АНУ-ын Төрийн департаментаас гаргасан илтгэлд Афганистан дахь хар тамхины намуун цэцгийн ургацын хэмжээ өмнөх жил тогтоосон дээд амжилтдаа хүрсэн тухай дурджээ. Гэтэл америкчууд намуун цэцгийн тариалан ба хар тамхины үйлдвэрлэлийг багасгах, намуун цэцэг тариалдаг тариачдад санхүүгийн тусламж үзүүлэх замаар өөр ургамал тариалуулах зэрэгт 13 жилийн дотор 7,6 тэрбум ам.доллар зарцуулсан байх юм. Асар их хөрөнгө мөнгө зарцуулсан ч үр дүнд намуун цэцгийн тариалан, хураадаг ургацын хэмжээ нь бүр өссөн хэрэг.
Жишээлэхэд, өнгөрсөн 2013 онд намуун цэцгийн тариалангийн талбай 209 мянган гектар хүрч дээд амжилт тогтоож байв. Энэ их талбайд тариалсан ургацын үнэ нь хамгийн багаар бодож гурван тэрбум ам.доллар байгаа нь 2012 оныхоос даруй 50 хувиар их.
Афганистаныг шинэчлэх төслүүдийг хариуцсан тусгай байцаагч Жон Сопко энэ талаар “Афганистаны олон мужид аюулгүй байдал эрс муудсан, намуун цэцгийн тариалан устгах ажил хангалтгүй хийлгэж байгаагаас үүдэн 2014 онд хар тамхины намуун цэцгийн үйлдвэр бүр өсч магадгүй боллоо” гэжээ.
Гэхдээ ажил огт хийгдээгүй биш улаан буудай гэх мэт өөр төрлийн тариалан эрхлэх нь ашигтайг тайлбарлан санхүүгийн дэмжлэх үзүүлэх зэргээр зарим мужид намуун цэцгийн тариалан эрхлэхийг бүрэн зогсоож чадсан. Гэвч Афганистанаас Америк тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл энэ онд багтааж бүрэн гарах гэж байгаатай холбогдон ахин тариалж эхэлжээ. Цэргийн эвсэл гарахыг дагаад намуун цэцэг бус өөр тариалан эрхэллээ гэж өгдөг санхүүжилт бараг үгүй болж магадгүй, дээр нь талибчууд ахиад бүх эрх мэдлийг гартаа оруулж болзошгүй байгаа. Талибууд Америкийн дэмжлэгийг авдаг одоогийн Засгийн газартай ямар нэг байдлаар хамтран ажилладаг хүмүүсийг цаазаар авах хүртэл хатуу гэсгээдэг. Ингээд дахиад намуун цэцгээ тариалаад эхэлсэн бололтой. Үүний дээр урьд нь намуун цэцэг огт тариалдаггүй газар ч тарьж эхэлсэн байна.
Намуун цэцэг бүү хэл юу ч тариалах боломжгүй хагас цөлжсөн бүсэд тариалах боломжийг гүнийн худаг гаргаж өгчээ. Америкчууд, өрнөдийн цэргийн эвслийг Афганистанд байх хугацаанд урьд нь тун ховор, өртөг ихтэй байсан гүнийн өрөмдлөгө хийх арга дөхөм, хямд болсон төдийгүй афганчууд өөрсдөө сайн хийж сурсан аж. Үүний ачаар 200 мянга гаруй гектар хагас цөл нутгийг хөдөө аж ахуйн үржил шимтэй болгож чадсан ч харамсалтай нь энэ их газрын дийлэнхэд нь намуун цэцэг тариалах болжээ.
Дэлхийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа опиум буюу намуун цэцгийн шүүс хэлбэрийн мансууруулах бодисын 80 хувийг Афганистан дангаар үйлдвэрлэн нийлүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.
Хар тамхины хууль бус наймаанаас орж ирсэн асар их мөнгийг гэмт бүлэглэлүүд зэвсэг худалдан авах, гишүүд ба дэмжигчдээ цалинжуулах, албан тушаалтнуудад хахууль өгөхөд зарцуулдаг. Мөн тариачдын хувьд намуу цэцэг тариалах нь улаан буудай гэх мэт ургамал тариалснаас хамаагүй ашигтай, эрсдэл багатай байдгаас газар тариалангийн салбарыг бүхэлд нь уналтад оруулдаг сөрөг нөлөөтэй.
Афганистаны тариачдын хураасан намуу цэцгийн шүүсийг гэмт бүлэглэлүүд тус бүртээ бөөгнөрүүлэн төвлөрүүлж цэвэрлээд илүү хүчтэй, хортой гашиш, героин гэх мэт хар тамхи гаргаж авна. Афганистаны хар тамхины гол хэрэглэгч нь Баруун Европ. Иргэдийн худалдан авах чадвар өндөр. Эрсдэл ихтэй ч гэлээ Баруун Европт хүргэвэл Тажикистанд зарснаас олон арав дахин илүү ашиг олдог тул афган хар тамхи тийш зүгэлдэг. Иймд Афганистан дахь хар тамхины ургац дээд амжилт тогтоосон тухай мэдээ нь юуны өмнө Европын холбооны улсуудын хувьд тун таагүй мэдээ.
Баруун Европ орохын тулд афган хар тамхи хил залгаа орнуудаар дамжин хэд хэдэн замаар явна. “Умард” гэж нэрлэгдсэн замаар явахдаа хил залгаа Тажикистанаар дамжин Киргиз орж, тэндээсээ Казахстан хүрээд, цааш Оросоор дамжин Европ руу ордог. Гэхдээ энэ замд Оросын нутаг дээр их хэмжээгээр үлддэг. Зөвхөн Орос гэлтгүй “умард зам”-ын дагуу байгаа улс болгоны гэмт хэргийн гаралт, авлигын түвшин, аюулгүй байдал зэрэгт афган хар тамхи их хор хүргэдэг.
Иймд Афганистаны хар тамхины ургац өсч байгаа нь Орос, Тажикистан, Киргиз, Казахстаны хувьд ч тун таагүй юм. Орост зарагдаж байгаа афган хар тамхины хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, хар тамхинд донтогсдын дунд хүүхэд, залуучуудын эзлэх хувь өсч, зарим мэргэжилтэн Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн ч гэж мэдэгдэж байсан.
Өөр нэг зам нь Иран, Пакистан, Туркээр дамжин Балканы хойгийн орнууд хүрч тэндээсээ Баруун Европ ордог. Энд афган хар тамхины дайрч өнгөрсөн зам мөн л авлига, зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хар тамхичдын тоо өсөх гэсэн хар мөртэй.
Сүүлийн хоёр жил намуун цэцгийн тариалан ба ургацын хэжээ дээд амжилт тогтоож зах зээл дээр илүүдэл үүссэн тул Афганистаны бүлэглэлүүд бүтээгдэхүүнээ урьд нь явуулдаггүй байсан Зүүн Өмнөд Ази, Австрали ба Номхон далайн орнууд руу өмнө нь байгаагүй их хэмжээгээр явуулах болсон аж. Мөн Төв ба Өмнөд Америкийн орнуудаас кокаин нэртэй хар тамхи их хэмжээгээр орж ирдэг “уламжлалтай” АНУ, Канадад ч афгани хар тамхи хүрсэн мэдээ гарч байсан.
Эвслийн цэргийн хүч бүрэн гарч дуусаагүй байхад ийм байдалтай байгаа улс гарч дууссаны дараа дотоод зөрчил ихтэй, авлигад идэгдсэн дорой Засгийн газрынхаа мэдэлд бүрэн шилжихээр юу болох вэ гэдэг дэлхий нийтийн толгойны өвчин болж хувираад байна.