Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирландад хуулийн цоорхойг хаав

Ирландын эрх баригчид том компаниудад татвараас зугатах боломж олгодог байсан “цоорхойг” хаажээ. “Double Irish” нэртэй энэ цоорхойг ашиглан үндэстэн дамжсан том корпорациуд төлдөг татварынхаа хэмжээг хоёр хүртэл хувиар багасгадаг байж. Жилдээ олон зуун сая, хэдэн тэрбум ам.долларын орлоготой ажилладаг компаниуд хоёр хувийн татвараа төлөлгүй үлдээнэ гэдэг асар их мөнгө болдог. Энэ аргыг хэрэглэхийн тулд улс дамнасан том корпорациуд толгой компаниа Ирландад албан ёсоор бүртгүүлдэг, бүртгүүлсэн компани нь заавал тус улсад үйл ажиллагаа явуулдаг, татвар төлөгч байх албагүй. Дараа нь бусад улсад явуулсан үйл ажиллагаанаасаа толгой компанийн эзэмшдэг оюуны өмчийн ашигласны төлбөр гэж их хэмжээний мөнгийг Ирланд руу шилжүүлнэ. Шилжүүлсэн мөнгийг дараа нь татвар төлдөггүй Бермуд, Кипр гэх мэт оффшор бүсэд бүртгэгдсэн өөр нэгэн охин компани руу шилжүүлж бултуулдаг аж.

Ирландын хуулийн энэ цоорхойг Америкт үйл ажиллагаа явуулдаг өндөр технологийн болон эм үйлдвэрлэлийн компаниуд өргөнөөр ашигладаг. Цоорхойг хааснаар дараа жилийн нэгдүгээр сараас эхлэн Ирландад бүртгэлтэй компаниуд нь бас давхар татвар төлөгч болж “Double Irish”-ийг ашиглах боломжгүй боллоо. Гэхдээ цоорхойг хаахдаа бүртгэлтэйгээс цаашгүй байсан компаниудыг нягтлан бүртгэлээ бүрэн өөрчилтөл зургаан жилийн хугацаа өгч. Ингэснээр том компаниуд 2020 он хүртэл “Double Irish”-ийг ашигласан хэвээр байх боломжтой болж.
Ирландын Засгийн газар нь АНУ ба Европын холбооны хүчтэй дарамт шахалтад орж өөрт нь багагүй ашигтай байсан татварын хуулийнхаа энэ цоорхойг хаасан байна.

Статистик  мэдээнээс үзвэл Европын холбоо том компаниуд татвараас бултах боломж олгодог хуулийн элдэв цоорхойноос болж жилдээ 640,2 тэрбум евро алддаг аж. Итали, Франц, Германы компаниуд Ирланд гэх мэт улс, оффшор бүсүүдийн тусламжтайгаар татвараас хамгийн их зугатаадаг тул эдгээр улсын Засгийн газар нь оффшор бүсийн хараа хяналтыг сайжруулах, татвараас бултах хуулийн цоорхойг хаах талаар идэвхтэй арга хэмжээ явуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан