Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интернэтийн хүч дорно зүг рүү хэлбийж байна

Интернэт ертөнцийг эзэгнэж буй АНУ-ын Цахиурын хөндийнхний ноёрхлыг дорно зүгийн компаниуд тэнцвэржүүлж, цаашид энэ төрлийн бизнесийн гол хүч Ази руу чиглэх нь хэмээн экспертүүд бичиж эхэллээ. Ингэж дүгнэхэд хүргэсэн нэг том үйл явдал өнгөрсөн баасан гарагт болсон юм. Хятадын онлайн худалдааны “Alibaba Group Holding” өнгөрсөн долоо хоногоос хөрөнгийн биржид хувьцаагаа гарган худалдаж эхэллээ. Үүгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн топ 10-т тооцогдох интернэт компаниудын дөрөв нь Азид төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Alibaba, Tencent Holdings, Baidu, JD.com Inc гэсэн Азийн энэ дөрвөн компанийн нийт үнэлгээ 426 тэрбум ам.долларт хүрч буй бөгөөд “Alibaba” дангаараа гэхэд 165 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Тэгвэл АНУ-ын хамгийн том дөрвөн компани Google, Facebook, Amazon, eBay-гийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 797 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Зөвхөн энэ жил гарсаар Хятад, Япон, Өмнөд Солонгост төвтэй интернэтийн 26 компани хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж, 4,45 тэрбум ам.доллар босгосон мэдээ бий.
Тэгвэл АНУ-д интернэт бизнес эрхэлдэг 21 компанийн 2014 онд гаргасан хувьцаа 3,2 тэрбум ам.доллар босгосон байна... Гэх мэт баримтуудыг харьцуулан харваас интернэт бизнесийн хүндийн төв ерөнхийдөө Ази руу чиглэх нь ээ гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Ер нь, энэ салбарт Азийн компаниуд хэр хурдацтай хөгжиж, хүрээгээ тэлж байгааг хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс л харахад хангалттай.
Facebook компанийн ирээдүйн талаар хамгийн зөв таамаг гаргаж байсан нэртэй хөрөнгө оруулагч Жим Брэйер ойрын таван жил интернэт бизнест ноёрхох долоон том компанийг нэрлэхдээ Азийн гурван компанийг багтаажээ. Үүнд Facebook, Google, Apple, Amazon, Tencent, Alibaba, Baidu компанийг тэр нэрлэжээ. Тэрээр өөрөө Хятадын интернэт компаниудад 2004 оноос хойш хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж.
Дэлхийн нийт интернэт хэрэглэгч гурван тэрбум хүний 45 хувь нь дангаараа Ази тивд байдаг гэсэн тоог Олон улсын харилцаа холбооны нэгдлээс гаргасан. Зөвхөн Хятадад гэхэд 500 сая хүн ухаалаг утсаараа онлайн ертөнцтэй холбогдож байна.  Ази номхон далайн бүс нутаг дахь олон нийтийн сүлжээ ашиглагчдын тоо энэ жилийн эцсээр нэг тэрбумд хүрэх тооцоотой байгаа нь Хойд Америкийнхаас гэхэд даруй таван дахин их байгаа юм. Хэрэглэгчийн энэ асар том бааз суурь нь Азийн компаниудыг хүрээгээ хурдан тэлж, бусдаас илүү ашиг олох гол түлхэц болдог.
Зах зээлийн үнэлгээ 1,2 тэрбум ам.доллараар хэмжигддэг Хятадын олон нийтийн сүлжээний “Renren” компанийн гүйцэтгэх захирал Иозиф Чен энэ талаар “Хятад асар том зах зээл болохоор компаниуд энэ хэмжээгээр ашиг олдог. Уг нь бол компаниуд яг ижилхэн технологи санал болгож байгаа ч Хятадад хийсэн бизнес илүү үнэлгээтэй, ашигтай байдаг” гэсэн юм.
Азийн интернэт компаниуд барууных шиг нийгмийг урагш нь дагуулах шинэ санаачилга, бүтээл гаргах гэхээсээ илүү амьдралд, хэрэглээнд ойр, хүн бүр ашиглаж болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог. Жишээлбэл, “Tencent”-ийн WeChat хэмээх гар утасны мессэж харилцааг өнөөдөр 440 сая хүн ашиглаж байна. Энэ хэрэглэгчид нь эргээд тэдэнд тоглоом, аппликейшн зэргээ зарах бааз суурь нь болж өгч байгаа юм.  Ийн энгийн үйл ажиллагаанаасаа л “Tencent”  600 сая хэрэглэгчтэй АНУ-ын WhatsApp мэтийн том компанитай өрсөлдөх хэмжээний орлого олж чаддаг юм.
“Tencent”  одоо “WeChat”-аа ашиглан зөвхөн тоглоом зарах биш онгоцны тасалбар худалдан авах, төлбөр тооцоо хийдэг болгон өргөжүүлэхээр ажиллаж байна. Тэд ундаа, амттан зардаг 10 мянган автомат машиныг Хятад даяар суурилуулж, хэрэглэгчид нь түүнд ухаалаг утасныхаа кодыг уншуулаад л худалдаа хийдэг үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ.  Энэ мэт үйл ажиллагаа нь компанийн орлогыг энэ оны хоёрдугаар улиралд 32 хувиар өсөхөд нөлөөлжээ. Тэгвэл Facebook-ийн орлого мөн үед 27, Google-ийнх 21 хувиар өссөн юм. “Tencent”-ийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ч Facebook-ийнхээс нэг их дутахааргүй. Facebook –ийн үнэлгээ 194 тэрбум ам.доллар байгаа бол “Tencent” 148 тэрбум ам.доллар аж.
Азийн интернэт компаниудын энэ мэт ашигтай ажлуудыг дурдвал дуусахгүй. Өнгөрсөн жил Японы “Line” корпорац гар утасны онлайн тоглоом, сэтгэгдлийн янз бүрийн дүрсний худалдаа, зар сурталчилгаа зэргээс  323 сая ам.доллар олсон нь ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг WhatsApp-ын орлогоос 16 дахин давсан үзүүлэлт юм. Энэ мэт амжилт нь тэднийг хил даван хүрээгээ тэлэх сонирхлыг нь улам өдөөж байна. Хилийн чанад дахь хэрэглэгчдийнх нь тоо гадаадын үйлчлүүлэгчдээс нь ч давсан тус компани удахгүй Нью-Йорк юм уу Токиогийн биржид хувьцаагаа гаргахаар зэхэж байгаа юм.
Японы хамгийн том онлайн худалдааны сайт “Rakuten” гадаад ертөнцөд гарах бэлтгэлээ хангаж, 2012 оноос бүх тэмдэглэлээ англиар бичихийг шаарддаг болжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын онлайн худалдааны “Ebates” компанийг нэг тэрбум ам.доллараар худалдан авах саналаа илэрхийлсэн юм.
Тэгвэл Хятадын “Байду” интернэт хайлтын компани бизнесээ Бразиль, Египет, Тайланд зэрэг газарт өргөжүүлсэн байна. Тэд Цахиурын хөндийд ч асар том сонирхолтой байгаагаа тэнд 300 сая ам.доллараар хиймэл оюун ухааны судалгааны төв байгуулснаар харуулсан. Уг төвийг нь Стэнфордын их сургуулийн хиймэл оюун ухааны лабораторын дарга асан Нг Эндрью удирдах юм байна.  
“Alibaba” ч АНУ, Европын зах зээлд хүч түрэн орно гэдгээ гүйцэтгэх захирал Жак Ма шийдэмгийг мэдэгдсэн. Тэрээр хөрөнгө оруулагчдадаа илгээсэн захидалдаа “ Өнгөрсөн 10 жилд бид Хятадад хэр өөрчлөлт хийснээр өөрсдийгөө хэмжиж байсан бол ирээдүйд дэлхий дахинд ямар өөрчлөлт гаргаснаар өөрсдийгөө үнэлэх болно” гэсэн юм.
Азийн компаниудын хийж буй энэ хүчтэй “довтолгоонууд” интернэт ертөнцийн өрсөлдөөнийг улам хүчтэй болгох нь гарцаагүй.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан