Хятадын Гуанжоу мужийн Донггуан хотын нэгэн худалдааны төвд ганц эмэгтэй ямар ч багаж зэвсэггүйгээр бэлэн мөнгөний машин эвдэлж, доторхийг нь уудалж гаргасан хэрэг гарчээ. Тэр эмэгтэй АТМ-ээс мөнгө авах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч мөнгө гарч ирэхгүй байсан учир уурандаа бэлэн мөнгөний машиныг эвдэлж орхижээ. Дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэнээр бол, мөн гэрчүүдийн ярьснаар тэр эмэгтэй зүгээр л нүцгэн гараараа бэлэн мөнгөний машиныг эвдэлсэн гэнэ. Тэрээр машины дэлгэц рүү хэд хэдэн удаа хүчтэй цохиж эвдэлсний дараа машины бусад хэсгийг салгахад амархан болсон бололтой. Хэдийгээр эмэгтэйн үйлдлийг зогсоох гэж худалдааны төвийн гурван ч хамгаалагчийг дуудсан боловч тэд түүнийг зогсоохын оронд харж зогссоор эвдэлж гүйцсэн хойно нь цагдаа дуудаж, баривчлуулжээ. Эмэгтэй машиныг эвдлээд ч мөнгөө авч чадаагүй бөгөөд тэр АТМ-ийн мөнгө нь дууссан байсан бололтой. Харин тус бэлэн мөнгөний машиныг ажиллуулдаг банкны хэвлэлийн төлөөлөгч АТМ хуучирч муудсан байсан учраас амархан эвдэрч, хэмхэрсэн байх гэж тайлбарлажээ.