэг хүн хүрч ирээд хоёр эмэгтэйг зааж тэднийг таних уу гэж надаас асуусан. Хартал залуухан хоёр бүсгүй байв. Би өөрөө ч мэдэлгүй инээмсэглээд мэдэхгүй гэж хариулсан. Гэтэл шоронгийн ажилтан намайг инээлээ гэж өшиглөн зодож эхэлсэн. Өвд­сөндөө орилоход тэлээгээр ороолгосон” гэсэн байна.

Үүний дараанаас “Ким Х Х”-ийг өдөр болгон ухаан алдтал нь зоддог байгаад удалгүй бөөнөөр хорих төв рүү явуулсан. Тэнд хуучирсан байр нураах, элс ачих ажил хийж байж. Гэтэл Хятад руу зугатаад баригдан буцаж ирсэн гэдэг нь ил болоход “Ким Х Х”-ийг улс төрийн хоригдлуудын төв рүү явуулах гэжээ. Тэнд хоригдлуудтай аймшигтай харилцдаг, ухаан санаанд багтамгүй хүнд нөхцөлтэй тул очсон хүн удалгүй нас бардаг гэдгээрээ зартай гэнэ. Иймд “Ким Х Х” нь мөрдөн байцаагчдаа их хэмжээний авлига өгч байж улс төрийн хорих руу биш харин ердийн дэглэмтэй хөдөлмөрийн хориход зургаан жил хоригдох ял авч амьд гарсан байна.

Хөдөлмөрийн хорих дээр тэрээр мод бэлтгэл дээр ажиллаж байж. Энэ төвийнх нь хоригдлууд хоногт 100 граммаас хэтрэхгүй хэсэг буудай, туулайн бөөр модны жимс, усан шөл ууж амь зогоодог байжээ. Хянагч нар хоригдлуудын эсрэг, хоригдлууд сул дорой нэгнийхээ эсрэг аймшигтай харгислал үйлдэх нь хэвийн үзэгдэл гэнэ. “Ким Х Х” нэг удаа төрөх дөхсөн байсан эмэгтэйн гэдсэн дээр хүчээр дарсаар зулбуулж, эх хүү хоёрын аминд хүрсэн хэрцгийлэлийн гэрч болсон тухайгаа ч хэлсэн байна.

Зургаан жил маш хүнд нөхцөлд хоригдсоны дараа суллагдсан “Ким Х Х” нь ахиад хил даван оргожээ. Эхлээд сурсан замаар Түманган гол даван Хятад ороод, дараа нь Хятадаасаа Мон­голын хил давж, тэндээсээ Өм­­­­нөд Солонгос руу гарч чаджээ. Иймэрхүү дурсамж олон. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын үеэр Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын комиссын хуралдаан болж 30 гаруй хүн мэдүүлэг өгч байсан нь үүний нэг жишээ. Эдгээр мэдүүлэг олны хүртээл болсны дараа тун аймшигтай зүйлсийг дэлхийн нийтээр олж мэдээд Хойд Солонгосыг хүчтэй шүүмжилж байсан юм.

Тухайлбал, 1430 дугаар бөө­нөөр хорих төвд хориг­дож байсан Син Дон Хэк тэртээ 1960-аад онд эцэг, эх нь зугатах гэж байгаад баригдсаны дараа хорих төвд төрсөн, хар багаасаа үүр цайхаас эхлээд шөнө дөл хүртэл маш хүнд ажил хийдэг байсан, 22 настайд нь түүнийг оёдлын машин алдаж унагалаа гэж шийтгэн гарынх нь дунд хурууг тайрсан тухай ярьсан байдаг. Үүнээс гадна эдгээр хүмүүс Хойд Солонгосын бөөнөөр хорих төвүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдэд маш хэрцгий ханддаг гэдгийг онцолсон нь бий Жишээлэхэд, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүс хорих төвд олон жил хамт амьдрахад эмэгтэй нь жирэмсэн болчихвол хүүхдийг нь төрсөн даруйд алдаг байсан аж.

Энэ мэт аймшигтай дурсамж, хатуу шүүмжлэл газар авч байгаа тул санхүү, эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд олон улстай хэвийн харилцаатай болохыг хүсч байгаа Хойд Солонгосын шинэ удирдлага ямар нэг тайлбар хийхээс өөр аргагүй болно. Иймд тайлбар хэзээ хийх үгүй нь зөвхөн цаг хугацааны асуудал. Харин тайлбар хийхдээ зугатсан хүмүүсийн дурсамжид өгүүлсэн айм­шигтай харгислалыг тэрс үзэлтнүүдийн эсрэг систем­тэйгээр, удирдлагаас ту­шааж, зөвшөөрсний дагуу хэрэгжүүлдэг байсан уу эсвэл зарим нэг газрын хорих төвийн удирдлагын дураар аашилсны үр дагавар гэж тайлбарлах уу гэдэг өөр хэрэг. Ямар байдлаар хүлээснээс үл хамаараад Хойд Солонгосын ард түмэн энэ бүх харгислал, хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээг хэрхэн хүлээж авах нь бүр өөр асуудал болж хувирна. Өөрөөр хэлбэл, улсаа хямралаас гаргах гээд өөрчлөн байгуулалт эхэлснээр Ким Чен Ун нь шинэ Горбачёв болох уу, энэ бүхний дараа Хойд Солонгос гэдэг улс нүд ирмэхийн зуур татан буугдаад нэгдсэн Соолонгос улс үлдэх үү гээд олон ээдрээтэй асуудал хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан