Бага хувийн хүүтэйгээр орон сууцтай болох гэсэн иргэд элдэв чирэгдэл, урт дараалалд зогссоор залхаж байна. Орон сууц санхүүжилтийн корпорацад бүрдүүлж өгөх материалын нэг болох үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагаа авах гэж хонон өнжин байж УБЕГ-аас алгын чинээ цаасыг доод тал нь 14 хоног, дээд тал нь сарын дотор авч байсан. Үүнийгээ ОССК-т өгсний дараа Төрийн банк, Капитал банкнаас зээл авахын учир бас л бөөн бичиг баримт бүрдүүлэх болов. Элдэв лавлагаа, дансны хуулга, орлого нотлох баримтууд гээд л зузаахан хавтас дүүрэн бичиг баримт цулгуулж байгаа иргэд цөөнгүй. Очсон газар бүртээ төрийн албаны хүнд суртлыг мэдэрч, уртаас урт дараалалд хамаг цаг заваа үрж байгаа. Гэтэл чоно борооноор гэгчээр энэ их зардал чирэгдлийн хажуугаар банкууд иргэдийг давхар чирэгдүүлж байна. Капитал банкинд зээл хүссэн бичиг баримтаа бүрдүүлж өгөн багагүй хугацааг өнгөрүүлсэн иргэд ч бий. Харин ингэж олон хоног уяж, цалгардуулчихаад саяхан л “Манай банк Засгийн газартай 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн дагуу гэрээ байгуулаагүй. Төрийн банк руу яв” гэсэн хариу өгч. Тэгээд ч болоогүй иргэдийн зээлийн баримт хэмээн нэг хүний мэдээлэл тус банкинд гаргаж өгөхийн тулд 10 мянган төгрөгийн анкет худалдаж авчээ. Зөвхөн ганц ч бус гэр бүлийн бусад гишүүдийн мэдээлэл хэрэгтэй хэмээн 10 мянган төгрөгийн анкетаа баахан бөглүүлж, борлуулжээ. Ингэж чирэгдүүлсний эцэст манайх зээл өгөхгүй хэмээн иргэдийг буцаах боллоо.
Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийн төв нь Бөмбөгөр худалдааны төвийн урд талд байх Төрийн банкны салбар зээлийн эдийн засагчтай уулзах гэсэн иргэдийн хөлд дарагдав. Оочер дараалал авахын тулд иргэд хонож өнжин бөөн юм болж байв. Гэтэл саяхнаас банкнаас журам гаргаж. Материалаа бүрдүүлсэн иргэд нэр ус, утас, регистирийн дугаараа тусгай цаасанд бичиж дугаар авч байгаа аж. 14:00 цагийн орчимд тус салбарт очиход дараалал бичүүлсэн иргэний нэр 400 гарсан байлаа. Гэвч өнөөдрийн хувьд нэрсийн жагсаалтын дөнгөж 92 дугаарт бичигдсэн иргэний материалыг л хүлээн авч уулзана хэмээн үүдэндээ бичиж наажээ. Төрийн банкнаас шаардаж буй бичиг баримт нь хэтэрхий олон байгаад иргэд маш их бухимдалтай байна. Орон сууцны 10 хувийн урьдчилгааны мөнгийг хаанаас хэнээс яаж авсан гэдгээ заавал баримтжуулах, барьцаа хөрөнгө нь заавал орон сууц байна гэсэн болзол шаардлага тавьж байгаа аж. Зээл авах боломжтой болж банкны тавьсан шаардлагыг биелүүлсэн иргэдийн хувьд орон сууцны даатгалд заавал хамрагдах ёстой гэв. Энэ нь ойролцоогоор байрны үнээс хамаарч 500-800 мянган төгрөг болж байна гэлээ. Ингээд ямар ч байсан олон хоног сараар оочер дугаарт зогсч элдэв цаас цуглуулсаар байгаад эцэстээ энэ “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр чинь албаар залхаах гэж байгаа юм биш үү” хэмээх иргэд ч тааралдаж байсан юм.