Арабын Нэгдсэн Эмиратын барилга дээр ажилладаг Бангладеш, Пакистаны ажилчид хоорондоо зодолдож хоёр хүн баривчлагдсан тухай “Khaleej Times” сонин мэдээлж байна. Арабын Нэгдсэн Эмиратад баригдаж байгаа бүх л том барилгууд дээр гадаадын ажилчид ажилладаг. Тэд эмиратын иргэдээс хамаагүй бага цалин авдаг, дуулгавартай, олон цагаар ажилладаг, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр шаардлага тавьдаггүй гэсэн “давуу” талтай байдаг аж. Гэхдээ Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орноос ирсэн ажилчид хоорондоо тэмцэлдэн үймээн самуун дэгдээх нь цөөнгүй. Жишээлэхэд, Энэтхэгээс ирсэн сикх үндэстнүүд дайнч түрэмгийн зантай тул бусад улсын ажилчдыг зодож, амь насанд нь хүрсэн хэрэг гарсны дараа тэднийг Эмиратад ажиллуулахаас татгалзаж байсан.
Энэ удаад Бангладеш, Пакистанаас ирсэн ажилчдын хоорондох мөргөлдөөн крикетийн тэмцээний үеэр гарсан байна. Дубайд болж байсан Австрали, Пакистаны крикетийн шигшээ багуудын тоглолтын үеэр бангладеш ажилчид Австралийн шигшээг дэмжлээ гэж пакистан ажилчид уурлан тэднийг зодож танхайрчээ. Үймээний үеэр таван машин шатаж, ажилчдыг хөлсөлсөн компанийн оффис сүйджээ.