Пакистаны 17 настай Малала охиныг Нобелийн энх тайвны шагналтнаар тодруулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татлаа. Дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй шагнал гэгддэг Нобелийн шагналыг хэзээ ч ийм залуу хүн авч байгаагүй болохоор аргагүй биз. Хоёр жилийн өмнө Малала Юсуфзайг охид хөвгүүдтэй адил сургуульд явах, боловсрол эзэмших эрхтэй байх ёстой гэж блог дээрээ бичиж талибуудыг шүүмжилсний төлөө шашны хэт явцуу үзэлтнүүд түүний сууж автобус руу дайрч толгойд нь буудан шархдуулсан хэргийн дараа зоригтой охины тухай дэлхийн нийтээр олж мэдэж байсан юм. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн бүх том агентлагууд Малала охины хийж байсан тэмцлийн талаар бичих болсноор тэрээр дэлхийн хэмжээнд охидыг дарлахыг эсэргүүцэгч хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон юм.
Юсуфзай
Малала 16 насныхаа төрсөн өдрөөр буюу жилийн өмнө НҮБ-ын төв байранд үг хэлэхэд олон улсын төлөөлөгчид түүнийг хүндлэн босч алга ташиж байлаа. Охины зориг, ухааныг Их Британийн хатан хаан хүндэлж урьж уулзаж байв. Дараа нь Олон улсын хүүхдийн энх тайвны шагналыг гардуулж, пакистан охидын эрхийн төлөө хийж байгаа тэмцлийг нь үнэлсэн. Хүний эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг “Amnesty International” байгууллагаас түүнд “Шударга сэтгэлийн элч” гэсэн хүндэт шагнал гардуулсан. Мөн Андрей Сахаровын нэрэмжилт шагнал, Анна Политкосвскаягийн нэрэмжит шагналыг Малалад гардуулж байв. Одоо ийнхүү Нобелийн энх тайвны шагналын эзэн болсноор төрөлх нутагтаа охидын эрхийг хамгаалахын төлөө хийж байгаа тэмцэлд нь бүр ч их эрч хүч өгсөн нь гарцаагүй.
Уг нь, дэлхийн хамгийн алдартай шагналын эзнээр нутаг нэгтэн нь тодорсон тухай мэдээг ямар ч улс нааштай хүлээж авмаар. Гэтэл Пакистанд Малалаг шагнал авсанд уурлаж дургүйцсэн хүний тоо нь баярласан хүнийхээс илүү гарч байгаа аж. Малалаг шархдсаны дараа Лондон орж эмчлүүлсэн, НҮБ-ын чуулганд үг хэлсний дараа Пакистанд түүний муулж, доромжилсон кампанит ажил эхлээд байсан бол Нобелийн шагнал авсных нь дараа бүр газар авч эхэлжээ. Шашны хэт явцуу үзлийг дэмждэг хүмүүс Малала охиныг АНУ-ын Тагнуулын төв газар хөлслөгдсөн, 800 гаруй жилийн турш шүтэж ирсэн шашныг доромжилсон, үл хүндэтгэсэн гэж ад үзэж байгаа. Өрнөдийн орнуудаас мөнгө санхүүгийн тусламж авахын тулд хүнд шархадсан болж жүжиглэсэн, эцэг нь охиныхоо нэр хүндийг ашиглан элдэв тусламжийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэт зэмлэл тасрахгүй байгаа аж. Ер нь, пакистанчуудыг Нобелийн шагналд харшилтай улс гэж болох юм. Учир нь, Малалагаас өмнө 1979 онд Пакистаны өөр нэг иргэн, физикч Абдус Салам физикийн Нобелийн шагнал авч байв. Гэтэл Саламыг лалын шашны тэрсүүд урсгал гэж шүүмжлэгддэг Ахмадий урсгалыг дагагч байсан тул пакистанчууд тэр үзэлтэнд шагнал өглөө гэж тун таагүй хүлээж авсан төдийгүй эрдэмтнийг өөд болсных нь дараа шашны хэнээтнүүд шарилын чулуун дээрх “лалын шашинтан” гэсэн бичээсийг хусч ёс бус авирласан байдаг.
Кайлаш Сатьяртхи
Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг пакистан охин ганцаараа аваагүй, түүнтэй хамт Энэтхэгийн Кайлаш Сатьяртхи авсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Малала охин олны танил болоод нэлээд хэдэн жил болж байгаа, өрнөдөд нэртэй тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Нобелийн шагналыг тэрээр ганцаараа авсан мэт өрөөсгөл байдлаар харуулж байна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Ялангуяа Пакистан Энэтхэг хоёрын харилцаанд ээлжит уудаагаа ээдрээ үүсч хилийн орчим буудалцан бас нэгэн дайн эхлүүлэх дээрээ тулаад байгаа энэ үед энэ хоёр улсын иргэд нэгэн зэрэг энх тайвны шагнал авна гэдэг маш их бэлгэ тэмдэгийн шинжтэй. Энх тайвны шагналын эзэн болсон хоёр хүн Пакистан, Энэтхэгийн хооронд үүссэн ээдрээг арилгахад нэр хүндээ ашиглана гэсэн тооцоо Нобелийн шагналын хороо хийсэн бололтой. Тэгээд ч Энэтхэгийн Кайлаш Сатьяртхийг дэлхийн хамгийн алдартай шагналд хүргэсэн зүйл нь Малалагийн хийж байсантай тун адил. Малала пакистан охидын эрхийн төлөө тэмцэж байгаа бол Кайлаш энэтхэг хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн төлөө 30 гаруй жилийн турш тэмцэж байгаа юм.
Тэрээр 1980 онд “Bachpan Bachao Andolan” буюу “Хүүхэд насыг аваръя” нэртэй хөдөлгөөн үүсгэн байгуулж Энэтхэг даяар хүүхдийн хөдөлмөр эрхлэхийг хязгаарлах, хүүхдийн сурч боловсрол эзэмших эрхийг хангахаар ажиллаж иржээ. 30 гаруй жилийн хугацаанд Кайлашийн байгууллага нь 80 мянга гаруй хүүхдийг хууль бус хүнд хөдөлмөр эрхлэхээс хамгаалах сургуульд сурах боломжоор хангасан байна.
Энэтхэгт хамгийн бага цалингаар, хүнд ажил хийж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг тул энэ байгууллагын гишүүд нь хүүхдүүдийг 14 нас хүртэл, хүнд ажил хийлгүйгээр, хүйс ялгалгүй сургуульд сурах боломжоор хангасан үлгэр жишээ тосгон, суурин байгуулахад голлон анхаардаг. Ажил нь ч амжилттай явж байгаа бөгөөд одоогоор Энэтхэгийн 11 мужийн 356 тосгоныг хүүхдүүдэд баттай боловсрол эзэмшүүлдэг хэмжээнд хүргэн өөрчилж чадсан байна. Дээр нь Кайлаш Сатьяртхи саяхан мэдэгдэл хийж хоёр улсын хооронд энх тайвны харилцааг бэхжүүлэх ажилд оролцохыг Малала Юсуфзайг уриална гэжээ.
Рейтинг
Ийнхүү хүүхдийн эрхийн төлөө тэмцэл явуулдаг хил залгаа, байнга сөргөлдөгч хоёр улсын иргэнд энх тайвны шагнал өгснөөр Нобелийн шагналын хороо нэгдүгээрт хүүхдийн эрхийг хамгаалах нь нэн чухал үйлс гэдгийг дэлхийн нийтэд харуулан сурталчилсан, хоёрдугаарт хоёр улсын хооронд баттай энх тайванч харилцаа тогтоох хэлэлцээр хийх замаар ээлжит удаагийн хямралаас гарах замыг зааж өгсөн, гуравдугаарт энх тайвны шагналын нэр хүндийг өсгөн сэргээж байгаа юм. Нобелийн шагналууд дотроос энх тайвны шагнал хамгийн их шүүмжлэлд өртдөг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Нобелийн гэрээслэл ёсоор үндэстнүүдийн энх тайвнаар оршин тогтнох, зэвсэглэлийг цөөлөх, энх тайвны төлөөр хөдөлгөөнийг зохион байгуулсан хүмүүст эсвэл байгуулагад өгөх ёстой. Нобелийн шагнал нь удаа дараалан энх тайванч гэж яагаад ч хэлэх боломжгүй хүмүүс, байгууллагад өгч байсан тул энэ шагналын нэр хүнд ихээхэн унасан гэж болно.
Альберт Швейцер (1952), Жорж К. Маршалл (1953), Мартин Лютер Кинг (1964), А.Д. Сахаров (1975), Тереза эх (1979), Лех Валенса (1983), Далай лам (1989), Михаил Горбачев (1990) Нельсон Мандела (1993) зэрэг хүмүүсийг энх тайвны шагнал авсаныг бүгд л дэмжиж байсан байх. Гэтэл 1906 онд дайн байлдаан явуулах дуртай гэдгээ хэзээ ч нуудаггүй байсан АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтэд 1904-1905 оны Орос Японы дайныг дуусгах хэлэлцээрт зуучилсан гэж шагнаснаар маргаантай хүмүүс энх тайвны шагнал авах гараа эхэлсэн гэж болно. 1945 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Корделл Халлыг НҮБ-ыг үүсгэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж энх тайвны Нобелийн шагнал өгсөн. Гэтэл Халл нь 1939 онд Төрийн нарийн бичгийн дарга хийж байхдаа фашист Германаас зугатсан 950 еврей дүрвэгчийг хүлээж авахгүй байх нь зөв гэж Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд итгүүлсэн хүн юм. Үүнээс болж еврей дүрвэгсэд буцан Германдаа ирэхэд нацистууд тэднийг баривчилж хорих лагерт хорьсноор дийлэнх нь эмгэнэлтэйгээр амиа алдсан гэдгийг Нобелийн шагналын хороо мартаж. 1973 онд Америкийн эрх ашигт нийцэж байгаа л бол аймшигт дарангуйлагч байх эсэх нь хамаагүй гэдэг байсан АНУ-ын өөр нэг Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссенжерийг Вьетнамын дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж энх тайвны шагнал өгсөн байдаг. Киссенжер цуст дарангуйлагч Пиночетийн дэглэмийг дэмжсэн, дайны үеэр дундыг баримтлаж байсан Камбожийг бөмбөгдөхийг санаачилсан, Баруун Германы канцлер байсан Вилли Брандтыг Зүүн Германтай дотносох бодлого явууллаа гэж шүүмжилж байсан хүн гэдгийг Нобелийн хороо бас л чухал гэж үзээгүй.
1994 онд Ясир Арафт, Шимон Перес, Ицхак Рабинд Израйль ба Палестины хооронд энх тайвныг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж энх тайвны шагнал өгсөн. Гэтэл Арафат нь Палестиныг чөлөөлөх байгууллагаас гадна арабын ертөнцөд алан хядах хөдөлгөөний эх үүсвэрийг тавьсан хүн гэдгийг Нобелийн хороо тоогоогүй. Дээр нь Обамаг анх удаа Ерөнхийлөгчөөр нь сонгогдсоны дараа юу ч хийгээгүй байхад нь энх тайвны шагнал өгч олныг гайхшруулсан. Юу ч хийгээгүй хүнд шагнал өгөхдөө ирээдүйд энх тайвны төлөө олон зүйл хийнэ гэж өгсөн байх.
Гэвч Обама тэр найдварыг нь хөсөрдүүлсэн гэж болно. Ливийг бөмбөгдсөн, Сирийн иргэний дайнд сөрөг хүчнийг дэмжин хууль ёсны эрх баригчдыг бөмбөгдөх гэтэл Путин химийн зэвсгийг устгах санал гаргасны хүчинд бөмбөгдөөгүй. Үр дүнд нь Сирийн химийн зэвсгийг устгасан “Химийн зэвсгийг устгах байгууллага” Нобелийн шагнал авч байсныг уншигч та санаж байгаа байх. Энэ сонголтыг шүүмжлэх хүн цөөнгүй гарсан. Устгах саналыг Путин гаргасан байтал техникийн ажил хийхээс хэтрээгүй байгууллага яагаад энх тайвны шагнал авав гэсэн яриа олон гарсан. Энэ удаад Нобелийн шагналын хороо энх тайвны шагналын эздийг тодорхойлоход илүү хариуцлагатай хандсан бололтой. Нэр дэвшсэн 234 хүн, 47 байгууллагын дундаас Энэтхэг ба Пакистаны хүүхдийн эрхийн төлөөх тэмцэгч хоёр хүнийг сонгож мэргэн шийдвэр гаргалаа. Одоо Энэтхэг Пакистаны хил орчмын буудалцааныг зогсоох, түгшүүртэй байдлыг намжаахад бодитоор ороолцоод эхэлвэл Нобелийн энх тайвны шагналын рейтинг эргээд сэргэх нь гарцаагүй.