Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зураг түүх өгүүлнэ


Гэрэл зураг гэдэг цаг хугацаа улирах тусам үнэнийг өгүүлэх түүхэн гэрч болон үлддэгийн нэгээхэн жишээ нь энэ зураг. 1963 оны арваннэгдүгээр сарын 22. АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Жонсон “Air Force One” нисэх онгоцонд тангаргаа өргөж байна. Энэ явдлаас хэдхэн цагийн өмнө 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди Техасын Далласт зочилж явахдаа толгойдоо буудуулан харамсалтайгаар амиа алдсан юм. Үхлүүт шархтай нөхрөө тэвэрч явахдаа хамаг хувцсаа цус болгосон тэргүүн хатагтай Жаклин Кеннеди хувцсаа ч сольж амжилгүй дараагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон нь энэ. Гэхдээ тэргүүн хатагтай хувцсаа сольж амжаагүй хэрэг биш, солихыг хүсээгүй гэж түүхэн номуудад өгүүлсэн байдаг. Туслахууд нь түүнийг хувцсаа солихыг хүсэхэд “Тэд юу хийснээ хараг” гээд нөхрийнхөө цус болсон хувцсыг өмссөн хэвээр Вашингтон руу ниссэн гэдэг. Жон Кеннедигийн шарилыг тээсэн онгоцонд түүний дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Линдон Жонсон Ерөнхийлөгч болох тангаргаа өргөсөн юм.
Тухайн үедээ загварын нэг дүр төрх болтлоо алдаршиж байсан тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн тэр өдөр өмссөн “Chanel”-ын ягаан хослолыг өдгөө АНУ-ын үндэсний архивын газар хадгалж буй бөгөөд аймшигт хэрэг гарснаас хойш 100 жилийн дараа олон нийтэд үзүүлэх эсэхийг гэр бүлийнх нь үр удам шийднэ хэмээн охин Кэролин Кеннеди шийдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан