Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЮКОС-ын хөрөнгө оруулагчид ОХУ-ын төрийн өмчийг хураах уу


“ЮКОС”-ын хөрөнгө оруулаг­чид шүүхийн шийдвэрийн дагуу Европ, АНУ-ын нутаг дээрх ОХУ-ын өм­чийг нөхөн төлбөр болгон хураан авах ажиллагаа эхлүүлэхээр болсон тухай Германы “Der Spiegel” сэтгүүл мэдээлэв. Гаагийн олон улсын арбитрын шүүх ЮКОС-ыг төлбөрийн чадваргүй гэж зарлан улсын өмч болгон хураан авсан хэргийн талаарх хөрөнгө оруулагчдын гомдлыг авч хэлэлцээд ОХУ-ыг буруутай гэж 50 тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргасан юм.

Өмгөөлөгч Тим Осборны мэдээлж байгаагаар шүүхийн шийдвэрийн дагуу Оросын өмчийг хураан авах ажиллагааг эхлүүлэхийн тулд экс хөрөнгө оруулагчид буюу хувьцааг нь эзэмшиж байсан хүмүүс ойрын өдрүүдэд Германы шүүхэд шаардлагатай бичиг баримтыг шилжүүлэн өргөдөл гаргана. Германд өмч хураах ажиллагааг эхлүүлэхийн тулд Германы аль нэг мужийн дээд шүүх Гаагийн арбитрын шүүхийн шийдвэрийг өөрийн нутаг дээр хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гаргахад л хангалттай. Харин Герман бүр 1961 онд Гаагийн арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч дагана гэсэн үүрэг хүлээсэн.

Ийнхүү хөрөнгө оруулагч­дын хүлээж байгаачлан Германы шүүх тэдний хүсэлтийг ёсоор болголоо ч 50 тэрбум ам.долларыг Орос улс зүгээр өгөхгүй нь ойлгомжтой. Ийм тохиолдолд шүүхийн шийдвэрээр тухайн улсын газар нутаг дээрх ОХУ-ын Төрийн мэдлийн өмч гэсэн бүх л зүйлсийг хураан авч дуудлага худалдаагаар оруулан нөхөн төлбөрийг гүйцээдэг. Иймд ЮКОС-ын хөрөнгө оруулагчид ойрын үед шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөр болгож ОХУ-ын янз бүрийн өмчийг хураан авч магадгүй болов. Эдгээрийн дотор Оросын төрийн мэдлийн “Аэрофлот” компаниас Германд захиалан угсруулж байгаа онгоц, Германы зүгээс ашигласан шатдаг хийн төлбөр болгон “Газпром” компанид төлж байгаа мөнгө, төрийн өмчит том компаниудын тус улс дахь төлөөлөгчийн газрын байр, үзэсгэлэнд тавигдсан төрийн өмч гэж бүртгэгдсэн урлагийн үнэт бүтээл гэх мэт маш олон зүйл багтдаг.

Үүнтэй адил хүсэлтийг экс хөрөнгө оруулагчид Их Британи, Нидерланд, Франц, АНУ-ын шүүхэд хандах гаргахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр улс болгон хөрөнгө оруулагчдын хүсэлтийг зөвшөөрвөл Оросын төр ахар богино хугацаанд санаанд оромгүй их хохирол амсах нь гарцаагүй. Өрнөдийн орнуу­дын аваад бай­гаа жилийн хуга­цаатай хо­риг арга хэмжээнээс ч илүү хохирол амсана.
Иймд ОХУ энэ бүх­­нийг зү­гээр ха­раад суухгүй хо­хирлоо нө­хөх арга хэм­жээ яарал­тай авч эхлэх нь гар­цаагүй биз. Дуулиант мэ­­­дээллийг олны хүртээл болгосон “Der Spiegel” сэтгүүлийн тоо­цоогоор ОХУ нь ар­ван­нэгдүгээр сарын дунд хүртэл Гаагийн арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ч ийм үйлдэл хийнэ гэх магадлал тун бага байгаа гэнэ. Ингэснээр Орос давж заалдахгүй төдийгүй хариу болгож Оросын төрийн өмчит компаниуд, хувь хүмүүсийн өмчийг хураан авсан улсын ОХУ-ын нутаг дээрх өмч, хөрөнгийг хураан авах шинэ хууль бэлдээд эхэлсэн аж.

Тэгээд ч Оросын удирдлага иймэрхүү зүйлтэй өмнө нь тулгарч байсан түүхтэй бас туршлагатай гэж болно. Германы бизнесмэн Франц Зедельмайер 1990-оны эхээр Орост 2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж бизнес явуулах гээд бүтэлгүйтсэн нь өдгөө хүртэл үргэлжилж түүхийн эхлэлийг тавьсан юм. Тухайн үед Санкт Петербургийн удирдлага түүнтэй цагдаа, тусгай хүчний тоног, хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулсан ч удалгүй цуцалсан гэнэ. Хариуд нь Зедельмайер алдсан мөнгөө эргүүлэн авахаар шүүхдэн амжилтад хүрч, хөрөнгө оруулалт хийх гээд алдсан мөнгөө хүүтэй нь ОХУ-аас эргүүлэн авах шийдвэр гаргуулж чадсан. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Герман дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын барилгыг хураан авч дуудлага худалдаагаар заран төлбөр авах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Гэхдээ Шведэд мөн адил ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын барилгыг хураан авч дуудлага худалдаагаар оруулан зарж чадсан. Үүнээс гадна нисэхийн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн Оросын зорчигч тээврийн Ту-204, байлдааны МиГ-29 онгоцыг шууд үзэсгэлэнгийн талбай дээрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын хүчээр баривчлан хураах оролдлого хийж байсан юм. Сонирхуулахад, 1990-ээд оны эхэнд Зедельмайерийн Орост хөрөнгө оруулалт хийгээд алдсан гэгддэг хоёр сая ам.доллар нь 10 гаруй жилийн дотор хүү нь өссөөр өнөөдөр 5 сая орчим евро болоод байгаа аж. Харин Герман, Шведэд Зедельмайерийн заргаар хураалгасан ОХУ-ын мэдлийн үл хөдлөх хөрөнгө нь дунджаар 100 гаруй сая еврогоор үнэлэгджээ. МиГ-29 сөнөөгч онгоц гэхэд өөрийн үнээс гадуур олон арван жилийн турш янз бүрийн судалгааны төвүүдэд олон мянган хүн ажиллаж бүтээсэн нууц, орчин үеийн технологийг агуулж байдаг онцлогтой тул ийм онгоцоо хураалгана гэдэг бүр ч их хохирол амсах юм.

ЮКОС-ын экс хувьцаа эзэмшигчид Олон улсын арбитрын шүүхэд хандсанаар хязгаарлагдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэд Европын хүний эрхийн шүүхэд хандан Оросын эрх баригчдыг хүний эрх,үндсэн эрх чөлөөг хамгаалах Европын конвенцийг зөрчин хувийн өмчийг төрийн мэдлээр далайлган булаан авсан гэж гомдол гарган нөхөн төлбөр шаардсан юм. Нөхөн төлбөр болгож 98 тэрбум ам.доллар шаардсан. Гэвч Европын хүний эрхийн шүүх ОХУ-ын Засгийн газрыг хүний эрхийг зөрчөөгүй ч шударга шүүхээр хангах ёстой заалтыг зөрчсөн гэж үзээд 1,98 тэрбум ам.долларын нөхөн төлбөр, шүүхийн зардал 65 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.

Энэ тохиолдолд ОХУ-ын Засгийн газар Европын хүний эрхийг шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсноо мэдэгдсэн.
Ямартай ч Украины хэрэг явдалтай холбоотойгоор Орост Өрнөдийн орнуудын үзүүлж байгаа санхүү, эдийн засаг, улс төрийн дарамтаар дулдуйдан шүүхэд гомдол гаргаж, нөхөн төлбөр шаардсан хүмүүс асар их хэмжээний нөхөн төлбөр авах бодит боломжтой болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан