Мексикийн Запопан хотод 127 настай эмэгтэй амьдарч байна. Гэвч тэрээр үүнийг нотлох ганц баримт болсон төрсний гэрчилгээгээ 40 жилийн өмнө гэр нүүлгэх үеэр алга болгож орхисон учир албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настан хэмээн батлах аргагүй болжээ. Леандра Бесерра Лумбрера хэмээх энэ эмээгийн хэлснээр тэрээр 1887 оны наймдугаар сарын 31 буюу Их Британийн хатан хаан Виктория хаан ширээнд суусны 60 жилийн ойн өдөр төрсөн хэмээн ярьдаг аж. Хэрэв энэ үнэн бол дэлхийн II дайн гарахад тэр 27-той, хатан хаан II Элизавета хаан ширээнд суухад 66-тай, хүн саран дээр хөл тавихад 82-той байжээ.
1910-1917 оны хооронд үргэлжилсэн Мексикийн хувьсгалд оролцож, фронтод дайтаж явсан Леандра өөрөө өндөр насласан ч таван хүүхэд, 20 ач зээгээ хорвоогоос халихыг харжээ. Тэр одоо 73 жич, тэдний үр хүүхэд болох 55 гучаараа хүрээлүүлэн энх тунх амьдарч байна. Эмч нар түүнийг бүхэл хоол идэж болохгүй гэсэн ч шүд сайтай болохоор чихэр шоколад гэх мэт амттаныг хүссэнээрээ иддэг гэнэ. Харин насны эрхэнд түүний чих жаахан хатуу болжээ.
Гэхдээ тэрээр одоо хүртэл ач, гуч гээд үр хүүхдүүддээ өнгөрсөн зууны тухай сонин хачин түүхийг хүүрнэн өгүүлж, хуучны ардын дуунуудаасаа зааж өгсөөр байгаа гэнэ. Тэрээр заримдаа гурван хоног хүртэл унтах нь бий бөгөөд ингэж сайн амарч нойрсч чаддаг нь урт наслахын нэг шалтгаан болсон байх гэж үр хүүхдүүд нь ярьдаг байна. Леандра гуайд хоёр зууны өмнө төрсөн гэдгийг нь батлах ямар ч баримт үлдээгүй ч бага байх үед нь эдэлж хэрэглэж байсан гэх 1847 онд хийсэн мөнгөн халбага, алтан ээмэг, бөгж, хуучны халаасны цаг зэрэг эртний эдлэлүүдээ өнөөр хүртэл хадгалж байгаа аж.
Хэрэв тэр төрсний гэрчилгээгээ хадгалж байсан бол дэлхийн хамгийн өндөр настан хэмээн Гиннесийн номонд бичигдэх байлаа. Гэвч баримтгүйгээс түүний 12 насаар дүү Японы иргэн Мисао Окава одоогоор дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн тооцогдож байгаа юм.