Японд хэрэгждэг хамгийн ер бусын хуулиудын нэг болох шөнийн цагаар клубуудад бүжиглэхийг хориглосон хуульд өөрчлөлт оруулах шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Энэ тухай Японы эрх баригчдын төлөөлөгчид мэдээлсэн байна.
Шөнийн клубуудын бүжгийг зохицуулах тухай хуулийг 1940-өөд оны сүүлээр тус улс дайны дараах сүйрэл, ядуурлын байдалтай байх үед баталжээ. Энэ үед бүжгийн танхимыг ихэвчлэн биеэ үнэлэх зорилгоор ашиглах нь цөөнгүй байсан аж. Тиймээс, хуулийн дагуу, шөнө дундаас хойш ажилладаг, бүжгийн талбайтай клубуудын эзэд тусгай зөвшөөрөл авах ёстой байжээ.
Харин одоо хуульд оруулсан шинэ өөрчлөлтийн дагуу, шөнийн клубууд тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж болно.
Шөнийн цагаар бүжиглэхийг хориглосон нь япончуудын шүүмжлэлд эртнээс өртсөн юм. Клубуудын эзэд уг хуулийг ихэнх тохиолдолд хэрэгжүүлдэггүй байсан бол цагдаа нар ийм тохиолдолд нүдээ аниад өнгөрүүлэхийг илүүд үздэг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хууль зөрчих явдал ихсэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Осака хотод эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр бүжиглэхийг зөвшөөрсөн шөнийн клубуудын эздийн нэгийг шүүж эхэлсэн бөгөөд энэ тухай интернэтээр мэдээлсэн байна. Дуулиан дагуулсан шүүх ажиллагаа Японы парламентын гишүүдийн анхаарлыг татжээ. Шөнийн цагаар бүжиглэхийг хориглосон нь гадаадын жуулчдын дунд, ялангуяа 2020 онд нийслэл Токио хотод зуны олимпын наадам болохын өмнө Японы нэр хүнд унахаас болгоомжилж, тус улсын эрх баригчид хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулж эхэлжээ.