Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Жаргалсайхан: Монголын нүүрсэнд Хятад монополь үнэ тогтоох аюул нүүрлэж байна

Манай улсад үйл ажилагаа явуулдаг 500 гаруй сая тонн нүүрсний нөөцтөй “Саус Гоби Сандс” компанийг Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалттай “Чалко” компани худалдаж авсан байна. Энэ нь Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж  байна гэж Улсын их хурлын гишүүн Ц.Сэдваанчиг, Г.Баярсайхан, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үзэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ тухай эдийн засагч Ц.Жаргалсайхантай ярилцлага хийлээ.

-“Саус Гоби Сандс” компанийн 57.6 хувийг “Чалко” худалдан авах саналаа ирүүлсэн гэж таны мэдээллээс ойлгогдлоо. Энэ нь манай Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үү?
- “Саус Гоби Сандс” компани саналаа ирүүлж, үүнийг нь “Айвенхоу майнз” зөвшөөрсөн байгаа. Үүнийг нь олон улсад мөрдөгддөг Виржиний хуулиар зөвшөөрдөггүй юм. Санал тавьснаас 35 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчид уг асуудлыг танилцуулдаг. Энэ хугацаанд ямар ч наймаа хийгдэхгүй. Бид энэ хугацаанд амжиж ийм хууль гаргасан байхад хууль буцаж үйлчилдэг гэсэн дүрэм үйлчлэхгүй. Бид ингэж олон улсын хууль, дүрмийг ашиглах ёстой. Энэ хуулийг гаргаж өгөхгүй бол тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

-Энэ хууль батлагдахгүй бол хятад манай улсад нүүрсний монополь үнэ тогтоох аюулгүй гэж харж болох уу?
-Байгалийн баялгаасаа ашиг олохоор итгэл тавьж буй нүүрсний борлуулалт бүгд нэг гарт төвлөрөх гэж байна. Би өнөөдөр аливаа нэг улсын тодорхой засаг орон ярьж байгаа  юм биш. Аль ч улсад өөр нэг улсын Засгийн газрын эзэмшсэн компани томоохон хувь эзэмшигч орж ирвэл буюу манай нүүрсний худалдан авагч нийлүүлэгч хоёр нэг тал болчихвол монополь үнэ тогтооно.  Үүнээс бид айж байна. Дэлхийн бүх орон монополь үнээс айдаг. Монополь үнэ зах зээлийн эдийн засгийн үндсийг тасалдаг. Ийм үед Засгийн газар дуугарахгүй байгаа бол иргэд дуугарч байна. Тэднийгээ төлөөлж би дуугарч байна. Маш яаралтай энэ сардаа багтааж бид Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийг батлах хэрэгтэй байна.

-Виржиний хууль гээд байгааг тайлбарлаж өгөөч?
-“Саус гоби Сандс” компани Виржинид бүртгэлтэй. Энэ компанийн байрладаг улс буюу Английн хуулиар “Саус Гоби Сандс”-ыг зарж байгаа үйл ажиллагаа худалдан авалтыг 37 хоногийн дотор барьж байдаг. Энэ хуулиар том хувьцааг нэг хүн авахад бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнх нь саналыг авдаг. Тэр 35 хоногийг бид өдөр болгон тооллоо. Өнөөдөр бидэнд 30 хоног байна. Хэрвээ энэ хугацаанд багтаад Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалынхаа хуулиндаа өөр орны Засгийн газар 25 хувиас дээш хувь эзэмшсэн аливаа нэгэн компани Монгол Улсын аливаа нэгэн компанийн 35 хувиас дээш хувийг худалдаж авбал төр засгаас нь зөвшөөрөл авдаг гэдгийг суулгавал бид айх зүйлгүй болно. Австралид гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл гэж байна. Энэ дотор нь иргэдийнх нь төлөөлөл байдаг. Үүгээр бүх гадаадын хөрөнгө оруулалтын асуудал ордог. Энэ бүтэц Америк, Канадад байна. Зах зээл тогтсон, тэдний жишиг болсон, стандарт болсон улс орнууд ийм байхад бид яагаад энэ хуулийг хийхгүй байгаа юм бэ. УИХ-ын гишүүдээс энэ саналыг гаргасан байна. Одоо энэ хуулийг хэлэлцэх шатанд явж байна. Үүнийг бид өдрөөр биш, цагаар хэмжих ёстой. Энэ шаардлагыг тавиад манайхан бүгдээрээ чадах чинээгээрээ тэмцэх ёстой. Бид ардчилсан орны ардчилсан иргэд. Би өөрийнхөө эрхийг эдлэж байгаа. Та бүхэн ч мөн эдлэх ёстой. Үүнийг Хятадын болон бусад улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид бүрэн ойлгож хандана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь бусад бүх оронд ийм хууль, дүрэм үйлчилж байгаа. Хэрвээ иргэдийнхээ төлөө ийм чухал ажлыг төр засаг хийхгүй юм бол бид дараагийн сонголтоо хийх ёстой.

-Овоот толгойн орд стратегийн ордод бүртгэгдээгүй. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үү?
-“Саус Гоби Сандс” компанийн эзэмшиж байгаа орд газар Өмнөговь аймгийн найман сумын нутагт байдаг юм билээ. Стратегийн мөн ч бай, биш ч бай Монголын аливаа нэг компанийн нүүрс нийлүүлдэг олон зуун сая тоннын нөөцтэй ордод өөр орны Засгийн газар үнэ тогтоох боломжтой байна гэдэг аль ч оронд тэвчиж болохгүй зүйл. Энэ тодорхой нэг орны өөрийнх нь тухай биш, бид зарчмын асуудал ярьж байна. Ард түмнээ төлөөлөн шийдвэр гаргадаг төр нь өөр нэг орны нүүрсний нийлүүлэлтийн үнийг тогтоож болохгүй гэж бид үзэж байна.

-Уул уурхайн ордуудтай явагдаж байгаа гэрээнүүдийг манай Засгийн газар хянаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ихээр гардаг. “Саус гоби сандс”-ын талаархи мэдээллийг ЭБЭХ-ний сайдаас тодруулахад үгүйсгэж байсан?
-“Financial times” сонины дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт энэ компани Монгол Улсын Засгийн газраас албан бусаар зөвшөөрөл авсан тухай өгүүлбэр нийтлэгдсэн. Бид томоохон хэмжээний гэрээнүүдтэй холбоотой мэдээллийг авч байх ёстой. Засгийн бүх үйл ажиллагаа ил тод болох ёстой.

-Манай улс гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ мэтээр зохистой харицаа нь алдагдаад байх шиг байна. Хөрөнгө оруулалтыг бид ямар замаар татах ёстой юм бэ?
-Бид зайлшгүй гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гэхдээ гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг дэмждэг болохоос бусад улс орын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг өөрийнх нь компаниар нь дамжуулан дэмжих ёсгүй. Үүнийг аль ч орон дэмждэггүй. Тухайн оронд зээл тусламж үзүүлэх бол өөр асуудал.

-Энэ хууль гарвал гадаадын хөрөнгө оруулалтыг доош нь татах вий гэсэн болгоомжлол хүмүүст байх шиг байна?
-Миний бодлоор тийм зүйл байхгүй. Энэ хуулийг гаргаснаар Монгол Улс хувийн сектороо дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг бусад улс орон ойлгоно. Ийм хууль гарснаар Монгол Улсад монополь үнэ тогтоох боломжгүй болно. Өнөөдөр бид Тавантолгойн нүүрсийг 70 ам.доллараар зарж байна. Гэтэл энэ ордоос нэг км зайд Ухаа худаг 114 ам.доллараар худалдаж байна. 44 ам.доллараар бид хямд зарж байна. Засгийн газар ямар гэрээ хийсэн юм бэ. Энэ бүх асуудлыг хэлэхгүй байж байгаад хийчихлээ гээд бүх зүйл дууссаны дараа олон нийтэд мэдээллэдэг. Үүнийг хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой.

-Манай нүүрсний цорын ганц худалдан авагч Хятад өөрсдөө орд газрыг маань худалдаад авчихаар эдийн засгийнхаа хурдыг уул уурхайгаараа төсөөлөн харж байгаа биднийг ямар үр дүн хүлээж байна вэ?
-Аль ч орон худалдаж авч байгаа зүйлээ хямд болгохын тулд нийлүүлэлт талдаа эзэн суух ёстой. Энэ бол Хятад сайн, муу асуудал биш.

С.Заяа

Эх сурвалж : www.shuud.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан