Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путиныг “мөргөж унагана” гэжээ


Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт ирэх арваннэгдүгээр сард болох “Их 20”-ийн уулзалтад оролцохоор ирэх Путиныг халз мэтгэлцээнд дуудахад бэлэн гэв. Зүгээр нэг дуудахгүй мэтгэлцээний үеэр Путиныг “мөргөж унагана” гэж мэдэгдсэн нь цөөнгүй хүний сонирхлыг татаж, жүдогоор муугүй барилддаг хүнийг хэрхэн мөргөж унагахыг нь харахаар “Их 20”-ийн уулзалтыг тэсэн ядах хүлээж буй гэнэ.

Тони Эбботт нь Австрали хөлбөмбөгийн тайлбарлагчдын ашигладаг “shirtfront” гэсэн хэллэгийг ашигласан аж. Регбитэй тун төстэй энэ тоглоомонд “shirtfront” гэдэг хэллэгийг “өрсөлдөгчөө унаган бөмбөгийг нь булааж авахын тулд эгц урдаас нь мөргөх” гэж тайлбарладаг аж.

Путиныг “эгц урдаас нь мөргөж унагах” гээд байгаа шалтгааныг Тони Эбботт тайлбарлахдаа долдугаар сарын 17-нд Австралийн иргэдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг сөхнө гэжээ. Тодруулбал, Украины Донбасст Малайзын онгоц унахад олон арван австрали хүн амиа алдсаныг “аллага” гэж үзэж байгаагаа шууд тулган “Би Путинд австраличуудыг алагдсан тухай хэлэх бодолтой  байна” гэв. Өөрөөр хэлбэл “Боинг” онгоц эмгэнэлтэйгээр сүйрч, олон зуун хүний амь үрэгдсэнд Оросыг, бүр тодруулбал В.В.Путинийг шууд буруутгах гэж байгаа бололтой.
Нидерландаас Австрали явсан “Боинг” сүйрч 38 австрали хүн харамсалтайгаар амиа алдсаны дараа Оросыг энэ хэрэгт шууд буруутган хамгийн хатуу шүүмжилсэн улстөрчдийн нэг нь Тони Эббот байсан, одоо ч байсаар. Тэрээр “Боинг” унасны дараа хийсэн анхны мэдэгдэлдээ л Оросын талыг Украины зүүн мужийн босогчдод агаарын довтолгооноос сэргийлэх пуужин хууль бусаар нийлүүлж, босогчид Малайзын “Боинг”-ийг Украины байлдааны онгоцтой андууран унагасан гэж мэдэгдэж байлаа.

Тун саяхныг хүртэл Тони Эбботт энэ хэргийн улмаас Австралийн Брисбэнд болох Их 20 улсын тэргүүн уулзалтад Путиныг оролцуулахгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байв. Гэвч “Их 20”-ийн уулзалтад оролцох бусад орнуудтай зөвлөлдсөний дараа ОХУ-гүйгээр дэлхийн хэмжээнд олон асуудлыг шийдэх боломжгүй гэж үзээд Путинд урьд нь явуулаад байсан урилгаа хүчинтэй хэвээр үлдээсэн ажээ.
Улмаар өөрийг нь Путинтэй гар барьж уулзлаа гээд олон хүн түүнд уурлаж бухимдах байх гэдгийг Тони Эбботт хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Путиныг Австралид ирэхийг хориглож байснаас нүүр нүүрээ харан уулзаж, харилцан ярилцах нь илүү хэрэгтэй, ашигтай гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Эцэст нь, шударга үнэн гарцаагүй ялахад шаардлагатай бүх зүйлсийг Оросын тал хийх болно гэсэн амлалт Путинээс авна гэдэгт найдаж байгаагаа онцолсон байна.
“Шударга үнэн” гэдэг нь энэ тохиолдолд тун маргаантай ойлголт болж таарах биз. Өрнөдийн орнуудын хүлээгээд байгаа шударга үнэн гэвэл Малайзын онгоцыг унагасан пуужинг ОХУ босогчдод нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч бүх бурууг хүлээн дэлхийн нийтийн хатуу шүүмжлэл, бүр ч их хориг арга хэмжээний бай болох. Харин Оросын тал, Украины босогчдын шударга үнэн гэдэг нь Украины байлдааны онгоц “Боинг”-ийн сөнөөсөн гэсэн хөдөлшгүй нотлох баримтыг гаргаж ирэх. Энэ хоёр туйл хоорондоо ойрттол нэлээд хэдэн жилийн нүүр үзэх тул Австралийн Ерөнхий сайд Путинийг “мөргөж унагана” гэсэн сүржин мэдэгдэл нь Путин, ОХУ эсвэл Дэлхийн нийтэд гэхээс илүүтэйгээр дотоодын сонгогчдод зориулан хийсэн, өөрийн болон намынхаа рейтингийг өсгөх гэсэн алхам гэж үзэхэд онц буруудахгүй байх.

Тэгээд ч Ерөнхий сайд Тони Эбботтыг ийм сүржин мэдэгдэл хийхэд хүргэсэн гол шалтгаан нь Австралийн сөрөг хүчний гол удирдагчийн нэг Билл Шортений өмнө нь хийсэн мэдэгдэл болсон юм. Билл Шортен “Путин ичих нүүртэй хүн бол Их 20-ийн уулзалтад оролцохоор Австралийн Брисбенд ирэхгүй байх ёстой” гэсэн. Гэхдээ Орос шиг улсын Ерөнхийлөгчийн талаар Австралийн Засгийн газар дангаар шийдвэр гаргаж чадахгүй гэдгийг ойлгож байгаагаа мэдэгдсэн ч Путиныг дэлхий нийтийн өмнө “хамраа сөхсөн, олон улсын хулиганы өмнө улаан хивс дэвсэлгүй” хүйтэн угтаж авна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.
Ийнхүү Австралийн улстөрчид Путинд хэн нь илүү дургүй вэ гэдгээ харуулахаар цэц сорьж байх зуур Путин “Их 20”-ийн уулзалтад оролцохоор болсноо албан ёсоор мэдэгджээ. Австралийн Сангийн сайд Жо Хоки удахгүй болох гэж байгаа уулзалтын талаар Оросын Сангийн сайд Антон Силуановтой ярилцах үеэр Путиныг уулзалтад оролцоно гэдгийг бататгасан байна.

 “Их 20”  гэдэг нь дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засагтай улсуудын төв банкууд ба Засгийн газрын төлөөлөгчдийн оролцсон олон улсын санхүүгийн асуудлаар хамтран ажиллах, зөвлөлдөх, шийдэлд хүрэх чуулга уулзалт юм. Энэ чуулга уулзалтад Австрали, Аргентин, Бразиль, Их Британи, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Канад, БНХАУ, Мексик, ОХУ, Саудын Арави, АНУ, Турк, Франц, Өмнөд Солонгос, ӨАБНУ,  Япони гэсэн 19 улс ба Европын холбоо оролцдог. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Олон улсын валютын сан, Олон улсын худалдааны байгууллага, НҮБ, Дэлхийн банк зэрэг нөлөө бүхий олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцдог.
“Их 20” –д оролцдог орнуудад дэлхийн ДНБ –ий 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувь, дэлхий хүн амын 2/3 ногддог тул хүчирхэг, нөлөөтэй байхаас өөр аргагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан