Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 оны намрын топ загварууд

Цагийн эргэлтэд дөрвөн улирлын өнгө ээлжлэн солигдож, алтан шаргал намартай золголоо. Ойрын өдрүүдэд нартай, дулаахан байгаа ч удахгүй намрын сэрүү орж дулаан хувцсаа шүүгээнээсээ гаргаж ирэх болно. Намрын сэрүүн өдрүүдэд дулаахан бас тэгээд цаг үеэсээ хоцрохгүй орчин үеийн харагдахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл 2014 оны намрын топ загваруудыг танилцуулж байна.

Товчгүй пальто, цув

Хэдий намар налгар улирал ч гэлээ бүсгүйчүүд маань дулаахан явах хэрэгтэй. Намар оройн салхинд жиндэхээс хамгаалах хувцас бол яах аргагүй цув, пальто. Гэхдээ ямар загвартайг нь авах вэ. Загварын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар энэ намар товчгүй, ердөө л бүсэлчихдэг, тэгээд гол нь таны ердийн өмсдөг хэмжээнээс том мэт харагдахаар хэлхгэр пальто моодонд орж байгаа аж. Ийм пальтоны дотуур хүзүүтэй цамц, нарийн дүүжин өмд өмсвөл гараад өгөх нь тэр.

Эрчүүдийнх шиг оксфорд маягийн гутал

Энэ намар өндөр өсгийт гэхээс илүүтэй намхан, ажил хэрэгч гутал илүү загварлаг харагдуулна. Эрчүүдийн ботинк шиг загвартай, оксфорд маягийн гутлыг бүсгүйчүүд маань ажил хэрэгч өмд эсвэл бүр дэрэвгэр банзалтай хослуулан өмссөн ч “nice” харагдана. Үүнээс арай чөлөөтэй хувцаслахыг хүсвэл пүүз, кет гээд спорт гутал сонгож болно. Тэд ч бас энэ намрын моод.

Цүнхээрээ өөрийгөө илэрхийл


Этгээд хачин, эсвэл яг чиний үзэл бодолтой нийцэхүйц үг, ишлэлээр чимсэн жижиг гар цүнх бүсгүй таныг цаг үеэ мэдэрдэг гэдгийг илтгэнэ. “Karen Walker”, “Kate Spade” гээд олон арван брэнд ийм цүнхийг энэ намарт зориулан гаргажээ.

Ковбой стилийг бүрдүүл




Малгайг зөвхөн өвөл өмсдөг гэж үү. Хавар, намрын улиралд ч өөрт зохисон малгай өмсөх нь дэгжин харагдуулдаг. Тэгвэл энэ намар барууны өндөр болон ковбой стилийн малгай моодонд оржээ. Ийм малгайг та савхин хүрэм, эсвэл урт пальтотой хослуулахад сайхан зохицдогийг нэртэй брэндүүд загварын шоугаараа харуулсан. Ер нь энэ намар ковбой стиль эргээд моодонд орсон гэдгийг санахад илүүдэхгүй.










60-аад оны моод эргэн ирлээ


Моод эргэдэг гэлцдэг. Энэ удаа 60-аад оны моод эргэн иржээ. 60-аад онд чухам ямар стиль зонхилж байсныг Холливудын “Mad Men” цувралаас төвөггүйхэн харж болно. Тод алаг эрээн даашинзууд, жинхэнэ эмэгтэйлэг байдлыг илтгэх дэрэвгэр банзлууд гээд тэр үеийн загвараас хуулбарлаад үзээрэй.

Нэхмэл цамц

Намар өмсөх хамгийн аятайхан хувцас юу вэ гэвэл “нэхмэл цамц” гэж хүн бүр дуу нэгтэй хариулах биз ээ. Том, зузаан захтай, том товчтой, намар шиг шаргал, цайвар өнгийн нэхмэл, сүлжмэл цамцнууд он оны моод харгалзахгүйгээр хэзээд намрын хамгийн зөв сонголт байх болно.

Том тусмаа сайн

Энэ намар ер нь ердийн хэмжээнээс хавьгүй том хувцсаар гоёход буруудахгүй нь. Гадуур хүрэм ч тэр, дотуур өмссөн цамц, өмд ч тэр. Ийм хувцас таныг дулаахан харагдуулаад зогсохгүй биеийн зарим өө сэвийг далдалдаг сайн талтай.






Хуурамч, жинхэнэ хамаагүй үслэг л байвал болоо



Энэ намрын гоёл нь үслэг эдлэл гэж дизайнерууд хэлж байна. Ингэхдээ жинхэнэ эсвэл хуурамч байхдаа гол нь биш. Томоохон брэндүүд хүртэл хавьгүй чанар муутай гэгддэг үслэг материалыг энэ намрын загварууддаа ашиглаж байгаа юм. Дулаахан, тэгээд зөөлхөн үслэг материалаар хийсэн хүрэм, хантааз, цамц гээд олон сонголт байна.

Даашинз+өмд

Энэ намар загвар зохион бүтээгчид нэг “хачин” загварыг туршиж үзэхээр нэвтрүүлсэн нь өмдөн дээр даашинз өмсөх. Хачирхалтай сонсогдож магадгүй ч туршаад үзэхэд толины өмнө өөр харагдах ч юм билүү.

Аварга том хүзүүтэй цамц

Намар цагийн сайхан сонголтуудын нэг нь мэдээж хүзүүтэй цамц. Харин энэ удаа ердийнхөөс том, бүр маш том хэмжээтэй бараг толгойгоо далдалчихмаар хүзүүтэй цамцнууд моодонд оржээ.

Амьтдыг “хайрла”

Энэ намрын нэг хөөрхөн загвар нь элдэв амьтны зурагтай хувцаснууд. Жижигхэн гөлөг, үнэг, хун гээд янз бүрийн амьтны зургаар чимсэн хувцаснуудыг дизайнерууд урлаж байна. Үүнээс гадна бараг хэзээ ч моодноос гардаггүй барын эрээн хээ ч моодны хэвээр л байна.

Намрыг улбар шараар гоё

Алтан шаргал намрыг улбар шараар гоёвол цоглог биш гэж үү. Энэ өнгө өнгөрсөн хавар, зун ч бас хамгийн загварлагт тооцогдож байсан. Тиймдээ ч “улбар шар бол шинэ хар өнгө” гэсэн үг ч гараад байгаа. Гэхдээ “улбар шар надад арай л биш ээ” гэж бодож байгаа хүн байвал мөн л 2014 оны хаврын тренд болох цайвар ногоон, ягаан гэх мэт зөөлөн өнгийг сонгосон ч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан