Кобани хотыг “Лалын улс” бүлэглэлийн шашны хэнээтнүүдээс хамгаалан сар гаруй болж байгаа Сирийн курдуудэд америкчууд нисдэг тэргээр зэвсэг, эм тариа хүргэсэн тухай мэдээнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тайлбар хийжээ. Эрдоган Афганистан ороод буцах замдаа Кобанийг хамгаалж байгаа курдуудэд яагаад туслаагүй, АНУ–ын зүгээс курдуудад туслах хэрэггүй байсан тухай нэлээд хатуухан гэж болохоор тайлбар өгч. Тэрээр “Бидэнд “Лалын улс”-ын эсрэг байлдаж байгаа курдуудын “Ардчилсан холбоо” намын бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлэхийг уриалж байна. Бидний хувьд курдуудын “Ардчилсан холбоо” нам нь “Лалын улс”-аас юугаар ч ялгаагүй адилхан л алан хядах ажиллагаа явуулдаг байгууллага. Биднийг АНУ зэрэг НАТО-гийн гишүүн холбоотнууд тэдэнд дэмжлэг үзүүлнэ гэж хүлээх нь том алдаа. Бид тийм алхам хийж чадахгүй” гэлээ.
Ингэснээр Кобанид туслахыг хүсч байгаа Курдын ажилчдын намын зэвсэгт дайчдад хилээ нээхийг уриалсан Францын уриалгыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэв. Кобани хотын төлөө шашны хэнээтнүүд ба курдуудын хооронд үргэлжилж байгаа тулааны явцад хилийн дагуу байрласан Туркийн арми туслах зүйл огт хийгээгүй төдийгүй өөрийн нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг Курдын ажилчны намын байрлалууд руу агаараас цохилт өгсөн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кобани хотын хамгаалагчдыг хүнс, усгүй боох, “Лалын улс” байгууллагынхан хотыг эзэлвэл энгийн иргэдийг үйл олноор сөнөөх аюулаас хамгаалахын тулд курдуудад зэвсэг, хүнс, эм тариа өгсөн гэж мэдэгдсэн. Обамагийн захиргааныхан энэ арга хэмжээний талаар Эрдоганд урьдчилан мэдэгдсэн, цаашид шаардлагатай гэж үзвэл ийм тусламж дахин үзүүлнэ гэдгийг онцлов. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри курдуудад тусламж үзүүлсэн нь онц хямралын нөхцөл байдалд агшин зуурын хариу өгсөн явдал гээд АНУ-ын бүс нутгийн талаар баримталж байгаа байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, Туркийн эрх баригчдад хандан “Курдуудад сайн биш гэдгийг мэднэ, ойлгож байгаа, Кобанийн курдуудад зэвсгээр тусаллаа гээд энэ байдал өөрчлөгдөхгүй, Туркийг урьдын адил чухал холбоотон гэж үзсэн хэвээр” гэсэн зурвас явуулсан хэрэг.
Гэхдээ Туркийн Ерөнхийлөгч ийм эрс хатуу мэдэгдэл хийхийн өмнө тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу хэвлэлийн бага хурал хийхдээ тэс өөр мэдэгдэл хийсэн. Тэрээр “Бид пешмерга /Ирак дахь Курдын автономын зэвсэгт хүчин/”-гийн хүчнийг Кобани руу хүрэхэд тусламж үзүүлэн хилээ нээж эвсэлтэй бүрэн хамтран ажиллаж байгаа” гэжээ. Эндээс ер нь хэн нь худал мэдээлэл өгөөд байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Магадгүй хэн хэн тухайн үеийн ашиг сонирхолд нийцүүлээд “үнэн” хариу өгсөн байх. Нэг талаас Эрдоган Ерөнхийлөгч өрнөдийнхөнд хандан “Курдуудад хамаагүй туслаж болохгүй шүү, бид уурлана, хэрэгтэй гэж үзвэл тэдэнд ч цохилт өгч чадна” гэдгээ сануулан Кобанид байлдаж байгаа курдуудын байгууллагыг лалын алан хядагч нартай адилтгасан сүрдүүлэг хэлбэрийн мэдэгдэл хийгээ биз. Харин нөгөө талаас өрнөдийн орнуудтай ил цагаан хамаагүй муудалцаад байх нь Туркт ашиггүй тул Гадаад хэргийн сайд нь мэдэгдэл хийж “Бид дургүй ч гэлээ тэр курдуудыг чинь хилээрээ нэвтрүүлж, Кобани руу явуулж байгаа, өөрсдийн эрх ашгийг түр хойш тавин та бүхний хүсэлтийг ёсоор болгож байгааг үнэлээрэй” гэсэн үг байх.
Сири, Ирак, Иран, Турк гээд олон улсын дунд байрладаг олон сая курд хэзээ ч тусгаар улс байгуулж байгаагүй ч эдгээр улсаас салан тусгаарлаж нэгдсэн Курдистан улс байгуулахын төлөө ямагт тэмцсээр ирсэн түүхтэй. Тухай бүрт нэр гарсан орны эрх баригчид тэднийг тун харгисаар дарж байв. Иракт Саддамын үед тэдний эсрэг химийн зэвсэг хэрэглэн устгаж байв. Турк Курдын салан тусгаарлагчдын байгуулсан Ажилчны намын эсрэг олон арван жилийн турш байлдаж байгаа гээд жишээ олныг дурдаж болно. Сирид ч мөн адил байдалтай байгаа. Гэхдээ иргэний дайн эхэлснээс хойш Сирийн курдууд “Лалын улс”-ын эсрэг хамгийн үр дүнтэй, идэвхтэй байлдаж байгаа хүч болж хувирсан. Кобанид болж байгаа үйл явдал үүний нэг нотолгоо.
“Лалын улс” бүлэглэл курдуудын эсрэг дайтаж байгаа нь нэг талаас тун таагүй, аймшигтай үзэгдэл. Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг жамтай тул нөгөө талаас курдууд энэ дайралтыг ашиглан олон улсын дэмжлэг авах, өөрсдийн тэмцэл, хүслийн талаар дэлхий нийтэд танилцуулах, ирээдүйд улс байгуулах магадлалаа нэмэгдүүлэн байр сууриа бэхжүүлж байна. Жишээлэхэд, Ирак дахь Курдын автономийн удирдлага “Лалын улс”-ын аюулаар шалтаг хийж Иракийн бусад нутагтай залгаа хилээ бүрэн хаасан. Өөрөөр хэлбэл Багдадаас улам л хамаагүй боллоо гэсэн үг. Тэгээд ч одоо Иракийн эрх баригчид Курдын автономыг номхотгохтой манатай, “Лалын улс”-ыг яаж дийлэх вэ гээд унтаж ч чадахгүй байгаа.
Туркийн эрх баригчдын хамгийн их болгоомжилж байгаа хүчин нь албан ёсоор автономит, бодит байдал дээр Курдистан нэртэй тусгаар улс байгуулж чадсан Иракийн курдууд. Иракийн курдууд газрын тосны хамгийн баялаг орд газруудыг хяналтдаа байлгадаг, санхүүгийн хувьд төвөөсөө хамааралгүй төдийгүй “пешмерга” гэж нэрлэгдсэн өөрийгөө хамгаалах хүчин буюу армитай, өрнөдийн газрын тос олборлогч том компаниудтай гэрээ байгуулж ажилладаг, олон улсад харилцаа холбоотой, курд хэл соёлоо заадаг өөрийн гэсэн боловсролын системтэй. Өнөөдөр Кобанид шашны хэнээтнүүдийн байлдаж байгаа курдуудын цөмийг Иракаас ирсэн пешмерга бүрдүүлж байна.
Хэрэв Кобанийн төлөөх тулаанд курдууд ялж, цаашид олон улсын баттай дэмжлэг авсаар амжилтад хүрээд Сирид өөрийн гэсэн Курдистан улс байгуулвал Ирак дахь угсаа нэгтнүүдтэйгээ нэгдэх гэх нь бараг гарцаагүй. Сирийн курдууд Иракийн курдуудын адил газрын тосоор баялаг бүс нутагт амьдарсаар ирсэн. Тиймээс энэ хоёр нэгдвэл санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй хүчирхэг улс болно. Магадгүй хоёуланг нь олон улсын хамтын нийгэмлэг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч бодит нөлөөлөл нь улам өсөн нэмэгдэнэ. Харин тэр цагт Сири ба Иракийн курдууд Туркт олон зууны турш дарлуулж байгаа угсаа нэгтнүүдээ газар нутгийнх нь хамт чөлөөлөхийн төлөө тэмцэл явуулж эхлэх нь Туркийн эрх баригчдын хар дарсан зүүд болоод байна.
Тиймээс ч Кобанид байлдаж байгаа курдуудыг дэмжин “Лалын улс” бүлэглэлд цохилт өгч туслана гэдэг Турк хэдэн жилийн дараа толгой дээр нь цахиур хагалах хүчийг дэмжсэн хэрэг болох юм.