Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Порошенко Люстрацийн тухай хуулийг баталгаажуулна


Украины Ерөнхийлөгч Порошенко ойрын өдрүүдэд Люстрацийн тухай хуульд  гарын үсэг зурж баталгаажуулахаар болсон тухай Дээд Рада дахь түүний төлөөлөгч Руслан Князевич мэдэгдлээ. Украины парламент буюу Дээд Рада нь есдүгээр арын 16-нд Люстрацийн тухай хуулийг баталсан юм. Энэ хуулийн дагуу Януковичийг төрийн эрхийг барьж байх үеийн буюу 2010 оны хоёрдугаар сарын 25-аас 2014 оны хоёрдугаар сарын 22-ны хооронд  алба хашиж байсан төрийн бүх албан хаагчид, орон нутгийн удирдлагад ажиллаж байсан албан тушаалтныг ажлаас нь халж цаашид төрийн алба хашихыг хориглоно.


Мөн “Майдан”-ы  үеэр жагсагчдыг эсэргүүцсэн хүчний байгууллагуудын албан тушаалтнууд болон 1991 оны наймдугаар сарын 19-нөөс өмнө хуучин Зөвлөлт холбоот улсын Коммунист нам ба Эвлэлийн холбоонд удирдах алба хашиж байсан хүмүүс, ЗХУ-ын Зэвсэгт хүчин ба Дотоод яамны улс төрийн ажилтнууд, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр болон дайны дараа Зөвлөлтийн эсрэг явуулж байсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дарахад оролцсон эсвэл  ямар нэг байдлаар хамааралтай хүмүүс мөн л энэ хуулийн дагуу төрийн алба хаших эрхгүй болно.

Ингэснээр 48 сая хүнтэй Украинд янз бүрийн түвшний нэг сая гаруй албан тушаалтан өмнөх эрх баригчидтай холбоотой байсан, Майданы үеэр сайн дураараа ажлаас халагдалгүй ухамсаргүй зан гаргасан, Зөвлөлтийн үед нам, эвлэлийн гишүүн болж албан тушаал хашиж байсан хэргээр ажилгүй болох тухай Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгджээ. Хуулийг даган үүсэх ээдрээ, бэрхшээлийг илүү ойлгомжтой болгох үүднээс люстрацийн талаар товч тайлбар өгөх хэрэгтэй байх.
Люстраци гэдэг нь ариутгах, ариусах гэсэн утгатай бөгөөд Эртний Грек, Ромд нялх хүүхдийг өвчин зовлонгоос гэтэлгэхийн тулд тахил өргөдөг тусгай зан үйлийн нэр.  Тусгай тахил өргөж өмнөх үеийн бузар, буртгаас салсан хүүхэд цаашид зовлонгүй сайхан амьдарна гэж үздэг байж. Орчин үед зарим улсад люстрацийг арай өөрөөр буюу төрийг ариутгах гэдэг утгаар нь хууль болгон хэрэгжүүлэх болсон. Хаана батлагдаж байгаагаас үл хамаараад Люстрацийн тухай хууль гэдэг нь шинээр төрийн эрхэнд гарч ирсэн хүчин өмнөх эрх баригчдын явуулж байсан бодлого, хэрэгжүүлж байсан арга хэмжээг гэмт хэргийн шинжтэй, хүмүүнлэг биш гэж мэдэгдээд тэр үед алба хашиж байсан бүх албан тушаалтан, ажилтнуудыг халж, хариуцлагад татан цээрлүүлж “тахил өргөж ариусаад” шинэ хүмүүс ажилд авч бүгдийг шинээр эхэлж байгаагаа харуулдаг.

1917 оны Октябрийн хувьсгалын дараа Зөвлөлтөд большевикууд хаант засгийн үед алба хашиж байсан албан тушаалтан, язгууртнууд, лам нар, цагдаа, тусгай албадын ажилтнуудыг халж цэвэрлэгээ хийж байсан нь люстрацийн нэг жишээ.  Манайд ч мөн адил ийм цэвэрлэгээ явуулж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Японд люстраци явагдаж хуучин эрх баригчидтай ажиллаж байсан хүмүүсээс төрийн аппаратаа цэвэрлэж байлаа. Зөвлөлт задран унасны дараа хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, социалист лагерьт багтаж байсан орнуудад ч люстраци явагдсан.
Жишээлэхэд, Польшид Коммунист дэглэмийн үед сөрөг хүчин байсан “Солидарность” хө­дөл­гөө­нийнхөн люстра­цийн хууль баталж хэрэгжүүлсэн юм. 1998 онд батлагдсан Польшийн люстрацийн тухай хуулиар өмнөх дэглэмтэй ямар нэг байдлаар хамтран ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг олон нийтэд ил болгосон. Улмаар өмнөх коммунист дэглэмийн үед алба хашиж байсан хүн төрийн албанд орох, парламентын сонгуульд өрсөлдөхөөр болвол олон нийтийн өмнө гэм буруугаа хүлээн өөрийгөө илчлээд олон нийтээс уучлал авах ёстой болсон. 2006 онд шинэ хууль батлан хуучин социалист Польшийн үед тусгай албадын ажилтан, мэдээлэгч байсан хүмүүсийг мөрдөн байцаалт явуулалгүйгээр шууд ажлаас нь халдаг болгосон. Энэхүү шинэ хуулийн дагуу суурин тосгоны дарга нар, төрийн оролцоотой компанийн удирдлага, их сургуулийн ажилтан, эрдэмтэд, сургуулийн захирлуудыг, сэтгүүлчдийг нэгэн цагт тусгай албадтай хамтран ажилласан хэргээр шууд ажлаас нь халдаг болсон.

Унгарт 1992 онд баталсан люстрацийн хуулиар 1948-1990 онд коммунист дэглэмтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийг эх орноосоо уравсан гэж үзэн бүх насаар нь хорих хүртэл шийтгэл ногдуулахаар болсон. Энэ хуулийн дагуу Зөвлөлттэй ямар нэг байдлаар холбоотой ажилладаг байсан бүгдийг шийтгэж болохоор болсон гэдэг. Зөвлөлтийн нэг даргатай уулзаад гар барьсан хүнийг эх орноосоо уравсан гээд шийтгэж болох хэмжээнд хүрсэн гэсэн үг. Иймд тус улсын үндсэн хуулийн цэц нь энэ хуулийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзээд цуцалж байв.
Энэ мэтээр люстрацийн тухай  хуулийг Чех, Словак, Латви, Литв, Эстони, Болгар, Герман зэрэг улсад баталсан, одоо ч үйлчилсэн хэвээр байгаа.
Нэг талаас өмнөх дэглэ­мийн төлөө зүтгэж, хэлмэг­дүүлэлт явуулж байсан гэх мэт том нүгэлтэй хүмүүсээс төрөө цэвэрлэх нь зөв зүйтэй байж болох. Гэвч нөгөө талаас ийм хуулийг улс төрийн болон албан тушаалын төлөөх тэмцэлдээ хүмүүс өргөнөөр ашиглах гэсэн сөрөг талтай. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө коммунист дэглэмтэй хамтран ажиллаж байсан, тусгай албаны мэдээлэгч байсан гэж буруутгах нь зарим улсад хэвийн үзэгдэл болсон гэж болно.

Үүнээс гадна коммунист дэглэмийн үед тусгай албадтай хамтран ажилладаг байсан, мэдээлэгч байсан хүмүүсийн жагсаалтыг сонин хэвлэлээр ил болгон зарлах нь нийгэмд хагарал үүсгэх аюултай. Ийм учраас коммунист систем задран унасны дараа төрийн эрхэнд гарсан хуучны тэрс үзэлтнүүд болох Лех Валенса, Вацлав Гавел, Желю Желев зэрэг улсдаа төдийгүй дэлхийд алдартай улстөрчид люстрацийг эсэргүүцэгч байсан бөгөөд өмнөх Засгийн үед албан тушаал хашиж байсан хүмүүстэй тооцоо бодох, өс авах зорилгоор ашиглах аюул байгааг анхааруулж байв. Ялангуяа тусгай албадын мэдээлэгчдийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил болгох талаар тун болгоомжтой хандах хэрэгтэйг онцолсон байдаг.

Коммунист дэглэмийн үед тусгай албад маш хүчирхэг байсан бөгөөд иргэдийн үг яриа, үйлдэл болгоныг хянадаг. Ингэж бүгдийг хамарсан хяналт тогтоход дан өөрийн ажилтнуудын хүч нь хүрэхгүй тул мэдээлэгч нарыг өргөнөөр ашигладаг байсан нь ойлгомжтой. Хөрш айл эсвэл хамтран ажиллагчийн талаар тусгай албадад сайн дураар мэдээлэл, “матаас” өгдөг хүмүүс байхад албан шахалтаар, айлган  сүрдүүлэгт автан мэдээлэл өгдөг хүмүүс ч олон байсан. Иймд бүх ажилтан, мэдээлэгчдийн нэрийг хавтгайд нь ил болговол нийгэмд хардалт, үл итгэлцэл үүсэн газар авах аюултай. Жишээлэхэд, олон арван жил хөрш байсан айлынх нь хүн эцэг, эхийнх нь талаар олон жилийн турш тусгай албадад хов хүргэдэг байсныг олж мэдсэн хүн яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хөршөөсөө өс авах уу эсвэл үр хүүхдээс нь өс авах уу? гэх мэт тун нарийн асуудал олноор гарч ирнэ.

Украины тухайд энэ хууль нь “Майдан”-аар Засгийн эрхийг гартаа авсан хүчин өөрийн талыг баримтлагчдаа төрийн бүх шатанд ажилд авах замаар байр сууриа бэхжүүлэх, сөрөг хүчнийг улс төрийн бодит нөлөөлөлгүй болгох арга гэсэн шүүмжлэл байна. Украины хэт баруун үзэлтнүүд хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө “ард түмний люстраци” гэгч арга хэмжээг эхлүүлээд байгаа.  Тэд Януковчийн үед өндөр албан тушаал хашдаг байсан  хүмүүсийг гэр, ажлын газар руу нь дайран орж хүч хэрэглэн саатуулж хогийн саванд хийн хотын гудамжаар чирж явдаг болсон.
Нөгөө талаас люстрацийг дэмжигчид нь улс орноо хямралаас гаргаж,  европжсон соёлтой, өндөр хөгжилтэй нийгэм байгуулахад хуучин Засгийн үеийн эрх мэдэлтнүүд саад болж байгаа тул тэднийг зайлуулж төрөө цэвэрлэх шаардлагатай гэж мэдэгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан