Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эбола хүрээгээ тэлсээр

Эбола тахал нь урьдчилан сэргийлэх вакцингүй, туйлын халдвартай, эмчилдэг эмгүй гэдгээрээ аймшигтай. Эдгэрдэггүй өвчин тив алгасан өндөр хөгжилтэй өрнөдийн орнуудад халдварлаад эхэлсэнд иргэд ихэд түгшиж байгаа юм. Африкт очихдоо халдвар авсан америк залуу нутагтаа ирээд нас барсан бол түүнийг эмчилж байсан өөр нэг хүн халдвар аваад эмчлүүлж байна.
Африкт Эболагаар өвдсөн хүмүүсийг асарч байсан шашны номлогч Испанид ирээд нас барахад мөн л түүнийг асарч эмчилж байсан нэг сувилагч халдвар авч, ахин хоёр сувилагчийг карантинд байрлуулан бусдаас тусгаарлав.
Канадын Оттава  ба Белльвилль хотод амьдардаг хоёр хүнийг Эболагийн вирус халдварласан байж болзошгүй гэж үзэн тусгаарлан шинжилгээ хийж байна. Тэдний нэг нь тахал дэгдээд байгаа Баруун Африкаар аялаад ирсэн аж.
Германд байхдаа Гвинейгээс ирсэн хүмүүстэй ажиллаж байсан гэсэн нэг хүнийг Польшид Эболагийн халдвар авсан байж болзошгүй гэж тусгаарлан шинжилгээ хийж байна.

Чехийн Карлов Вар сувиллын газар Нигерид байж байгаад ирсэн эмэгтэйг мөн л аймшигт өвчний халдвартай байж магадгүй гээд тусгаарлан шинжилгээ хийж байгаа аж.
Гвинейд байж байгаад ирсэн Бельгид ирсэн хүнийг өндөр халуурсных нь дараа Эболагийн халдвар авсан гэж сэжиглэн тусгаарласан байна.
Сербид Африкийн Эбола дэгдсэн орнуудаас ирсэн 700 орчим хүнийг олноос тусгаарлан карантинд оруулж, шинжилгээ явуулж байна.
Македонид мөн л Африкаас Эбола тээж ирсэн англи хүн нас барсан тухай мэдээ гараад байна.
Халдвар илэрсэн улсын иргэд ихэд айж эмээн эрх баригчдаас аюулт өвчнөөс хамгаалах найдвартай арга хэмжээ авахыг шаардан янз бүрийн эсэргүүцлийн арга хэмжээ явуулалаа. Америкийн нисэх буудлуудад онгоц цэвэрлэдэг 400 гаруй ажилчин Эболагийн вирусээс хамгаалах арга хэмжээ авахыг шаардан нэг өдрийн ажил хаялт зарласан.

Испанид халдвар гарсан эмнэлгийн эмч, сувилагч нар ажил хаялт зарласан вирусээс найдвартай хамгаалах аргыг нэвтрүүлэхийг шаардлаа. Халдвар авсан испани сувилагч нь африкаас өвдөж ирсэн хүний живхийг солих, нас барсных нь дараа хувцсыг нь авахын тулд хоёрхон удаа өрөөнд нь орсон ч Эбола туссан болохоор урьд нь аваад байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ бодит үр дүн өгөхгүй байна гэж эмч нар үзсэн байна. Ийнхүү Эболагаас бүгд айж эмээн тайван унтаж чадахгүй байхад тус өвчнийг тайлбарлаад байгаатай адил тийм ч аймшигтай биш гэх мэргэжилтнүүд бас гарч иржээ. Швейцарийн Берн хотын их сургуулийн дархлал зүйн профессор Бед Стадлер Европт Эбола ямар ч ноцтой аюул учруулахгүй, тэгээд ч ойрын хугацаанд Эболагаас сэргийлэх вакцин зах зээлд гарах гэж байгаагийн дээр Европын орнуудын эмнэлэг, анагаах ухааны салбарын хөгжил, түвшнийг Африкийн улсуудынхтай зүйрлэх ч хэрэггүй гэж мэдэгдлээ. Тэрээр “Эболагийн далд үе нь 20 хоног. Энэ тийм ч их биш. Иймд бид халдвар авсан байж болзошгүй хүн хаана байгааг ямагт мэдэж байх боломжтой тул вирус хяналтгүй тархах боломжгүй” гэв.

Мөн Европт ариун цэврийн дүрэм Африкаас тэс өөр. Наад захын жишээ татахад л Африкт  Эболагаар нас барсан хүнийг нутаглуулахад төрөл садан нь үнсэх, тэврэх гэж дайрдаг байхад энд шууд чандарладаг, эмнэлгийн ажилтнууд ч сайн сургагдсан тул хорио цээр тогтоох, сахихыг маш сайн мэддэг гэж онцолжээ.
Эболагаас ингэтэл их айж байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж Стадлер профессор тайлбарлав. Тэрээр “Нас баралт хэт өндөр. Хоёрт, Эболагаар өвдөж нас барсан хүний харагдах байдал ой гутмаар. Хүн бөөлжиж, гүйлгэж, дотор эрхтэн нь ажиллахаа больж, хамар, буйлнаас болон дотуур цус алдан нас бардаг. Харин эмнэлгийн мэргэжилгүй жирийн хүмүүсийн хувьд энэ бүхэн үнэхээр аймшигтай харагдахаас өөр аргагүй” гэж. Ийм байхад ард иргэдийг  тайвшруулж, тайлбарлахын оронд үндэслэлгүй дуулиан тарьж айдас түрүүлж байгаагийн гол буруутан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж Стадлер мэдэгдлээ. ДЭМБ-ыг олныг хамарсан айдсаар далимдуулж шаардлагатай хөрөнгө мөнгө цуглуулж чадна гэж найдаж байгаа, шувууны болон гахайн ханиадын үеэр яг ингэж байсан гэж зэмлэв. Улмаар энэ бүх дуулианаас хамгийн хожих нь эм үйлдвэрлэгч том компаниуд гэсэн байна.

Харьцуулахад, Эболагаас болж 4000 гаруй хүн нас барсан, 8000 гаруй хүн халдвар авсан байдалтай байна. Нас баралт маш өндөр 50 гаруй хувьтай байгаа. Гэтэл ДОХ өвчнөөр Африкт энэ жил сая гаруй, галзуу өвчнөөр 50 мянга гаруй, гүйлгэх өвчнөөр 603 мянган хүн, уургын дутагдлаас 200 мянга гаруй хүн нас бараад байна. Цаашилбал, Баруун Нилийн болон шар хумхай өвчнөөр жил болгон 50 гаруй хүн нас барж байна. Хүмүүс хэдийнэ тоохоо больсон томуу ба томуу төст өвчин жилдээ дэлхий даяар 500 мянга гаруй хүний амийг авч оддог.
Магадгүй ийм ч болоод Бед Стадлер профессор “Дурын ханиад томуу өвчин л Европын хувьд Эболагаас илүү аюултай” гэж хэлсэн байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан