Пиночетын дарангуйлагч дэглэмийн үед тэрс үзэлтэн, улс төрийн хувьд найдваргүй хүмүүсийг мөрддөг, хулгайлдаг, баривчлан тамладаг, цаазалдаг байсан нууц алба “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг Кристиан Лаббэг Чилид баривчилсан байна. Лаббэг 1973 онд 13 хүнийг хулгайлан хөнөөсөн хэрэгт буруутган саатуулж.
Лаббэ “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг байсан ч 1990 онд дарангуйлагч дэглэм татан буугдсаны дараа ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй. Провиденсия хотын захиргааны дарга болж, неофашист үзэлтэй байгууллагуудыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байжээ. “DINA”-ын даргаар ажиллаж байсан, Лаббэгийн хамтрагч Мануэль Контрерасыг адил хэргээр буруутай гэж үзэн бүх насаар хорих ялаар шийтгэсэн бол Лаббэг анх удаа баривчлан, өмнө нь хийсэн гэмт хэргийг нь мөрдөж эхэлсэн нь энэ аж.
1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн цэргийнхэн баруун үзэлт үйлдвэрийн эзэд, баячууд болон Америкийн Тагнуулын албаны дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийж албан ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Сальвадор Альендег түлхэн унагасны дараа бүх эрх мэдэл нь генерал Пиночетийн гарт шилжсэн юм. Пиночетын дарангуйллын үед буюу 1973-1990 онд зөвхөн албан ёсны батлагдсан мэдээгээр Чилид улс төрийн шалтгаанаар 3,2 мянган хүнийг хороосон, 1,2 мянган хүн сураггүй алга болсон, 28 мянга гаруй хүн баривчлагдан янз бүрээр тамлуулж байжээ.