Интернэт ертөнц, олон нийтийн сүлжээ сүүлийн үед мөстэй ус хэрхэн толгой дээрээ асгуулж буй бичлэгээр л амьсгалах боллоо. Facebook-т одоогоор “Ice Bucket Challenge” –ийн 2,4 сая дүрс бичлэг нийтлэгдэж, 28 сая хүн түүнийг нь бусадтай хуваалцаж, like дарсан байна. Тэгвэл “Instagram”-д 3,7 сая видео тавигдсан бөгөөд үүнээс Жастин Биберийн мөстэй ус асгуулж буй бичлэг хамгийн олон буюу нэг сая “like” авчээ.
ALS хэмээх өвчнийг судлахад хөрөнгө босгох зорилгоор анх эхэлсэн уг хөдөлгөөний үр дүнд ALS өвчний холбоо 98,2 сая ам.долларын хандив хүлээн авчээ. Зөвхөн АLS гэлтгүй өөр олон янзын эмчлэгддэггүй, хүнд өвчнийг анагаах, судлахад зориулан дэлхий нийтээр хандив өгсөөр байна. Мөстэй усны хөдөлгөөн иймэрхүү хүнд өвчний эмчилгээ судалгаа руу олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан нь Google-ийн тоо баримтаас харагдана. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ALS өвчний тухай Google-ээр хайсан тохиолдол огцом нэмэгдэж, Википедиад гэхэд 2,7 сая хүн нэвтэрчээ.