Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ливи, Ливан, Сири, Египет, Иракт шашны хэнээтнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа болж байна


Ойрхи Дорнодод “Ла­лын улс” тэргүүтэй шашны хэнээтнүүдийн олон бүлэглэ­лийн эсрэг байлдааны ажиллагаа тасралтгүй үргэл­жилж байна. Тухайлбал, Ливаны арми Бейрутаас 86-км-ийн алсад байрладаг Триполи хотын дийлэнх хэсгийг хяналтдаа бүрэн авлаа. “Лалын улс”, “Жебхат ан Нусра” бүлэглэлүүдтэй хол­боотой алан хядагчид хотыг эзлэн хяналтдаа оруулаад байсныг ийнхүү чөлөөлж эхэллээ. 24 цаг үргэлжилсэн байлдааны ажиллагааны явцад хотын эртний дүүргүү­дийн ихэнх хэсгийг чөлөөлсөн ч ойролцоох жижиг суурин газрууд үлдсэн байна. Ливаны Ерөнхий сайд Тамам Салям “хотыг хэдхэн алан хядагчдын барьцаанд байлгахыг хүлээн зөвшөөрөхгүй. Янз бүрийн шашин шүтлэг хоорондын эв найрамдлыг хадгалан үлдээнэ” гэжээ. Мөн Ливаны тусгай албаныхан нийслэл Бейрутэд шиитүүдийн эсрэг алан хядах ажиллагаанд бэлдэж байсан бүлэг алан хядагчдыг илрүүлэн устгажээ.

Ливид Засгийн газарт үнэнч цэргийнхэн Бенгази хотын 90 хувийг чөлөөлөн хяналтдаа оруулав. Ливийн үндэсний армийг төлөөлөгч Мухаммед Хигази “Хэнээтнүүдийн хүч одоогоор хотын төв хэсэг ба ойролцоох суурин газруудад л үлдсэн. Тэднийг бүсэлсэн бөгөөд бид нутгийн иргэдийн тусламжтайгаар дайралт явуулж байна” гэжээ. Ливийн үндэсний арми нь улс орноо шашны хэнээтнүүдээс чөлөөлөх “Ливийн нэр төр” ажиллагааг энэ сарын 15-аас эхлэн явуулж багагүй амжилтад хүрээд байна. Тэдний эсрэг шашны хэнээтнүүдийн “Ансар ар Шариа”, “Аль Кайда”, “Лалын ахан дүүс” зэрэг бүлэглэлийнхэн нэгдэн “Ливийн өглөө” нэртэй эвсэл байгуулан байлдаж байгаа юм. “Ливийн өглөө” эвсэл нь нийслэл Триполи, Бенгази, Дерна зэрэг том хот сууринг хянаж байна.

Египетэд цэргийн нисэх хүчний онгоцууд Синайн хойг дахь шашны хэнээтнүүдийн байрлалд агаараас цохилт өгч, 10 орчим алан хядагчийг устгасан гэнэ. Гурван өдрийн өмнө Синайн хойгт шашны хэнээтнүүд цэргийн хянан шалгах байр руу дайралт хийж 31 цэргийн албан хаагчийн аминд хүрч, 41-ийг шархдуулсны дараа Египетийн армийнхан алан хядах бүлэглэлүүдийн эсрэг тусгай ажиллагаа эхлүүлээд байгаа. Египетийн Ерөнхийлөгч энэхүү алан хядах дайралтад хилийн чанад дахь алан хядагчдын бүлэглэлүүдийг буруутгав. Мөн Синайн хойгт хөл хорио тогтоосон байна.

Сирид Кобани хотыг шашны хэнээтнүүдээс хамгаалж байгаа курдын өөрийгөө хамгаалах хүчин дайралтад нэлээд хэдэн дүүргийг эзэлсэн байна. Өөрийгөө хамгаалах хүчний курдууд стратегийн чухал ач холбогдолтой Шаир өндөрлөгийг эзлэн аваад зүүн урагш дайралтаа үргэлжлүүлж байна. Одоогоор Кобани хотын үйлдвэрлэлийн дүүрэг Эс Сина, Телль гудамж болон өөрийгөө хамгаалах хүчний штабын ойролцоо ширүүн тулаан болж байгаа аж. Мөн Халанж, Шейран, Кенетгар зэрэг сууринг бүрэн чөлөөлсөн. Энэ зуур АНУ ба тэдний холбоотнууд Кобани хотын орчим “Лалын улс”-ын байрлал руу зургаан удаа агаараас цохилт өгч.

Иракийн хойд нутагт курдууд Зумар хот болон ойролцоох суурингуудыг шашны хэнээтнүүдээс бүрэн чөлөөлсөн байна. Харин АНУ-ын цэргийн нисэх хүчин Иракийн нутаг дахь шашны хэнээтнүүдийн байрлал руу агаараас 22 удаа цохилт өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан