Америкийн эрх баригчид улсаас нь сайн дураар гарч нутаг буцсан нацистын гэмт хэрэгтнүүдэд нийгмийн халамж гэж олон жилийн турш хэдэн сая ам.доллар өгч байжээ. Америкийн Хууль зүйн яам нийгмийн халамжийн хуулинд байсан цоорхойг ашиглан 1979 оноос хойш Америкаас гарч явсан 66 нацист гэмт хэрэгтний 38-д нь халамж гэж олон жилийн турш хэдэн сая ам.доллар өгч байсныг “Associated Press” агентлагийн сэтгүүлчид хоёр жилийн турш эрэн сурвалжилсны явцад тодруулснаа зарлалаа. Дайны дараа нацистын 10 мянга гаруй гэмт хэрэгтэн Америкийн Засгийн газартай тусгай гэрээ байгуулан АНУ-д орж ирсэн байдаг. Тухайн үедээ дөнгөж эхэлж байсан хүйтэн дайны шаардлагад нийцүүлэн нацист хэрэгтнүүдийн Зөвлөлт, коммунизмын эсрэг дайтаж байсан туршлагыг ашиглах гэсэн шалтгаар ийм олон хүнийг нутаг дээрээ орогнуулсан гэдэг.
Тэдний цөөнгүй нь Америкийн иргэн болж удалгүй тэтгэвэр, нийгмийн халамж авч эхэлсэн байна. Гэвч дэлхий даяар нацистын гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлах, шүүж яллах, нууж байсныг улсыг олон улсын давцанд хүчтэй шүүмжлэх аян эхэлсний дараа АНУ нацистуудыг нутаг руу нь буцаан явуулж эхэлсэн аж. Гэхдээ Америкт олон жил болсон иргэншил авсан хүмүүсийг шүүхдэн нутаг буцаах маш хэцүү, цаг, зардал ихтэй байсан тул тусгай тохиролцоо хийж эхэлжээ. Тохиролцооны дагуу америкийн иргэншлээс сайн дураар татгалзан нутаг буцсан нацист хэрэгтэнд нийгмийн халамжийг нь Америкаас тасалдуулалгүй өгч байсан байна. Нацистуудын халамж хэлбэрээр Америкаас авсан мөнгөний хэмжээ 1999 оны үед 1,5 сая ам.доллар хүрсэн байж.