Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германд хүнс, барааны үнэ огцом буурчээ


Германд бараа, бүтээг­дэхүүний үнэ огцом хямдрах нь бусдад ямар хамаатай юм бэ гэж болох. Өнгөц харахад хамаагүй мэт байж болох ч анхааралтай үзвэл хамгийн их хамаатай болж таарна.

Ньютоны гуравдугаар хууль гэж та сургуульд лав үзэж байсан биз. Мартсан бол сануулъя: Аливаа бие хоёр дахь биед F хүчээр үйлчлэхэд хоёр дахь бие нь эхний биед -F хүчээр үйлчилнэ. F ба -F нь ижил хэмжээтэй бөгөөд эсрэг чиглэлтэй. Байгалийн энэ хууль эдийн засагт ч бараг л адил үйлчилнэ. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Америк, Европын холбоо тэргүүтэй орнууд Оросын эсрэг эдийн засаг ба улс төрийн хориг арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, Өрнө дахин гэдэг нэг биет нь Орос нэртэй өөр биетэд эдийн засгийн хориг арга хэмжээ нэртэй F хүчээр үйлчилэхэд Орос нэртэй хоёр дахь бие нь эхний биед -F хүчээр үйлчилж хүнсний бүтээгдэхүүний экспортыг нь хориглосон. Үүнийг дагаад янз бүрийн сонирхолтой үзэгдэл ажиглагдаж эхэллээ.

Хүнс

Европын фермерүүд энэ жил өмнөх жилийнхээс арвин их ургац хурааж, илүү их мах, сүүтэй болж. Жи­шээлэхэд, Германы фер­ме­­­рүүдийн энэ намар ху­раа­­сан төмсний хэмжээ ре­­корд амжилт тогтоосон бол Польшийн фермерүүд алимны хураалтаараа дээд амжилт тогтоож. Энэ мэт дээд амжилт, өссөн үзүүлэлтүүд цөөнгүй. Гэтэл Орос руу асар их хэмжээгээр экспортлодог байсан хүнсний бүтээгдэхүүнийг нь манай хойд хөрш хориг тавиад авахгүй гэхээр дампуурахгүйн тулд юуны өмнө дотоодын зах зээлдээ хямд үнээр нийлүүлж эхлэхээс өөр аргагүй болно. Үүнийг дагаад дотоодын зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүний үнэ огцом хямдрах нь ойлгомжтой.

Германд гэхэд Оросын хориг арга хэмжээнээс болоод хүнсний ногоо, жимс, жимсгэний  үнэ дунджаар 30-40 хувь огцом унасан байна. ХБНГУ-ын Статистикийн албанаас  үнэ нь хамгийн ихээр хямдарсан  87 бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтаар шанцайны үнэ он гарснаас хойш 44 хувиар хямдарсан, эрдэнэ шиш, хулуу 36,4 хувиар, үрлэн лооль 35,2 хувиар, өргөст хэмх 32,7 хувиар, усан үзэм 28,9 хувиар, гүзээлзгэнэ 27,5 хувиар, төмс 19,3 хувиар, тоор 19,2 хувиар тус тус хямдарчээ. Германы нэгэн сонинд “Дэлгүүрээр хэсэхэд хэзээ ч ийм таатай байсангүй” гэж тайлбартай зураг нийтлэгджээ.

Польшид мөн төстэй байдал үүсээд байна. Оросын хориг арга хэмжээнээс болж алимны тариалан эрхлэгчид ургацаа борлуулж чадахгүйд хүрч 500 сая еврогийн алдагдал хүлээх дээрээ тулсан. Иймд фермерүүд дотооддоо болон Европын холбооны бусад улс руу хямд үнээр шахаж эхэлжээ. Жишээлэхэд, Герман руу. Үүнээс болоод Германд алимны үнэ огцом буурч дэлгүүрүүдэд таван кг-ийг нь 2,5 еврогоор зарж эхэлсэн байна.

Нэг талд ийм байна. Харин нөгөө талд буюу Орост хүнсний үнэ өсч байна. Наймдугаар сард гэхэд мах, шувууны үнэ 2,5 хувиар, загасны үнэ 1,4 хувиар өссөн байна. Ингэж өсөхөөс ч өөр аргагүй учир нь 2013 онд Орос нь үхрийн махны 60 хувь, гахайн махны 30 хувь, бяслагны 50 хувийг импортлодог гол импортлогчид нь Ев­ропын холбооныхон байв. Хо­риг арга хэмжээ авч асар их хэмжээний хүнсний бүтээг­дэхүүн гаднаас оруулж ирэхийг огцом зогсоосон тул үнэ өсөхөөр өөр аргагүй. Өнгөрсөн есдүгээр сард хүнсний нийт бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11 хувиар өссөн, хэрэглээний үнийн инфляци 8 хувиар хурдассан, хүн амын худалдан авах чадварын өсөлт хориг арга хэмжээ авч эхлэхээс өмнө 3,7 хувь байгаад хориг арга хэмжээний дараа ердөө 0,8 хувь болж буурчээ. Улмаар өвлийн улирал эхлэхийг дагаад хүнсний бүтээгдэхүүний үнэ улам өснө гэж шинжээчид үзсэн байна.

Борлуулдаг барааных нь үнэ буурч байгаа болохоор Европын фермерүүд бага­гүй алдагдал хүлээх нь ойл­гомжтой. Европын хол­бооноос Оросын авсан хориг арга хэмжээнээс болж онцгой хохирол хүлээж магадгүй салбарууддаа нэлээд олон сая еврогийн тэтгэлэг өгөхөөр болов. Ерөнхийдөө Оросын хариу арга хэмжээний улмаас Европын холбооны хүнсний бүтээгдэхүүний салбар таван тэрбум еврогийн алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Харин Европын илүү чанартай, хямд үнэтэй бараанд цохиулаад илүү үнэтэй бараагаа зарж чадахгүй байсан Оросын фермерүүд баярлацгааж байна. Засаг нь импортоос хамааралгүй болохын тулд үндэсний фермерүүдийг ихээхэн хэмжээний тэтгэлэг өгөхөөр болсон. Ингээд төрөөс дэмжээд байвал жил хагас, хоёр жилийн дараа гэхэд Оросын фермерүүд хөл дээрээ баттай зогсоод авбал Европын амыг харалгүй иргэдээ хүнсээр хангадаг болно гэж байна.

Бараа


Гэхдээ Европт зөвхөн хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй үйлдвэрийн барааны үнэ ч буурч эхэлжээ. ХБНГУ-ын Статистикийн албанаас  гаргасан хамгийн их хям­дарсан бараа бүтээг­дэ­хүүний ердөө 18 нь хүнсний бүтээгдэхүүн бөгөөд бусад нь үйлдвэрлэлийн ба­раа. Ингэснээр Германд компью­тер тоглоом, хувцас­наас эх­лээд зурагт, хөргөгч, шампунь хүртэл маш олон төр­лийн бараа огцом хямдарч.
Барааны үнэ ингэж хямдрах нь мөн л Украины хэрэг явдал, Оросын эсрэг Өрнөдийн явуулж байгаа хориг арга хэмжээтэй хол­боотой бололтой.  Шин­жээч­дийн үзэж байгаагаар оны эхнээс еврогийн ханш өндөр байхыг ашиглаад Европын холбооны гол үйлдвэрлэгчид хилийн чанадаас их хэмжээний түүхий эд авсан. Дээр нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн хэдэн сарын турш буурч байгаатай холбоотойгоор бараа, бүтээгдэхүүн үйлд­вэрлэх, тээвэрлэхтэй хол­боотой ерөнхий зардал буурсан нь үнэ унах бас нэг шалтгаан болсон аж.

Энэ хоёр шалтгаанаас газрын тосны үнэ буурч байгааг Украинтай холбоо­тойгоор Оросын эсрэг Америкийн авч байгаа хориг арга хэмжээтэй холбон ойлгож болно. Оросын төсвийг гол бүрдүүлэгч нь газрын тос, шатдаг хийн экспорт. Энэ хоёрын дэлхийн зах зээл дээрх үнэ өндөр хэвээр байвал Орос хүчирхэг байна. Америк тэргүүтэй улсууд мянга хориг арга хэмжээ аваад яаж ч чадахгүй. Иймд Оросыг дуулгавартай болгохын тулд хамгийн эмзэг цэг буюу газрын тос, шатдаг хийн үнийг буулгах арга хэмжээ авах нь зөвхөн цаг хугацааны асуудал. Америкийн Ерөнхийлөгч Обама нь Европын холбооны удирдлагуудад Оросын газрын тос, шатдаг хий авахаа бүрэн боль, бид танайд бүгдийг нийлүүлье гэж нэг бус удаа хэлсэн. Америкчууд газрын тос, шатдаг хийн олборлолтын салбарт занарт судлыг шингэнээр тэслэх, хэвтээ өрөмдлөг явуулах технологийн хувьсгал гаргаснаар занараас асар их шатдаг хий, газрын тос олборлох болсон бөгөөд хоногт олборлож байгаа газрын тосны хэмжээгээрээ Оросыг түрүүлэн, Саудын Аравид ойртож байгаа. Газрын тос, түүний бүтээг­дэхүүний хамгийн том хэ­рэглэгч Америк ийнхүү өөрөө хамгийн том олборлогчдын нэг болоод ирэхээр газрын тосны үнэ буурах нь мэдээж. Үүний дээр Америк нь Саудын Арави гэх мэт улстай олборлолтын хэмжээг улам өсгөх замаар газрын тосны үнийг бууруулах тухай тохиролцсон гэсэн яриа тасрахгүй байна. Үнэхээр тохиролцсон эсэх нь тодорхойгүй ч Обамаг Саудын Аравид айлчилснаас хойш дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 20 хувиар буурсан нь нэгийг өгүүлэх. Газрын тосны үнэ буурахыг дагаад Оросын санхүү, эдийн засаг нь доройтон алдагдал хүлээнэ. Гэхдээ зөвхөн Орос гэлтгүй газрын тосны экспортыг түшиглэсэн эдийн засагтай бүх улс их бага, тодорхой хэмжээгээр алдагдал хүлээх тул удаан хугацаанд хямд үнэ бариад байхгүй л болов уу. Америкт ч газрын тос хэт хямд үнэ ашиггүй. Учир нь, занараас газрын тос олборлох нь зардал ихтэй тул газрын тосны үнэ цаашид буурсаар байвал алдагдалд орохгүйн тулд шинэ цооног өрөмдөхөө зогсоон олборлолтоо багасгах шаардлагатай болно.
Нэг талд ингэж орлогоо алдаж байхад дэлхий даяар үйлдвэрлэгчид, иргэд газрын тосны үнэ хямдарснаар зарлагаа хэмнэн баяртай байгаа биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан