Шотландчууд өөрсдийнхөө төдийгүй Их Британийн хувь заяаг өчигдөр нийтээрээ шийдлээ. Тэд “Тийм”, “Үгүй” гэсэн хоёрхон үгийн сонголтоор бүхэл бүтэн улсынхаа ирээдүй хойчийн замыг сонголоо. Одоо харин тэдний сонголтын үр дүнг харах л үлдээд байна.
“Та Шотландыг тусгаар улс байхыг дэмжиж байна уу” гэсэн асуултын хариуд тэдний хэдэн хувь нь тийм, хэдэн хувь нь үгүй гэж хэлсэн бол гэдгийг мэдэх мөчийг британичууд амьсгаа даран хүлээж байгаа юм.
Бүх нийтийн санал хураалт эхлэхийн өмнөхөн явуулсан олон нийтийн санал асуулгаар “Үгүй” буюу Шотландыг Их Британиас салан тусгаарлахыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс талаас илүү хувийг эзэлж байсан. Гэхдээ энэ санал асуулгын дүн, цаашилбал Британийн хувь заяа бүхэлдээ өөрсдийн шийдвэрээ эцсийн мөч хүртэл гаргаагүй 150 мянган үл мэдэгчдээс хамаарч байгаа болохоор ямар шийдвэр гарах нь ёстой асуултын тэмдэг үлдээсэн. Санал асуулга эхлэхийн өмнөх судалгаагаар үүнд оролцохоор бүртгүүлсэн 4,285,323 хүнээс 150 мянга нь аль талд саналаа өгөхөө шийдээгүй байсан юм. Гэтэл тусгаар тогтнохыг дэмжсэн болон эс дэмжсэн хоёр хүчний харьцаа ердөө хэдэн хувийн л наана цаанатай байгаа. Тиймээс удахгүй гарах санал асуулгын дүн британичуудын хувьд аль ч талаараа урьдчилан таамаглаагүй дүн байх нь гарцаагүй.
Хэрэв Шотландчууд цаашид өөрсдийн хувь заяаг дангаар залж явна аа хэмээн шийдсэн байх аваас британичууд эдийн засаг, улс төрийн хувьд төдийгүй жирийн ард иргэдийн хувьд ч эмзгээр хүлээн авах нь тодорхой юм. Өчигдөр санал асуулгын үеэр нэрт теннисчин Энди Мюррэй Шотландын тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа зарласан нь британичуудыг гайхашруулж, түүнийг Британиас урвалаа гэх шүүмжлэл гомдол ч ихээр гарлаа. Шотландаас гаралтай ч Их Британийн нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлддөг нэрт тамирчин саяхныг хүртэл өөрийн санаа бодлын тухай бөөрөнхийлсөн маягтай хариулт өгч байсан хэрнээ яг санал хураах өдөр 2,7 сая дагагчтай Твиттер хуудсаараа “Тийм” гэсэн хариулт өгснөө зарласан нь “хүн чанаргүй” явдал гэж түүний зарим шүтэн бишрэгчид гомдоллож байна.