Пакистанд Ерөнхий сайд Наваз Шарифыг огцруулах шаардлага тавьж буй эсэргүүцэгчид түүний ордон руу дайрч, эзлэх оролдлого хийжээ. Цагдаа нартай тулсан мөргөлдөөний үеэр нэг хүн амиа алдаж, 400 орчим хүн шархадсан хэмээн “AFP” агентлаг мэдээллээ. Засгийн газрын эсрэг жагсаалд 25 мянган хүн оролцсон. Ерөнхий сайдын ордон руу дайрсны дараа цагдаа нар зайлшгүй байдалд орж, хариу арга хэмжээ авсан аж. Гэвч цагдаа нарын хориглолтыг нураахын тулд өргөгч цамхаг хүртэл ашиглаж, нэлээд ширүүн довтолсон гэнэ. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна. Пакистанд Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан наймдугаар сарын дундаас эхэлсэн юм. Сөрөг хүчний "Пакистан Техрик-е Инсаф" намын тэргүүн Имран Хан, шашны "Минхаджул Коран" хөдөлгөөний удирдагч Тахира уль-Кадри нар нь Ерөнхий сайдыг авлига, сонгуулийн үр дүнг өөрчилсөн гэж буруутгаад, огцрохыг шаардсан юм.