Их Британиад наймдугаар сарын 26-аас хойш дэгдээд байгаа дуулиан намжихгүй байна. Олон соёл, шашин нэгэн зэрэг зөрчилдөлгүйгээр оршин тогтнох боломжтой гэсэн либерал буюу аядуу зөөлөн улс төрийн бодлогыг үгүйсгэсэн үйл явдал болсон тул намжихгүй байна гэж судлаачид үзжээ. 257 мянган хүн амтай Ротерхем нэртэй хотод пакистан гаралтай британичууд 16 жилийн хугацаанд 1,4 мянган хүүхдийг хүчирхийлж, заримыг нь хүчээр биеийг нь үнэлүүлдэг болгосон тухай мэдээлэлийг өнгөрсөн сарын 26-нд Британийн хүний эрхийг хамгаалагчид нийтэлсэн юм. Хамгийн хачирхалтай нь хотын удирдлага, хууль сахиулах байгуулагынхан энэхүү аймшигтай үйлдлийн талаар мэдэж байсан ч арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч, бусдын соёлыг үл тэвчигч гэж хэлэгдэхээс эмээн мөрдөн байцаадаггүй байсан аж.
Өөрөөр хэлбэл интернэт, телевиз, сонин хэвлэлээр пакистанчуудыг үзэн ядагч гэж хэлүүлэхээс айсандаа хамар дор нь олон жилийн турш олон мянган хүүхдийг пакистанчууд хүчирхийлж байгаагаа мэдсээр атлаа мэдээгүй царай гарган явж байжээ.Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Европт мультикультур онол буюу хоорондоо зөрчилтэй олон соёл энх тайвнаар ээрэгцэн орших онол моодонд орж, үүнээс зөрсөн болгоныг фашист, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж цолллон цаашид өсөн дэгжих, баяжих, нэр алдарт хүрэх боломжгүй болгодог болсон. Зөвхөн арьсны өнгөөр бус ижил хүйстэнтэйгээ явалдагчдыг эсэргүйцэх нь бүү хэл муухай харсан хүмүүсийг ингэж шүүмжилдэг болсон. Орост ижил хүйстнүүдийн бэлгийн харилцааны талаарх шинэ хууль баталсны дараа Сочигийн Олимпыг хориглохыг уриалсан кампант ажил эхэлж байсан нь үүний жишээ. Цөөнхийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа нийгэм цаашид олонхийн эрх ашгийг ч хамгаалж чадахгүй болно гэдгээр энэ байр суурийг зөвтгөдөг. Цөөнхийг хамгаалах нь зөв ч олонхи яах болж байна гэсэн асуулт гарч ирнэ. Яг ийм байдал Британид үүсээд байна. Хүүхдийн эрхийг хамгаалагчид нь Өмнөд Йоркширт байдаг жижигхэн хотод дундад зууны үеийнх гэмээр хэрцгий, бүдүүлэг зүйл газар авч байгаа тухай удаа дараа мэдээлж байсан ч эрх баригчид огт тоогоогүй. Ротэрхем хотын хүн амын 3 хувь болдог Азиас гаралтай иргэд буюу пакистанчуудын дунд хүүхдийг бэлгийн харилцаанд албадан оруулах явдал газар авч байгааг илчилсэн олон тооны нийтлэл, эсэргүүцэл гаргасан ч тусаг олоогүй байна. Цагдаа нар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн гомдлыг авч хэлэлцдэггүй байснаас гадна хүүхдүүдээ хүчирхийллээс аврахыг оролдсон эцэг, эхчүүдийг баривчилдаг байж. Нэгэн хохирогчийн мэдээлснээр өргөдөл гомдол гаргахад цагдаа нар илэрхий үзэн ядаж, үл тоосон байр сууринаас ханддаг эсвэл өөрийн хүслээр пакистанчуудтай бэлгийн харилцаанд орсон гэж ил цагаан буруутган, доромжилдог байсан аж.
Британийн эрх баригчид энэхүү бузар үйл явдалд зохих ёсоор анхаарал тавьж, хуулийн дагуу шийтгэнэ гэсэн найдвар 2010 онд анх бий болжээ. Тэр жил өсвөр насны охидыг хүчирхийлсэн, албадан биеийг нь үнэлүүлсэн хэргээр Ази гаралтай таван эрэгтэйг олон жил хорих ялаар шийтгэсэн байдаг. Гэвч хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн бүхэл бүтэн сүлжээг илрүүлж, аюулыг арилгахын оронд Британийн шүүх тавхан хүнд хорих ял оноосон болоод хэргийг олны анхаарал таталгүйгээр бушуухан хаах гэж яарсан байна. Үр дүнд нь таван хүн ял авсан ч бусад гаж донтонууд ямар ч шийтгэл авалгүй эрх чөлөөтэй үлдсэн.
Үүнээс дөрвөн жилийн дараа хүүхдийн эрхийг хамгаалагчдын гаргасан илтгэл Британийг гүн шоконд оруулсан юм. Пакистан гаралтай хүмүүс 1997, 2013 оны хооронд 1,4 мянган цагаан арьст охидыг хүчирхийлсэн гэдэг баримтыг Алексис Жей профессор энэ илтгэлд гаргасан юм. Хүчирхийлэлд өртсөн охид дийлэнхдээ эмзэг бүлгийн хүүхдүүд байж. Алексис Жей профессор тэдний тухайд “Эдгээр хүүхэд ямар аймшгийг давж гарсныг тоочин бичих хэцүү юм.
Тэднийг хулгайлж, зодож, хүчэрхийлж, Английн хойд нутгийн өөр суурингууд руу зарж байжээ. Зарим тохиолдолд дээр нь бензин асган шатаахаар сүрдүүлж, буугаар айлгаж, аймшигтай хэрцгийлэл бүхий видео бичлэг харуулаад хүнд хэлбэл энэ мэт цээрлүүлнэ гэж хэлдэг байсан байх юм. Энэ мэтээр сүрдүүлж байгаад 11 настай охиныг насанд хүрсэн хэд хэдэн эрэгтэй хүн дараалан хүчирхийлсэн байх жишээтэй” гэжээ. Орон нутгийн эрх баригчид, цагдаа нар аймшигтай үйлдлийн талаар мэдэж байсан ч эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байсан нь хамгийн таагүй. Жей судлаачийн хэлж байгаагаар цагдаа нар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж хэлэгдэхээс айдаг байсан тул эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байсан гэнэ. Удамшлын шалтгаанаар пакистанчууд ямар ч тохиолдолд британи хүмүүсээс илүү хар өнгийн арьстай тул пакистан хүн хүүхэд хүчирхийлсэн гэж мэдэгдээд мөрдөн байцаалт явуулбал арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч болно гэж үзсэн байна. Ардчилал хүний эрх, мултикультур онолын төлөө олон зуун хүүхдийн амьдрал, ирээдүйг баллаж байгаа тухай цагдаа нар боддоггүй нь хачирхалтай. Судлаачийн онцолсноор цагдаа нар өөр арьсны өнгө, яс үндэстэй хүмүүсийг үл тэвчигч гэж харагдахыг хүсэхгүй байсан болохоор гэмт хэрэгтнүүдийн яс үндсийг хэлэхээс болгоомжилдог байсан гэдгээ хэлж байв. Үүнээс гадна зарим тохиолдолд дарга нар нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг газар авахуулахгүй гэсэн шалтгаанаар гэмт хэрэгтнүүдийн яс үндсийг заахгүй байх тушаал өгдөг байж. Цагдаагийн дарга нар үүнийгээ хэт явцуу үзэлт улс төрийн бүлэглэлүүдийн анхаарлыг татаж нийгмийн тайван байдалд аюул учруулахаас сэргийлж байна гэж тайлбарладаг байжээ.
Цагдаагийн дарга нарын энэхүү тайлбарын хариуд Британийн нэгэн сонины сэтгүүлчид “Одоо ч гэсэн зарим хүн золиос болсон хүүхдүүд гэхээс илүүтэйгээр пакистанчуудын талаар муухай зүйл бодох вий гэдэгт санаа зовсон хэвээр байна. Тэд хүчирхийлэгчдийн тухай санаа зовж байгаа болохоос цагаан арьстнуудыг үзэн ядаж байгаа үзэгдэл, эрх баригчдын золиос болгосон хүүхдүүдийн талаар огт санаа зовохгүй байна” гэжээ. Английн сэтгүүлчид эрх баригчдынхаа жанжин шугамыг дагаад пакистан гаралтай хүчирхийлэгчдэд аядуу зөөлөн, уучлангуй хандаж байхад энэ тухай олж мэдсэн Америкийн хэвлэлийнхэн эрс хатуу байр суурь баримтлажээ. Тэд “Хэн нэгнийг хаа нэгтээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч, Британийн үндэсний намыг дэмжигч гэж хэлүүлнэ гэхээс эмээн охидоо хүчирхийлэхийг хүлцэнгүй харж, ганц үг ч ган хийж зүрхлэхгүй байгаад итгэхэд бэрх. Англичууд ямар сул дорой, ёс суртахуунгүй болов” гэж уулга алджээ. Санаанд багтамгүй аймшигтай хэрэг гарсан Ротерхэм хотод Пакистанаас гаралтай найман мянган хүн амьдардаг. Энэ нь хотын хүн амын ердөө 3 хувь. Гэсэн хэдий ч пакистанчууд нь хотдоо нэлээд нэр нөлөөтэй байж. Тухайлбал, пакистан гаралтай Жахангир Ахтар гэгч нь хотын мэрийн орлогч, Шаукат Али нь Лейборист намыг төлөөлөн хотын зөвлөлд суудаг байж. Хэвлэл мэдээллээр дуулиан дэгдэсний дараа энд дурдагдсан Жахангир Ахтар нь цагаан арьстай охинтой хамаатан нь бэлгийн харилцаатай байдаг гэдгийг мэдсээр атлаа нууцалдаг байсан нь ил болж албан тушаалаасаа огцорсон байх юм.
Энэ дуулианы дараа Лейборист намынхныг Азиас гаралтай, өөрөөр хэлбэл Пакистан гаралтай, лалын шашинт сонгогчдынхоо саналыг алдахгүйн тулд хүүхэд хүчирхийлэгчдийг өмгөөлсөн гэж буруутгах болсон. Лейборист намаас нэр дэвшин сонгогдсон Дэнис Макшейн “Би олон соёл нэг дор тайван оршин тогтнож байгаа завийг ганхуулмааргүй байна. “Guardian” сонины уншигч зүүний талыг баримтлагч либерал үзэлтний хувьд би энэ асуудлыг сөхмөөргүй байна” гэсэн нь жирийн британичуудын уур хилэнг улам их хөдөлгөжээ.
Энэ уур бухимдлыг дагаад охидыг хүчирхийлсэн хэрэгт Ротерхэм хотын удирдлага, цагдаа нар өөрсдөө холбоотой байж болзошгүй тухай мэдээ интернэтээр гарч эхэллээ. Британийн хамгийн эртний хүмүүнлэгийн байгууллага гэгддэг “Шоронгийн өөрчлөлтийн төлөөх Ховардын нийгэмлэг”-ийн тэргүүн Фрэнсис Кук “Би элдэв хуйвалдаанд итгэдэг хүн биш ч гэлээ хүүхдүүдийг бэлгийн боолчлолд оруулсан ийм өргөн цар хүрээтэй гэмт хэрэгт цагдаа нар өөрсдөө ороолцолдсоноос зайлахгүй” гэжээ.
Одоогоор хүүхдийн эрхийг хамгаалагчид Ротерхэм хотын удирдлагыг сайн дураараа огцрохыг уриалж байна. Хотын удирдлага хариуд нь хүчирхийллийн золиос бологчдод хандан уучлалт гуйж, ирээдүйд ийм явдал ахин гаргуулахгүйн тулд болсон хэргийг нарийвчлан мөрдөн шалгана гэсэн амлалт өгснөөс өөр зүйл хийхгүй байгаа аж. Олон нийтийн зүгээс ирж байгаа дарамт шахалт их байгаа тул хотын зөвлөлийн дарга л арга буюу өөрийн хүсэлтээр судлаа орхисон болохоос бусад нь юу ч болоогүй мэт ажлаа хийсэн хэвээр.
Ротерхэм хотын аймшигтай хэргийн дуулианыг дагаад Британийн цагдаа нар өөр хэд хэдэн хотод цагаач гаралтай хүмүүс олон жилийн турш хүүхэд хүчирхийлж байсан хэргийг мөрдөж эхэлжээ.
Энд яригдаад байгаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь цагаан арьстанууд пакистанчуудыг гадуурхсан бус харин пакистанчууд цагаан арьстануудын доромжлохын тулд санаатайгаар цагаан арьст ядуу айлын охидыг сонгон хүчрхийлэл үйлддэг тухай яригдаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Иймд энэ хэргийг мөрдөн байцаах явц Британичуудын анхаарлыг маш ихээр татаж байна.