Ийм нэг үг дэмий гараагүй гэдгийг Польшийн парламент Сеймийн спикер Радослав Сикорскийн түүх харуулж байна. Парламентын сөрөг хүчний удирдагч Ярослав Качиньский өчигдөр мэдэгдэл хийж парламентын даргыг нэн даруй огцруулахыг шаардсан юм. Ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн шалтгааныг Радослав Сикорский өөрөө гаргаж өгсөн. Бүр тодруулбал тэрээр өнгөрсөн долоо хоногт Америкийн “Politico” интернэт сэтгүүлд ярилцлага өгөхдөө 2008 онд тухайн үеийн Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Москвад Оросын Ерөнхий сайд байсан Владимир Путинтэй уулзах үеэр Путин нь Украиныг хэзээ ч байгаагүй, зохиомлоор бий болгосон улс, Баруун Украины Львов хотын Польшынх гээд удахгүй энэ асуудлыг шийдэх боломжтой тухай ярьж байсан, Туск өөрийнх нь хариултыг бичиж авч байгааг мэдээд юу ч дуугараагүй гэж “хошуу” хүргэжээ. Өөрөөр хэлбэл, одоо болж байгаа үйл явдлаас зургаан жилийн өмнө Путин Украины хуваах боломжийн талаар Польшийн Ерөнхий сайдтай ярилцах гэж үзэж байсан гээд хэлчихэж. Сикорский өөрөө тэр үед Гадаад хэргийн сайд байсан тул энэ албан тушаалын хувьд ярианд цуг оролцсон юм гэнэ.
Энэ мэдээ гарсан даруйдаа бөөн дуулиан тарьсан нь ойлгомжтой. Өрнөдийн хэвлэлүүд дуу дуугаа авалцан Путин анхнаасаа Украиныг бутаргах санаатай байсан тухай шуугьж эхлэхэд Сеймийн дарга өөрөө эргээд тун эвгүй байдалд оров. Парламентын дарга хүн Орос шиг том улсын Ерөнхийлөгчийн талаар ийм дуулиантай мэдээ хийсэн болохоор арга буюу тайлбар хийх шаардлагатай болов. Хошуу нь хүзүүг нь ороогоод эхэлсэн хэрэг.
Сикорский эхлээд “Politico” –ийн сэтгүүлч түүний зарим үгийг буруу ойлгон, ташаа тайлбарласан, Путин тийм зүйл яриагүй гэж мэдэгдэж үзэв. Гэтэл ярилцлага авсан сэтгүүлч Бен Жуда экс сайдын үгийг ямар ч алдаагүй үг бүрчлэн буулгаж авсан, ташаарсан зүйл огт байхгүй гэснээр Сикорский бүр ч эвгүй байдалд орлоо. Улмаар Сеймийн хуралдааны дараа хэвлэлийн бага хурал хийж Путины талаар хийсэн мэдэгдэлдээ албан ёсоор тайлбар өгөх шаардлагатай болов. Гэтэл энэ бага хурал дээр тэрээр Путин Туск хоёрын уулзалтад оролцож байгаагүй, энэ хоёрын уулзалтын тэмдэглэл огт байхгүй гэж мэдэгдээд, сэтгүүлчдийн асуултад хариулалгүй зугатахаас холгүй гарч явсан нь улстөрчид, хэвлэл мэдээллийнхний дургүйцлийг ихэд хүргэлээ.
Хоёр Ерөнхий сайдыг уулзах үеэр хажууд нь байгаагүй гэж мэдэгдсэн Сикорский харин дараа нь Польшийн “Gazeta Wyborcza” сонинд ярилцлага өгөхдөө Путин үнэхээр Украиныг хуваах боломжийг талаар цухалзуулсан гээд, тухайн үед буюу 2008 онд, Өмнөд Осетийн мөргөлдөөн ч гараагүй байсан тул энэ санаа нь хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл мэт сонсогдож байсан гэж мэдэгдээд хүмүүсийг бүр төөрөгдүүлж орхив.
Энэ бүхний дараа Польшийн парламентын сөрөг хүчний удирдагч Ярослав Качиньский “Хэрэв хэн нэгэн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсыг хуваах тухай төлөвлөгөөний талаар олж мэдсэн бол тэр даруй улсынхаа Ерөнхийлөгчид мэдэгдэн, дэлхий нийтийн сонорт хүргэх ёстой байлаа. Ийм зүйл болоогүй тул манай нам одооноос Сикорскийг Польшийн олон нийтийн амьдралаас алга болгох арга хэмжээ авна” гэжээ.
Путин үнэхээр ярьсан эсэх нь тодорхойгүй байгаа ч Ярослав Качиньский Оросыг, тэр тусам Путиныг нэг нүдээрээ үздэггүй гэдгээрээ зартай тул ярьсан гэдэгт нь огт эргэлзэхгүй байгаа гэнэ.
Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ямар ч ор үндэсгүй яриа... Одоо амьд хүмүүс ч тэр, санаанаасаа зохиож гаргаж ирсэн хүмүүсээс олон дэмийрэл гарах болж” гэсэн тайлбар хийжээ.
Ийнхүү Польшийн сеймийн спикер урт хошуу ямар гай тарьдагийн тод жишээ болж хувирлаа.