Хэнд мэдээлэл байна тэр хүн дэлхийг удирдана гэсэн үгийг та лав сонсоо биз. Мэдээлэл, ялангуяа үнэн бодит мэдээлэл нь орчин үед шийдвэрлэх үүрэгтэй байдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал дээр бодит мэдээлэл бус харин хагас үнэнтэй хуурмаг мэдээллийг хэн сайн зохиож, чадварлагаар олонд түгээн итгүүлсэн нь ялагч болдгийг орчин үеийн түүх харуулж байна.
Хүйтэн дайны үед социалист ба капиталист талуудын хэвлэл мэдээллийнхэн ямархуу ширүүхэн тэмцэл өрнүүлдэг байсныг санаж байгаа, мэддэг хүн ч олон байна. Хоёр тал нэг нэгнээ “ардчилсан бус, ялзарсан, цөөнх нь бүгдийг шийддэг засаглалтай, хүмүүс нь бүдүүлэг, дээрэнгүй авиртай” гэж ирээд л муулдаг, өөрсдийгөө “жинхэнэ ардчилсан, иргэд нь аз жаргалтай, элбэг хангалуун амьдралтай, эрх чөлөөтэй” гэдэг байлаа. Хүйтэн дайн дуусч дийлэнх улс орон жинхэнэ ардчилсан төртэй болсон тул олон улсын тавцанд ахин хагас үнэнтэй, худал мэдээлэл тарааж өөрийн болон өрөөлийн иргэдийг төөрөгдөлд оруулах шаардлагагүй болсон байх гэж бодтол тэгсэнгүй.
Югославын бөмбөгдөлт, Чеченийн дайн, Армени ба Азербайжаны хоорондын Карабахын дайн гээд олон жишээ дурдаж болно. Өрнөдийнхөн үнэн алдартны шашинт сербүүд лалын шашинт албани үндэстнүүдийг хомроголон устгах арга хэмжээ явууллаа гэж бөмбөгдсөөр байгаад Косово гэх тусгаар улс бий болгосон. Гэхдээ мэдээллийн дайнд өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэхээр илүүрхэж байв. Тиймээс Косовогийн албаничууд дутахааргүй зэрлэг авирлаж, сербчүүдийн хомроголон устгах олон үйлдэл хийсэн хэмээн серб, оросын сонинд, мэдээллийн хэрэгслүүдээр түгээвч анхаарал татаж чадалгүй ялагдсан гэж болно. Үр дүнд нь мөн л бодит байдал дээр юу болсныг дийлэнх олонх мэдэж чадалгүй өнгөрсөн юм.
2003 онд Америк орон Саддам Хусейныг нууцаар цөмийн зэвсэг бэлдэж байгаа гэж мэдэгдээд дайн эхлүүлсэн. Дайнд ялчихаад Хусейны цөмийн зэвсгийг идэвхтэй хайсан боловч ер олоогүй. Явсаар байгаад дайн эхлүүлэх шалтаг хэрэгтэй байсан тул Америкийн тагнуулын албаныхан санаатайгаар хуурамч мэдээлэл түгээж, өөрийн иргэд болон дэлхийн нийтээс дэмжлэг авсан нь илэрсэн юм. Гэвч дайнд америкчууд нэгэнт ялж, Саддам цаазаар авахуулсан тул хуурамч мэдээллийн тухай маргаан мэтгэлцээн тэгсгээд намжсан. Ардчиллын төлөө гэдэг ч энэ дайныг яагаад эхлүүлснийг жирийн иргэд буюу дийлэнх олонх бас л бүрэн ухаарч чадаагүй.
Долоон жилийн өмнө болсон Гүрж ба Өмнөд Осетын мөргөлдөөнийг дурдаж болно. ОХУ-ын хэвлэлээр “Энэ дайныг Гүрж эхлүүлсэн” гээд, Гүрж болон өрнөдийн хэвлэлд Оросыг эхлүүлсэн гэх гарчигтай үнэнийг худлаар хачирласан мэдээллээр довтолж, “шинэ дайн” эхэлсэн. Одоо ч талууд өөр өөрийн байр сууриа хамгаалсан хэвээр. Гүржүүдийн зүгээс де факто буюу тусгаар улс болоод байсан Өмнөд Осетыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гээд, буцаан нэгтгэх гэтэл Оросууд цэргийн хүчээр булаагаад авчихлаа гэдэг. Үүний хариуд оросын зүгээс “Гүржүүд осетчуудыг хомроголон устгаж эхэлсэн учир арга буюу энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн” гэж байв. Бодит байдал дээр юу болсныг та бид одоо бүрэн тайлбарлахад бэрх.
Одоо Украинд болж буй хэрэг явдал нь хуурамч мэдээллийн дайн бодитоор хэрхэн өрнөдөгийн хамгийн тод жишээ юм. Янукович огцорч засаг солигдсон явдалд мөн л тэс хөндлөн тайлбар өгөх байх. Майданын жагсагчид Януковичтэй хийсэн тохиролцоогоо зөрчиж төрийн эргэлт хийгээд, Засгийн эрхэнд гарсан гэж Орос нь нотолдог. Шинэ эрх баригчид үүнийг тайлбарлахдаа “Янукович авлигад идэгдэж, Ерөнхийлөгч байх ёс суртахууны үндэслэлгүй болсон тул ард түмний хүсэлтээр Засгийн эрхийг авсан” гэж байна. Яг юу болсныг эгэл жилийн иргэд мэдэх үү гэвэл үгүй юм. Крымийн хойгийг Орос өөртөө нэгтгэсэн асуудалд түмэн янзын тайлбар оршино. ОХУ нь Крымийн хүн амын олонх орос үндэстэн, автономит засаглалаар олгосон эрхийн дагуу бүх нийтийн санал асуулга явуулахад Оростой нэгдэхийг дэмжсэн учраас хүслийг нь биелүүлсэн гэж байна. Украины эрх баригчид энэ үзэгдлийг Оросууд зэвсгийн хүчээр далайлгаж, зохиомол санал асуулга явуулаад, газар нутгийг маань булааж эзэллээ хэмээсэнд өрнөдийхөн баттай итгэдэг. Малайзын “Боинг-777” унасны дараа гарсан мэдээлэлд ч дайн шингэжээ. Украинчууд салан тусгаарлагчид олзолж авсан пуужингаараа онгоцыг буудсан гээд дарга нарын хооронд холбогдсон радио яриа гаргаад ирэв. Гэтэл төд удалгүй босогчдод ямар ч пуужин байхгүй нь нотлогдоход онгоцыг Оросын цэргийнхэн сөнөөсөн болж таарав. Босогчид ба оросууд мөчөөгөө өгөлгүй онгоцыг украин пуужиндаж унагасан, онгоц унахын өмнө украины “Су” сөнөөгч онгоц нисч байсан гэх баталгаа дэлгэв. Үр дүнд нь онгоцонд сууж явсан олон зуун хүн амиа алдаад, дэлхийн нийтээр чухам юу болсныг мэдэлгүй өнгөрлөө.
Украины зүүн мужуудад армийн анги, нэгтгэлүүд орон сууц, цэцэрлэг гэх мэт энгийн объект руу их буугаар гал нээж, онгоцноос бөмбөгдөж эхэлсэн тул олон зуун мянган иргэн Орос руу дүрвэлээ, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хэмээн Орос мэдээллээ. Үүний дараа өрнөдийн тал зүүн мужуудад ямар ч хүмүүнлэгийн тусламж хэрэггүй, Орос руу дүрвэсэн гэх хүмүүс нь тэнд байгаа хамаатнуудынхаараа зочлохоор явсан, удахгүй эргэж ирнэ гэж итгүүлэхийг хүссэн. Үйл явцыг нүдээр үзээгүй олон улс үүнд таамаглал дэвшүүлэхээс хэтрэхгүй байна.
Украин ба өрнөдийн зарим улстөрчид байсхийгээд л зүүн мужуудад Орос цэрэг, танк, онгоцоо оруулчихлаа, цэргээ гаргахыг шаардъя гэх. Орос хариуд нь цэргийн техникээ бүү хэл цэргийн албан хаагчдаа мөргөлдөөн болж байгаа Украин руу оруулаагүй, оруулах шаардлага ч байхгүй гээд нотолгоо шаардах. Орос нь Украины нисэх хүчнийг босогчдын эсрэг фосфорын бөмбөг ашигласан гэж буруутгасан. Украин энэ мэдээг ямар ч үндэслэлгүй гээд босогчид Оросоос нийлүүлсэн фосфортой сумаар харваж байгаа гэж сөргүүлж тавив. Ийм жишээ маш их. Та өөрөө ч мэдээ үзээд өрнөдийн мэдээллийн агентлагийн сурвалжлага, мэдэгдлийг оросынхтой харьцуулаад дүгнэж болно. Югославт, Гүржид, Иракт болж байсантай яг адил нөхцөл байдал үүсчээ. Босогчдыг нэг тал нь алан хядагчид, салан тусгаарлагчид, урвагчид гээд, нөгөө тал нь амьдрах эрхийнхээ төлөө тэмцэгчид, өөрийгөө хамгаалах хүчнийхэн гэнэ. Украины арми, үндэсний гвардийг зарим нь баатрууд, тусгаар тогтнолоо хамгаалж буй жинхэнэ эх орончид гэх атал нөгөө талд хэт үндэсрхэг үзэлтэн, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхагч, энгийн иргэд рүү дайрсан зандалчид, Америкийн гар хөл гэх аж. Энэ мэт олон жишээ татаж болно. Яагаад ийм байдал үүсээд байна вэ. Цаашид өөрчлөгдөх үү. Дийлэнх олонх нь мэдэж амжихгүй байж болох ч бодит байдлыг мэдэж буй цөөнх гэж байдаг уу гэх асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.
Ойлгомжгүй, тодорхойгүй, хоёр үнэн зэрэгцэхэд хүргэдэг ганцхан шалтгаан бий. Тэр бол дэлхийн тавцанд ноёлох байр суурийн төлөөх их гүрнүүдийн тэмцэл. Ноёлохын тулд наад зах нь өөрийн иргэдэд хийж буй үйлдлээ зөв тайлбарлаж, дотоодын дэмжлэг авах шаардлагатай. Цаашилбал, бусад орон, ялангуяа өрсөлдөж буй орны иргэдийн бодол санааг өөрийн талд татах ёстой. Ийм нөхцөлд нэг нь ноёлох гээд булингартай мэдээллээр “бөмбөгдөөд” ирэхээр нөгөө тал нь яг адил аргаар хариу барьж, өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байдал үүснэ.
Дэлхийн түүхийг улс гүрэн, улс төрийн хүчнүүд хоорондын ноёллын төлөөх эцэс, төгсгөлгүй тэмцэл гэж тайлбарлаж болох тул ийм байдал цаашдаа үргэлжилсээр байх бололтой. Дээр нь, нэг үйл явдлыг ямар ч өнцгөөс харж, яаж ч тайлбарлаж болдог. Аливаа нэг үйл явдлын талаарх бодит мэдээлэл байхгүйгээр санаатайгаар хагас үнэн, хагас худал мэдээлэл зохиох боломжгүй. Аяганы хагас нь дүүрэн юм уу хоосон байна гэж харах өнцөг байдгийг та дуулаа биз. Ийм нөхцөлд аяганд ус байгаа юу үгүй юу, усыг хэн яагаад хийчих вэ гэдэг л үнэн бодит мэдээлэл юм. Өнөөдөр ийм мэдээллийг цөөн хэдэн хүн л мэднэ. Ус байгааг дийлэнх хүнд шууд хүргэх нь тэдний эрх ашигт тэр бүр нийцдэггүй. Тиймээс өөрийн эрх ашигт нийцүүлж, аягыг хагас дүүрэн эсвэл хагас хоосон гэж тайлбарлах нь бидэнд өөрийн харах өнцгөө тулган хүлээлгэж буй хэрэг.
Дийлэнх олон болж буй жирийн иргэд олон улсын анхаарлын төвд байгаа үйл явдлын талаар үнэнд аль болох бүрэн ойлголттой болохын тулд юуны өмнө олон эх сурвалжийн мэдээллийг харьцуулж үзэх замаар дүгнэх нь хагас үнэнээс өөрийгөө хамгаалах цорын ганц арга болов уу.