Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд хайгуулын лиценз 2782 байв. Үүнээс ашиглалтынх нь 1351, хайгуулынх 1431 байгаа юм. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж буй билээ. Сүүлийн гурван жилд хайгуулын лиценз олгохыг хориглосон. Үүнээс үүдэн лицензийн тоо буурч ирэх гурван жилд хайгуулын нэг ч лицензгүй болно хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд хэлж байв. Гэвч өнгөрсөн онд ашигт малтмалын 250 ордын нөөцийг тогтоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцжээ. Үүнээс 200 орчим ордын нөөцийг улсын эрдэнэсийн санд бүртгэж авсан байдаг. Өмнө нь, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд ашигт малтмал олборлох, хайх 5000 гаруй лиценз гаргаж байсан удаатай. УИХ хаврын чуулганаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг ч баталсан.
Ингэснээр хайгуулын ажил сэргэж лиценз олгох үүд нээгдэв. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз энэ сарын 24-ны өдрөөс эхлэн олгоно гэдгийг өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхдээ нийт газар нутгийн 19.88 хувьд ашигт малтмал хайх лиценз олгоно. Үүний 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгохоор боллоо. Өөрөөр хэлбэл өргөдлөөр 20.94, сонгон шалгаруулалтаар 10.15 сая га талбайд хайгуулын лиценз олгох юм. Ингээд ашигт малтмалын хайгуул хийх нийт талбайн хэмжээ 31.09 сая га талбай болж байна. Энэ талбайд лиценз олгосноор чамгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж үзэж буй. Тухайлбал жилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө орж ирж хайгуул хийнэ хэмээн Уул уурхайн яамнаас тооцож байгаа ажээ. Хуулиар ашигт малтмалын лиценз олгохыг хориглосон талбай нэлээд бий. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу улсын нөөцөд авсан талбай 11.9 сая га, орон нутгийн тусгай хэрэгцээний газар 38.52 сая га байна. Мөн урт нэртэй хуулиар гол, мөрний урсацын эх ундаргын 14.4, усны сан хамгаалалтын бүсийн 10.7, ойн сангийн 18.6 сая га талбайд хайгуул болон ашиглалтын лиценз олгохыг хориглоод байгаа юм. Үүнээс гадна БОНХЯ-наас ашигт малтмалын лиценз олгохыг хориглох гэж буй газрын хэмжээг тогтоов. Үүнд улсын тусгай хамгаалалтад орох 2.24, Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах 20 сая га талбай тус тус хамрагдаж буй юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хайгуулын лицензийг урдынх шиг замбараагүй олгохгүй. Зөвхөн төрөөс тогтоосон талбайд лиценз өгнө. Тэгэхдээ тухайн талбайн уртраг, өргөрөг, минутыг нарийвчлан тогтооно. Хайгуулын лиценз хүссэн өргөдлийг цахимаар хүлээж авна. Хоёр хоногийн дараа Ашигт малтмалын газрын веб сайтад лиценз олгох газар, талбайн жагсаалтыг тавина” гэж мэдээллээ. Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа “Лиценз олгох өргөдлийн дугаарыг цахимаар олгоно. Энэ дугаарыг авах зааврыг цахим хуудастаа байршуулна. Мөн кадастрын зураглалын нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, өргөдлийг нь хүлээж аваад тухайн талбайд лиценз олгож болох эсэх хариуг гурван цагийн дараа өгнө. Тэгэхдээ хайгуулын лицензийг Улаанбаатараас дур мэдээд олгохгүй. Тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж лиценз олгох эсэхийг шийднэ” гэлээ.
Хайгуулын лиценз олгохдоо Монгол Улсад татвар төлдөг хуулийн этгээдэд олгоно. Лиценз эзэмших өргөдөл гаргагч үйлчилгээний хөлсөнд 250 мянган төгрөг төлөх аж. Тухайн орон нутгийн засаг захиргаа хайгуулын лиценз хүссэн өргөдлийг дэмжиж олгох болсон бол өргөдөл гаргагчид эхний жилийн төлбөрийг төлөхийг мэдэгдэх юм. Ингээд өргөдөл гаргагч 10 хоногийн дотор уг төлбөрийг төлөх ёстой. Энэ мөнгөө төлсөн бол лицензийг нь гурван жилийн хугацаатай олгоно. Хэрэв хайгуулын лицензийн хугацаа дуусвал дахин гурван жилээр сунгаж болох ажээ.
Тухайн талбайд хайгуулын лиценз эзэмшигч л ашиглалтад шилжих өргөдөл гаргах эрхтэй. Нэг ёсондоо өөрөө хайгуул хийж нөөц тогтоосон талбайдаа уурхай нээж олборлолт хийнэ гэсэн үг. Тэгэхдээ эхний үед ашиглалтын лиценз нь 30 жилийн хугацаатай байх нь. Дараа нь ашигт малтмалын олборлолт уурхайн үйл ажиллагаагаа тооцон үзээд 20 жилээр сунгаад явах боломжтой юм.
Ийнхүү үйл ажиллагаа нь зогсч үүдээ хаагаад байсан хайгуул, өрөмдлөг, геофи-зикийн компаниуд ажилдаа орох нь. Эдгээр компаниудад ажилладаг дөрвөн мянга орчим хүн бий гэсэн гэдэг судалгаа байдаг. Тэгэхээр ирэх жилээс уул уурхайн салбарын хайгуулын ажил эхэлж сул зогсож байсан нэг хэсэг нь хөдөлгөөнд орох боллоо.