Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канад лалын явцуу үзэлтнүүдийн талд байлдсан иргэдээ баривчилна


Энэ тухай Канадын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Стивен Блейни мэдэгдэв. Канадын иргэншилтэй эсвэл удаан хугацаагаар амьдрах зөвшөөрөлтэй 130 гаруй хүнийг Сири ба Иракт очиж лалын хэт явцуу үзэлтнүүд буюу “Лалын улс” алан хядах байгууллагын эгнээнд байлдаж байгаад  ирсэн гэж сэжиглэж буй аж. Тэдний дотроос яваандаа Канадын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэж үзсэн 90 хүнийг нь баривчлан хорихоор болсон байна.

Мөн Францын цагдаа нар Ниццад амьдарч байсан нэг айлын 11 хүн бүгд Сири рүү “Лалын улс” бүлэглэлийн эгнээнд элсэн байлдахаар явсан тохиолдлыг мөрдөн шалгаж байна. “Лалын улс” бүлэглэлийн зарлаад байгаа тэрсүүд номтнуудын эсрэг хийж байгаа шашны ариун дайн буюу жихадад оролцохоор энэ гэр бүлийн эмээгээс эхлээд зургаан настай хүүхэд хүртэл гурван үеийнхэн бүгд явсан гэдгийг цагдаа нар тогтоожээ. Францын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ гэр бүлийн шашны үзэл сүүлийн үед огцом явцуу болсон бөгөөд есдүгээр сараас хамаатан садантайгаа харилцаагаа таслан сураггүй болсон. Сургуульд явдаг байсан хоёр хүүхэд нь хичээлдээ ирэхгүй болохтой зэрэгцэн, хүүхдүүдийн эхийн “Twitter”-т Сирийн хилийн ойролцоо Туркт авахуулсан зураг гарч ирсний дараа хамаатнууд нь цагдаад хандсанаар байдлыг тодруулж чадсан нь энэ аж.
Хойд Америк, Өрнөд Европт цагаачлан ирсэн лалын шашинтнуудын дотроос Сири, Ирак руу нууцаар очиж шашны явцуу үзэлтнүүдтэй хамт байлдаж байгаа хүний тоо хэдийнэ 1000 даваад байгаа аж.  Наймдугаар сарын эхний байдлаар Сири, Иракт “Лалын улс” бүлэглэлийн эгнээнд Бельгийн 250, Германы 100, Францын 700, Британийн 400 иргэн байлдаж байсан тухай “Вашингтон пост” мэдээлж байсан юм.

Өрнөдийн орнууд Башар Асадын эсрэг зэвсэгт тэмцэл явуулж байсан сөрөг хүчнийг мөнгө, зэвсгээр эрчимтэй дэмжиж, сөрөг хүчин ч удаа дараалан ялалт байгуулж байх үед өрнөдөөс ирж байлдагчдын тоо бүр ч илүү байсан. Харин Башар Асадын арми хариу цохилт өгч сөрөг хүчин шахагдан, удаа дараалан ялагдаж эхлэхэд зарим нь нутаг буцсан гэдэг. Гэтэл одоо “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл хүчирхэгжин олон хот, суурин, томоохон газар нутгийг эзлэн аваад Лалын улс байгуулснаа мэдэгдсэний дараа Өрнөдийн орнуудаас Сири ба Иракийг зорьсон шашны хэнээтнүүдийн тоо ахин нэмэгдэж байгаа бололтой.
Өрнөдийн эрх баригчид “Лалын улс”-ын талд нууцаар явж байлдах туршлагатай болсон шашны хэнээтнүүд иргэний харьяалалын дагуу улсдаа олноор эргэж ирвэл алан хядах ажиллагаа явагдах аюул эрс нэмэгдэнэ гэж эмээж байгаа юм. Иймд нууцаар Сири, Ирак руу явсан хүмүүсийг илрүүлэх, нэр ба харилцаа холбоог нь тогтооход онцгой анхаарах боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан