Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Билл Клинтон Монголын тал нутгаар Чингис хаан шиг морь унаж давхихыг хүсдэг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Монголын тал нутгаар морь унаж давхихыг хүсдэг гэнэ. Тэрээр энэ сарын 24-нд "Good Morning America" нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ өөрийн биелүүлж хараахан амжаагүй байгаа хүслийн жагсаалтын тухай ярьжээ. Б.Клинтон хэлэхдээ “Би одоо хүртэл Монголд очиж үзээгүй л байна. Чингис хааны морин төвөргөөнийг сэтгэлдээ төсөөлөн Монголын тал нутгаар морь унан давхих нь миний нэг хүсэл” гэжээ.
Төрийн тэргүүний албанаас буугаад арав гаруй жилийн нүүр үзэж байгаа ч нийгмийн зүтгэлтний хувиар “Билл Клинтоны олон улсын санаачилга” байгууллагаараа дамжуулан одоо хүртэл идэвхтэй ажилласаар байгаа экс Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа Монголд айлчилж амжаагүй ч түүний гэргий, тэргүүн хатагтай Хиллари Клинтон манай улсад айлчилж байсан билээ.
Хоёр удаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Билл Клинтон Монголд аялахаас гадна Килиманжаро ууланд авирахыг, өөр олон газар гэр бүлийн хамт аялахыг хүсдэг хэмээн ярьжээ. Удахгүй анхны ачаа өлгийдөн авах гэж байгаа тэрээр ач зээгээ том болсны дараа эхнэр Хиллари, охин Челси, хүргэн Марк гээд бүх гэр бүлийнхнийгээ аваад аялалд гарах төлөвлөгөөтэй гэнэ.
Клинтоны гэр бүлийн ганц охин нь болох Челси ирэх сарын эхээр амаржих гэж буй. Мөн хатагтай Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ энэ оны эцсээр үгүй бол ирэх оны эхээр нийтэд мэдэгдэнэ гэсэн яриа байгаа. Клинтоны гэр бүлд ийм чухал цаг үе ирээд байгаа учраас экс Ерөнхийлөгчийн Монголын нутгаар морь унан давхих хүсэл ойрын үедээ биелэхгүй нь бололтой. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ алдартай гэр бүл Монголд аялах нь л тодорхой ажээ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан