АНУ-ын Луйзана мужид амьдардаг 13 настай охин Алисса Карсон Ангараг гарагт хөл тавих анхны хүн болохоор сүүлийн есөн жил бэлтгэж байна. Түүнийг дөрвөн настайгаас л ирээдүйд сансрын нисэгч болгоно хэмээн бэлтгэж, олон янзын хэл сурахаас эхлээд цаашид сансрын нисэгч болоход шаардлагатай бүх зүйлийг шат дараалан суралцаж яваа аж. Алисса НАСА-гийн сансрын агентлагийн гурван ч кэмп дээр очиж, тусгай сургалтуудад сууж байжээ.
НАСА-гийн зүгээс ч Алиссаг 2033 онд Ангараг руу илгээхэд нас нь яг таарна хэмээн үзэж, бэлтгэж байгаа аж. Охин хэний ч хөл хүрээгүй газарт очихыг туйлаас их хүсч, замд нь ямар ч саад таарсан түүнийг зогсоож чадахгүй хэмээн хэлж байна.
Охин аавтайгаа хамт ирэх 20 жилд юу хийж, юу суралцахаа бүгдийг нарийн төлөвлөсөн бөгөөд 2033 онд Ангараг руу ниснэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ нисэх нэг хэрэг. Тэр харь гарагт очсоны дараа эргэж ирж чадах уу гэдэг эргэлзээтэй. Түүнд хэн ч баталгаа өгч чадахгүй. Энэ тухай аав нь охинтойгоо нэг бус удаа ярилцаж үзсэн ч Алисса түүнээс огтхон ч айж эргэлзээгүй гэнэ.