Италийн нийслэл Ром хотноо эрх баригчдын санаачилсан хөдөлмөрийн салбарын өөрчлөлтийг эсэргүүцсэн сая гаруй хүн жагсаал хийлээ. Эсэргүүцлийн жагсаалыг Италийн хамгийн том үйлдвэрчний эвлэл “CGIL” зохион байгуулжээ.
Италийн Ерөнхий сайд Маттео Ренцийн санаачилсан өөрчлөлт ёсоор тус улсын компаниудын дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийн тулд ажлаас халах арга хэмжээг илүү хялбар, богино хугацаанд хурдан хийх боломжтой болгосноос гадна татварын хөнгөлөлт, нэмэлт шагнал олгох нөхцлийг хатуу болгохыг санал болгосон юм.
Үйлдвэрчний эвлэлийнхэн энэ саналыг эсэргүүцэж байгаа бөгөөд “Бид хүн бүрийн эрхийг нь хамгаалсан ажилтай болгохын төлөө байна. Энэ жагсаал бол эрхгүй, ажил байхгүй, ирээдүйнхээ талаар тодорхой итгэлгүй хүмүүст зориулсан зүйл” гэцгээж байна.
Италийн төмөрлөгчдийн холбооны төлөөлөгч Маурицио Ландини “Хэрэв Ерөнхий сайд Ренци болон түүний Засгийн газрын антенн бусад хүмүүсийн адил хэвийн тохируулгатай бол энэ улсад ажиллаж байгаа, ажиллахыг хүсч байгаа дийлэнх хүн тэдний явуулж байгаа бодлоготой санал нийлэхгүй байна гэсэн маш хүчтэй дохио хүлээж авна. Хэрэв тэр энэ улсыг өөрчлөхийг хүсч байгаа бол хүмүүсийн эрх ашгийн эсрэгээр бус харин тэдэнтэй хамт өөрчлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.