Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд хоёр эмэгтэй сайд нэг өдөр огцорлоо


Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр иргэдэд өөрийн зураг бүхий цаасан дэвүүр тараасан хэргээс болж албан тушаалаасаа сайн дураараа огцорлоо. Үүнээс хэдхэн цагийн өмнө Японы Засгийн газрын Эдийн засаг, аж үйлдвэрлэлийн сайд Юко Обучи мөн л сонгуулийн үеэр явуулсан арга хэмжээний улмаас огцроод байсан юм.

Аравдугаар сарын эхээр Японы парламентын сөрөг хүчний Ардчилсан нам Хууль зүйн яамны сайд Мицушимагаас сонгуулийн үеэр нэр дэвшсэн тойрог дээрээ өөрийн хөрөг бүхий дэвүүр яагаад тарааснаа тайлбарлахыг шаардсан юм. Дэвүүр тараасан үйлдлийг сөрөг хүчин нь сонгуулийн хуулийн материаллаг үнэ цэнэ бүхий бэлэг дурсгал өгөхийг хориглодог заалтыг зөрчсөн гэж үзсэн тул ийнхүү нэн даруй тайлбар шаардсан аж. Мацушима нь  сурталчилгааны үеэр тараасан зүйлээ дэвүүртэй төстэйгээс цаашгүй, материаллаг үнэ цэнэгүй гэж тайлбарлахыг оролдсон ч сөрөг хүчин хүлээж аваагүй тул арга буюу намаа, Засгийн газрын танхимынхаа нэрийг цэвэр үлдээхийн тулд огцорсон бололтой. Харин сөрөг хүчинд үүнд сэтгэл ханасангүй, дэвүүр тараасан хэргийг прокурорын албанд хандана шалгуулна гэжээ. Хууль зүйн сайдаас өмнө нь огцроод байсан Юко Обучи бас л сонгуультай холбоотой асуудлын улмаас тушаалаасаа буужээ. Мөн л сөрөг хүчнийхэн Обучийн удирдаж байсан улс төрийн олон сангийн орлого ба зарлагыг судлах явцад янз бүрийн зөрчил илрүүлж тайлбар хийхийг шаардсан юм. Обучийн удирдаж байсан нэг сан гэхэд л түүний хамаатнуудын мэдэлд байдаг дэлгүүрүүдээс 35 сая ам.долларын эд зүйл худалдан авсныг улс төрийн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж дүгнэжээ.

Үүний дээр 2009-2011 онд өөр хоёр сан Обучийн дэмжигчид ба бусад сонгогчдод зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулахад 400 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Үүнийг сөрөг хүчин иргэдийн саналыг худалдан авсан хэрэг гэж үзэж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танхимынхаа хоёр сайдын огцрох хүсэлтийг хүлээн аваад орыг нь эзлэх нэр дэвшигчийг ойрын хугацаанд зарлана гэв. Үүний дээр огцорсон сайд нарыг томилоход оролцсон тул хариуцлагаа ойлгож байгаа гээд ард түмнээсээ уучлал хүсчээ.

Нэг өдөр хоёр чухал яамны сайд огцорсон явдалд Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газрын рейтингийг сүрхий ганхуулсан нь мэдээж. Нэн консерватив үзэлтэй Японы улс төрийн өндөрлөгт эрэгтэйчүүд дийлэнх олонх байдгийг өөрчлөн жендерийн тэгш эрхийн хэрэгжүүлэх уриан дор есдүгээр сарын эхээр Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон таван эмэгтэй улстөрч бүхий бүлгийн хоёр нь Мидори Мацушима, Юко Обучи нар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан