Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Бумандорж: Марк бол асар өндөр хариуцлага, цаг хугацаа, хөдөлмөрөөр бий болдог урлагийн бүтээл


Монголчууд марк гэдэг хүн төрөлхтний том соёлтой танилцаад 90 жил өнгөрчээ. Энэ ойг тохиолдуулан Монголын уран зургийн галерейн зөвлөх зураач, профессор Л.Бумандоржтой ярилцлаа. Маркны товчооноос ажил амьдралынхаа гарааг эхэлсэн тэрээр Монголд маркны урлагийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваа нэгэн үеийн төлөөлөл юм.


-Та маркны урлагт хөл тавьсан түүхээ дурсахгүй юу?
-Марк гэгч энэ гайхалтай урлагт дуртай, дургүй л орсон хүн дээ. 1987 онд анхны маркаа зурж байлаа. Тухайн үед Монголын урчуудын эвлэлийн хорооны шугамаар улсын зардлаар Германы Лайпцек хотод урлагийн сургууль дүүргээд ирсэн юм. Эргэж ирээд Урчуудын эвлэлийн хороондоо ажиллана даа гэсэн юм бодож явтал тэр жил Соёлын гавьяат зүтгэлтэн Раднаабазар Монгол Улсын маркны асуудал хариуцан Германд томилогдон суухаар болсон байв. Үүнээс өмнө манайх Унгарт маркаа хэвлүүлдэг байснаа ХБНГУ болгон өөрчилсөн нь тэр байж. Энэ нь Монголын маркны ертөнцөд нэн шинэ хуудас  дэлгэсэн түүхэн үйл явдал байлаа.
Раднаабазар гуай маркны асуудал эрхлэхээр болсон тул боловсон хүчнээ бэлтгэж эхэлсний нэгэнд би онилогдсон байж л дээ. Германд зураач болсон, мөн герман хэлтэй учир намайг сонгосон болов уу. Түүнчлэн дэлхий дахины маркийг хэвлэж байсан том үйлдвэр Лайпцек хотноо байсан нь ч нөлөөлсөн биз. Тиймдээ ч дөнгөж төгсөөд ирмэгц Холбооны яамны сайдын тушаал гарчихсан хүлээж байх нь тэр.

Тэр үед яамны сайдаар Норовжав гуай ажиллаж байсан юм. Нөгөө Урчуудын эвлэлийн хороондоо ажиллана гэсээр ирсэн намайг аль хэдийнэ албан ажилд минь асуух ч  үгүй томилчихсон байв аа. Би ч юм хэлэх эрхгүй, тушаал бол тушаал. Ингээд л миний ажил, амьдралын гараа Холбооны яамны Маркны товчооноос эхэлсэн түүхтэй. Намайг ирэхэд маркны товчоон дарга Дашцэрэн гэж хүн байсан бол ахлах зураачаар Раднаабазар түүний дор Монгол зургийн нэрт уран бүтээлч Уртнасан ажиллаж байв. Тэгээд дөнгөж төгсч ирсэн нь би. Раднаабазар, Уртнасан гуай бид гурав нэг өрөөнд сууж олон төрөл, сэдвийн маркны зураг гаргаж байсан даа.

-Ердөө гурван хүн л тэр олон маркны зургийг зурдаг байсан хэрэг үү?
-Биднээс гадна гэрээгээр маркны зураг гаргадаг зураач нар ч байсан. Одоо Лондонд байгаа зураач Отгонбаяр тэргүүтэй Урчуудын эвлэлийн цөөнгүй гишүүнийг энд дурдаж болно.

-Маркны товчоонд хэр удаан ажилласан бэ?
-1987 онд төгсч ирээд 1990 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд марк гэж юу болох, хэрхэн бүтдэг, урлан бүтээх үйл ажилд ямар бэрхшээл зовлон байдаг гээд марктай холбоотой бүхий л зүйлийг сурч мэдсэн дээ. Удалгүй дэлхийн маркны урлагтай танилцах боломж олдож Холбооны яам, Маркны товчооны зардлаар Хятадын маркны томоохон үйлдвэрт очиж судалгаа хийж байлаа. Тэр үед манай Маркны товчоонд гадаад харилцааны асуудал хариуцаж байсан мундаг англи хэлтэй Хулан гэх бүсгүйтэй хоёул Бээжинд очиж маркны үйлдвэрийг нь үзэж танилцаад, гэрээ контракт хийж нүдээр үзэж, гараар барьж илүү ойроос, ёстой нөгөө тогоон дотор нь таньж мэдсэн дээ. Мөн дараа нь Уртнасан зураачтай Лайпцек хотноо очиж үйлдвэрт нь дадлагажиж байлаа. Тэр бол маш том үйлдвэр. Таван тивийн 100 гаруй улс орны хэдэн зуун саяар тоологдох маркийг хэвлэдэг гэхээр төсөөлөхөд бэрх. Өндөр хөгжилтэй, ядуу буурай гээд янз бүрийн улс үндэстний бүхий л маркийг хэвлэдэг байв. Тэр дунд анх удаа марк хэвлүүлж байсан улс орон ч байсан.

-Та яриандаа маркны урлаг гэж цөөнгүй ярилаа. Маркийг урлаг болгодог зүйл нь юу юм бол. Бид хэрэглээ талаас нь л илүүтэй мэднэ шүү дээ?
-Ер нь, марк тэр чигтээ түүх, мөн гарцаагүй бие даасан урлаг юм. Урлаг, спорт, улс төр, амьтан судлал, сансар судлал гээд бүхий л шинжлэх ухааныг багтаасан маш өвөрмөц урлаг юм. Энэ урлагт их олон хүн шимтэж дурладаг. Учир нь, тэр жижигхээн зурагтай цаасыг бүтээхэд маш их цаг хугацаа, судалгаа шинжилгээ, нарийн ажиллагаа, олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Түүнчлэн, дээр хэлсэнчлэн түүхийг дүрс зургаар хадгалан үлддэг хамгийн жижиг, хамгийн эмзэг нэгж, хэрэглүүр учир асар үнэ цэнэтэй байдаг. Ер нь, аливаа юм эмзэг байх тусмаа их үнэ цэнэтэй байдаг даа. Захиагаа уншчихаад дугтуйг нь марктай нь шатаачихдаг. Тэр марк нь цөөн тоогоор хэвлэгдсэн байя л даа. Цөөрөх тусмаа үнэ цэнэтэй болно. Гэтэл тэр шатаагаад хаячихдаг маркийг хийх гэж маш их хөдөлмөр, ур ухаан, нарийн ажиллагаа зарцуулсан учир цуглуулагчид үнэ цэнийг нь илүүтэй ойлгодог хэрэг. Ийм л учир марк урлаг юм. Тэр бүү хэл бие даасан урлаг.

-Тэгвэл энэ урлагийг хамгийн өндөр хөгжүүлсэн ямар улс орон байна?
-Олон улс орноор явж мянга мянган марк үзэж харж, судалж байлаа. Тухай бүрт Монголынхоо маркийг харьцуулна. Саяхан Нармандах зураачтай хамтран Швейцарьт үзэсгэлэнгээ гаргаад ирлээ. Швейцарийн хөрш зэргэлдээ Лихтенштэйний вант улс байдаг юм. Тэр улс маркаар дэлхийд алдартай. Маркийг томоор хэвлээд гудамжинд наачихсан байдаг тийм л гайхалтай маркны соёл, хэрэглээтэй улс. Тэнд байх хугацаандаа маркны музейг үзэж багагүй судалгаа хийсэн.

-Тэр судалгаан дээрээ үндэслээд хэлэхэд маркны урлаг манайд хэр хөгжсөн юм бол?
-Монголын маркны урлаг 90 жилийг ардаа орхиж. Энэ 90 жилийн түүхэн замнал тийм ч дардан байсангүй. Түү­хийн маш олон үеийг туулж, бэрхшээл бүхнийг давж өнөөдөртэй золголоо. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь маркны урлагтай ажил амьдралаа холбосон над шиг хүмүүсийн уулзалт байлаа. Үе үеийн маркчид уулзан өнгөрснөө дүгнэж ирээдүй хойчоо зөгнөж байна. Марк гэгч зүйл хэдэн зураачийн гараар ороод бүтчихдэг зүйл биш л дээ. Түүнийг стандарт нормын дагуу хадгалж, бүртгэл тоо гээд бүхий л юмыг нь хийдэг маш хариуцлага бүхий ажлыг гардан хийдэг складны нярав гэх мэт олон хүмүүс бий. Гадаад дотоод худалдаа хариуцдаг борлуулагч нар байна. Мөн орон нутагт зүй ёсоор нь түгээх нарийн ажил эрхэлдэг түгээгчид байна. Миний бодлоор Монголын маркны урлагийг өдий зэрэгт хүргэсэн хүмүүс бол Маркны товчооны үе үеийн ажилчид. Үүдний манаач, үйлчлэгчээс нь аваад дурдаж болно.
Миний хувьд гадаад дотоод явж чамгүй туршлага хуримтлуулсных Монголын маркны урлагт бүх л сурсан мэдсэнээ шингээхийг зорьж ир­сэн. Аль болох шинийг сэ­дэж түүнийгээ ажил хэрэг бол­гон марк гэгч зүйлийг өн­дөр түвшинд хөгжүүлэхийг эр­хэмлэн ажиллаж байлаа. Өдгөө 90 жилийн өндөрлөгөөс ха­рахад Монголын маркны ер­төнц үнэхээр арвин баялаг сан хөмрөгтэй болж. Өдгөө Монгол маркны 90 жилийн ойгоор сэдэвт маркны анхны өдрийн дугтуй, маркны хав­тас, дардас гээд шинэ төрөл зүйлүүд хэвлэгдэн гарлаа.

-Маркны зургаар дагна­сан тань шиг зураачдын бусад уран бүтээлчдээсээ ялгарах ажлын онцлог, арга барил гэж байх уу?
-Маркны зураг маш нарийн ажил. Мэдээж хэрэг дөрвөн метр урттай тосон зураг зурж байсан хүн чинь юу юугүй шүдэнзний хайрцаг шиг жижигхэн юм зураад эхлэхээр ёстой тэнгэр газар шиг ялгаатай болж ирнэ дээ. Наанадаж нүдний хараа, гарын ур шаардахаас гадна техник технологи ч шаардана. Ил захидлын хэмжээний марк зурахад ёотон шиг жижигхэн юм үйлдвэрээс гарна.
Бусад зураач, чөлөөт уран бүтээлчтэй харьцуулвал, бидний зурах сэдэв юун тү­рүүнд батлагдчихсан байдаг. Уран зураг, бар зураг, зураасан зураг, Монгол зураг гээд бусад төрлүүдтэйгээ адил мэт боловч ажиллагаа огт өөр. Жилд тийм сэдвийн төчнөөн марк зурна гэхчлэн. Үүн дотроо шинжлэх ухааны тэд, урлаг соёлын холбогдолтой тэд гэхчлэн маш нарийн заана. Ургамал амьтан, угсаатан зүй гээд бүгдийг нь батлаад өгчихнө. Бидний зүгээс энийг нь авъя, тэрийг нь авахгүй, хийхгүй гэх эрх байхгүй. Хуваарийн дагуу зураач нарт марк оногддог. Би анх сансрын цуврал марк зурж байсан юм. Тэр цувралыг зурахад үнэхээр хүнд байсан. Уран сэтгэмжээр зурж болохгүй. Гөрдөөд өөрийнхөөрөө дайраад байж болохгүй. Тэдгээр сансрын техникийг бүгдийг нь зөв зүйтэй зурах ёстой. Эрэг шураг дутааж, нэмж болохгүй. Дүрс хэлбэр, өнгө будгийг нь өөрчилж болохгүй. Ийм учраас л маш их судалгаа хийхийг шаарддаг. Тухайн үед сансрын хөлөг, одон орон судлал одоогийнх шиг хөгжөөгүй байсан тул надад хүнд байсан. Тэдгээр техник хэрэгсэл хөлөг онгоцтой холбоотой маш их материал цуглуулж байж нэг юм зурна. Зурж дуусаад хэвлэгдэнэ гэж байхгүй. Юун түрүүнд уран сайхны удирдаачдаа үзүүлнэ, маркны товчооны даргаар нягтлуулна. Тэгээд ч болоогүй орлогч сайдын гар дамжиж том сайдын ширээн дээр очно. Энэ олон шат дамжсаны дараа нөгөө муу маркаа бариад саарал ордон руу гүйнэ дээ. Ордонд маркны асуудал хариуцсан үзэл суртлын хэлтэс гэж байлаа. Тэр хэлтсээр орж гарын үсэг авбал марк хэвлэгдэх зөвшөөрөл олгож байгаа нь тэр. Энэ их гарын үсэг цуглуулсны дараа хэвлэх үйлдвэрт очно доо. Болоогүй ээ, марк хугацаандаа хэвлэг­дээгүй бол асар өндөр хариуц­лагад унана. Тэр маркийг хэвлэх гэж байсан нөгөө Лайпцекийн үйлдвэр Монгол Улсын Холбооны яаманд торгууль тавина. Тийм учраас улс гүрэн дамжсан энэ их хариуцлагын ард гарахын төлөө өдөр шөнөгүй сууж байсан нь цөөнгүй.

-Тэгэхээр марк бүтээхэд зураач хүний чөлөөт сэтгэл­гээ, уран сэтгэмж ямар үүрэгтэй болж таарч байна?
-Зургийн бусад төрөл жанраас ялгаатай нь уран сэтгэмжээрээ нэг цэг ч хатгадаггүй. Амьтны дүрс, сэдвийн марк зурлаа гэхэд нөгөө амьтнаа сүүн, өвсөн тэжээлтэн аль нь болох, хаагуур нутагладаг, идэш тэжээл нь юу юм, өнгө зүс нь ямар байдаг, жилд хэчнээн төллөдөг гээд бүхий л талаас нь мэдэх ёстой. Үүний дараа шууд хуулаад зурчих бус зо­хиомж, дүрслэл, үг үсэг гээд бүгдийг нь нарийн тоо­цон гаргана. Ямар шрифт сон­гох, үг үсгээ дээр нь би­чих үү, доор нь бичих үү гэд­гээ шийднэ. Хээ угалзаар чим­бэл дүрс, зурагтайгаа их на­рийн уялдаж байх ёстой. Ургамал, амьтан, урлаг соёл, спорт, танин мэдэхүй гээд бүхий л сэдвийн марк ийм л зарчмаар бүтдэг. Хүн харахад жижигхэн цаас мэт боловч асар өндөр хариуцлага, цаг хугацаа, хөдөлмөр шаардаж бий болдог урлагийн бүтээл. Тиймдээ ч марк цуглуулагчид хуучны, ховор гэсэн маркны төлөө тэмцэлддэг хэрэг.Бид­ний зүгээс дээр дурдсан на­рийн ёс, дэг жаягийг ба­римт­­­лахаас гадна аль ч улс оронд очсон Монголын марк гэх хэв загварыг шингээхийг зорьж ирсэн. Ер нь, маркны зу­раг гэдэг одоо бодоход уран зураг, хийсвэр абстракт, ор­чин үеийн модерн урлагаас өөр биеэ даасан урлаг юм даа.

-Зураач хүний хувьд өөрөө хүсээд ийм сэдвээр зур­маар байна ч гэдэг юм уу өөрийн саналаар марк бү­тээх боломж байдаггүй гэсэн үг үү?
-Яахав, зарим тохиолдолд зураач нар санал хэлэх боломж олддог байсан. Би нэг ийм юм зурчихмаар байх юм, спорт сонирхолтой санагдаад байна, амьтан ургамлыг би дааж авъя гэдэг ч юм уу. Зарим нь санал болгосон сэдвээ авч байхад зарим огт өөр, дургүй юмаа ч авна. Өөрөө сонирхож байгаа сэдвээ авчихвал зураачид илүү амар байдаг юм. Судалгаа хийхээс эхлээд марк эцсийн байдлаар гартал ажил их хөнгөн, урсгалаараа явчихдаг, зовлон багатай.

-Таны хамгийн ихээр хүсч зурсан маркны зураг юу байв?
-Би шавж хорхой, амьтны зураг илүү дуртай. Сансрын хөлөг, машин техник зурахаас илүү сонирхолтой байдаг юм. Яагаад гэхээр тэр эрвээхэйний олон өнгө, навчны хэлбэр, хэмжээ, амьтан ургамлын төрөл зүйл гээд асар өргөн цар хүрээтэй сэдэв юм. Эдгээрийг зурахын тулд бүгдийнх нь тухай уншиж судалж товч мэдээлэл цуглуулна. Эдгээр нь нийлж ургамлын тухай асар өргөн мэдлэг болж үлддэг. Энэ талаараа шавж, ургамал зурах их дуртай. Эдгээрийн тухай мэдээлэл хоорондоо заа­вал уялдаатай байдаг нь сонирхол татдаг байх. Харин хамгийн дургүй сэдэв маань улс төр. Жишээ нь, аль нэг албан байгууллагын ой тохиолоо гэхэд “Тэгж зур, ингэж ч зур” гээд санаа­гаа өгчихдөг. Энэ нь их баригд­мал болгочихдог муу талтай. Зохиолчдын холбооны 50 жилийн маркийг зурж бай­сан са­нагдана.  Гэхдээ марк дот­роо баримтат зүйлийг дүрс­­­­лэх чиглэл гэж бий. Улс төр, цэрэг армийн сэдэвтэй цөөн­­гүй марк зурсаан. Одоо бо­­до­ход үүрэг даалгавар авч ажиллаж байсан нь намайг тө­лөв­шүүлсэн гэж хэлж бол­но. Хариуцлага, тэвчээр ха­туу­­­­­жилтай болсноос гадна цаг маш сайн баримталж сурсан даа.

-Тэр олон мянган марк дээрээс өөрийн нэрээ харах нь маркны зураач хүний нэг бахархал байх?
-Бидний үед зурсан марк дээр автор тавиулдаггүй бай­сан. Яамнаас “Марк бол үнэт цаас” гээд юун нэр ус тавиулах. Харин 1990 оноос дэлхийн жишгийг дагаж зураачийнх нь нэрийг тавихыг зөвшөөрсөн юм. Үүнийг би маркны урлагт гарсан том дэвшил гэж боддог. Дээр нь марк цуглуулагчдын ажлыг ч хөнгөлж өгч байгаа юм. Хуучны нэргүй гарсан маркуудыг манай цуглуулагчид “Энийг нь хэн гаргасан юм бол, энэ нь хэнийх вэ” гэхчлэн мэдэхгүй, хольж хутгах нь их байсан. Харин нэр тавьдаг болсноос хойш бүх юм цэгцтэй болж эхэлсэн.

-Та бүхний судалж байж гаргасан загвар, хичээж байж зурсан зураг эцэстээ яг тэр хэвээр хүмүүст хүрэх эсэх нь хэвлэлтийн чанараас их хамаарна биз?
-Нэг удаа хөгжилтэй ч юм шиг, хөөрхийлөлтэй ч юм шиг явдал болов оо. Ажил тарчихаад Төв шуудангаар ороод гарсан юм. Гэтэл нэг их таньдаг захидлын дугтуй байна. Би ч “Энэ муухай юмыг хэн зураа вэ” гээд эргүүлээд хартал Л.Бумандорж гэж байдаг байгаа. /инээв/ Манайх өмнө нь маркнаас гадна ил захидал, дугтуй, захианы хуудасны толгой зэргийг Монголдоо хэвлэдэг байсан. Тэр үед зураач нар донжийг нь олсон гоё ганган зурдаг ч хэвлэх үйлдвэр өнгө будгийг нь яг таг олж хэвлэдэггүй байлаа. Гэхдээ энэ нь улсын хэвлэх үйлдвэрийн ажилчдын буруу биш тэр үеийн хэвлэхийн технологийн хоцрогдлоос л болж байгаа юм. Яахав, олон шат дамжлагаар орж багагүй засвар хийдэг байсан учир анхны өнгө төрхөөсөө огт өөр болох нь их. Дээр нь хэвлэлт муу болохоор бүр танигдахын аргагүй болчихдог үе ч бий. Ямар сайндаа л өөрийнхөө зурсныг танихгүй байх вэ. Гэхдээ тухайн үеийн гарцаагүй доголдол гэх юм уу даа. Одоогийн хэвлэлийг тэр үеийнхтэй харьцуулашгүй. Маш олон хувийн компани хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хэрэглэгчийн хүссэнээр хэвлэж байна. Энэ бол техник дэвшлийн л гавьяа юм шүү дээ.

-Зарим улс оронд хориг­лож цээрлэдэг өнгө, дүрс байдаг шүү дээ. Манайд тийм зүйл байдаг уу?
-Манайд яг энэ тэр гэж хорих юм байдаггүй. Тухайн маркны өнгөнүүд хоорондоо үнэхээр зохицож байвал хорьдоггүй. Монгол маркны онцлог нь үндэсний хээ угалз түлхүү орсон, монгол бичгээ тусгахыг эрмэлзсэн байдаг. Мөн “Монгол шуудан” гэж заавал кирилээр бичнэ. Үүний доор “Mongolia” гэж англиар бичдэг байлаа.

-Өмнөх нийгмийн үед марканд улсаас их анхаар­даг байж. Одоо­гийнхтой харьцуулвал?
-Мэдээж ялгаа их. Тэр үед дээрээс үүрэг даалгавар өгч марк бүтээлгэдэг нь нэг талаар урлаг, уран бүтээлчийг чөлөөт сэтгэлгээг хааж, цагдаж байсан мэт боловч манайх дан ганц тийм байсангүй. Социалист улс орнууд бүгд тийм хатуу чанга байж. Гэхдээ уран бүтээлч, зураачдаа хөгжүүлэх тал дээр их дэмжиж тусладаг байлаа. Гадаад дотоод их явуулна, дэлхийн томоохон маркны үйлдвэрүүдтэй танил­цуулна. Тиймдээ ч Маркны товчооны хамт олон зангидсан гар шиг нэгдэж, нягт нямбай ажилладаг байлаа. Тэр үед Маркны товчоо зураач нарыг будаг шунх гээд хэрэгцээт юмаар нь хангадаг байсан. Урчуудын эвлэлийнхэн орос гуаш, будаг хэрэглэдэг байсан бол бид чинь Голланд будаг, барууны бийр багаж хэрэглэнэ. Тэр ч бүү хэл давгүй сайн марк зурвал жаал жуул шагнал урамшуулал ч авдаг байлаа.
Одоо Цэнгэл зураачаас гад­на манай Дүрслэхийн сургуулийг дүүргэсэн нэг залуу товчоонд байна. Энэ хоёр маань өнөөгийн маркны өнгө төрхийг тодорхойлж байна. Залгамж халаа юм даа. Дээхнэ үед маш олон сэдвээр зурдаг  байлаа. Одоо харин арав орчим сэдвийн хүрээнд л зурж байх шиг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан