Хятадын махны үйлдвэрүүд 2004 оноос хойш анх удаа Орос руу гахайн мах экспортлож эхэлсэн тухай “РИА-Новости” агентлаг мэдээлж байна. Хятадад ажиллаж буй Оросын хөдөө аж ахуйн хяналтын албаны мэргэжилтнүүд гахайн махны бэлтгэл ба ачилтыг газар дээр хянан лацдаж ломбодсон аж. Ингэснээр 10 жилийн дараа Орост нийлүүлэгдэж байгаа эхний удаагийн 800 тонн гахайн мах хэдхэн хоногийн дараа Оросын дэлгүүрээр зарагдаж эхлэх нь.
Украины хэрэг явдалтай холбоотойгоор Өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авсны хариуд Орос нь Өрнөдийн орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Энэ хоригийн дараа Орост зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хомсдол үүссэн юм. Манай хойд хөршийн эрх баригчид энэ хомсдлыг арилгахын тулд Өмнөд Америк, Азийн орнуудтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэх талаар хэд хэдэн тохиролцоонд хүрсэн.
Хятадаас нийлүүлж байгаа гахайн махны импортоор АНУ, Канадаас авдаг байсан нийлүүлэлтийг бүрэн орлуулах аж.
Үүнээс гадна Москвад Хятад ба Оросын Ерөнхий сайд нар уулзаж санхүү, арилжаа, эрчим хүчний салбарыг хамарсан 40 гаруй гэрээнд гарын үсэг зурлаа. Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас хязгаарлагдаад байсан боломжоо тодорхой хэмжээгээр эргэн сэргээх боллоо. Тухайлбал, Оросын банкууд Хятадын банкуудаас урт хугацааны зээл авах боломжтой болов. Оросын “Гадаадын худалдааны банк”, “Гадаад эдийн засгийн банк” Хятадын “Эксимбанк”-аас тус бүр хоёр тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Гэхдээ Хятадын банкнаас авсан зээлийг зөвхөн БНХАУ-аас бараа үйлчилгээ авах, хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой аж.
Мөн хоёр улсын төв банкууд нийт 150 тэрбум юанийн своп хэлэлцээ байгуулсан байна.