Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувьцаа тойрсон хуудуутай асуудлууд

Монгол Улсын иргэн болсон ч хувь хүртэх хувьгүй хүүхдүүд

Уг нь, бид азаар “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг эзэмших эрхтэй болсон Монгол улсын иргэд. Гэвч 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө амжиж төрсөн бол шүү. Учир нь төр 2012 оны дөрөвдүгээр сараас  өмнө төрсөн иргэдийнхээ тоогоор маш нягт нямбай тооцоод хувьцаагаа хуваарилчихсан. Сая төгрөгөө, хувьцаагаа ч 2012 оны сонгуулийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 гэхэд өгөх ёстой хүмүүст өгчихнө өө гэж тооцож. Гэвч чи бидээ  тулж хэрэлдэж хэлэлцэж явсаар өнөөдөртэй золгов. Харамсалтай нь сая төгрөг хийгээд хувьцааны бараа харсан хүн байдаггүй. Гэтэл хууль ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө л төрсөн бол хувьцаа эзэмших эрхтэй байдаг. 

Үнэндээ Таван толгойн хувьцаа нь одоог хүртэл зах зээлд гаргаагүй байгааг сайн талаас нь бодвол ирээдүйд магадгүй хорин жилийн дараа олон улсын бирж дээр арилжаалагдаж хөрөнгө босгох нь. Тэр үед  хувьцаатай иргэд башийж, харин яг амьдралд хөл тавьж байгаа 20 настнууд төр засагтаа гомдох л байх. Статистик мэдээнээс үзвэл сард дунджаар Монгол Улсад 6000-гаад хүүхэд шинээр мэндэлдэг юм байна.


2.8 сая хүний гуравны нэг нь л данс нээлгэж…

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолоор иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших болсон. Энэхүү тогтоолын хүрээнд нэрийн дансандаа хувьцаатай байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмснээр нийтдээ нэг хүн 1072 ширхэг хувьцаа эзэмших болсон. Ингэхээр нэрийн дансгүй иргэд зайлшгүй дансаа нээлгэж гэмээнэ “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааны эзэн болох юм. Иймээс дансгүй нэг нь брокер диллерийн компанид очиж дансаа нээлгэх хэрэгтэй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар хоёр сая 800 гаруй иргэнээс хэд нь хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулж, нэрийн дансаа нээлгээд байгааг  “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламаас  тодруулахад “Статистик судалгаанаас үзэхэд өнгөрсөн жил 120 мянга гаруй харилцагчийн данс нээгдсэн байсан. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 110 мянган данс шинээр нээгдсэн. Бүтэн жилтэй тэнцэхүйц тооны данс дөрвөн сарын хугацаанд нээгдсэн. Одоо нийтдээ 710 мянга гаруй данс нээлгэсэн байдаг. Иргэд мэдээллээ сайжруулж, хөрөнгө оруулалт хийх сонирхол нь өмнөхөөсөө нэмэгдсэн” хэмээв. Уг нь хоёр сая 800 мянга гаруй иргэндээ хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа учир ийм хэмжээний нэрийн данс нээгдэх учиртай. Гэтэл ҮЦТТТХТ-д одоогоор гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгж нийлсэн 710 гаруй мянган данс бий гэдэг нь даанч чамлалттай тоо. Мөн энэ тоонд 1990 оны үед нэрийн данстай байсан иргэд ч багтсан аж.
 

Нэргүй гуай дансаа хэзээ нээлгэх бол

 
Данс нээлгэхэд бидэнд ямар бэрхшээл тулгарч байгаа вэ. Баянхонгор  аймгийн малчин Нэргүй  гуай өөрийгөө хувьцаа эзэмшигч гэдгээр бахархдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл өөрт нь нэрийн данс байгаа юу, үгүй юү гэдгийг мэдэхгүй л яваа. Зүгээр л хувьцаа эзэмшигч. 1990 оны үед Засгийн газраас цэнхэр, ягаан тасалбар гэж өгч байхад  өөрийнхийгөө “Зоос гоёл”, “Автоимпекс”-т өгчээ. Тухайн үедээ “Зоос гоёл-оос жилдээ ганц хоёр мөнгөн ээмэг бөгж авчихдаг байсан.

Харин тэгж байтал компаниас нь дуудахаа ч больж ямар ч мэдээллээр хангахаа больсон. Ингээд л хувьцаа нь талаар болсон. Харин ойрын өдрүүдээс  зарим иргэн 1990 оны үед эзэмшиж байсан хувьцаатайгаа мэдэж ногдол ашиг  авсан гэх яриа тарах болов. Иймд тэрээр данстай эсэхээ мэдэх хүсэл улам л төрөх  болсон. Харамсалтай нь түүний ойр хавьд интернэт байхгүй. Уг нь www.schcd.mn хаягаар орж данстай эсэхээ мэдэх боломжтой байдаг. Утас ч байгаа. Гэхдээ түүний утас интэрнэтэд холбогдохгүй. Иймд хаягаа шалгахаар аймгийн төв орох нэг арга бий. Харин нөгөөх нь хотод байгаа хүүдээ регистрийн дугаараа өгч явуулан шалгуулах. Нэргүй гуай дээрх аргуудаас хоёр дахийг нь сонгосон. Харин түүний хүү Нэргүй гуайд нэрийн данс байхгүй гэдгийг дуулгасан.

Гэтэл брокер диллерийн компаниуд  нэрийн данс нээлгэх бол өөрийн биеэр ирэх шаардлага тавьдаг. Орон нутагт нь брокер диллерийн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бол нутгийн иргэд түүндээ л хандах хэрэгтэй хэмээж буй. Гэтэл манай улсад брокер диллерийн 70 гаруй компани байгаа ч үүний 50-аад нь Улаанбаатар хотод офисс нь бий.  Нэргүй гуайд жилд нэг хот орох ажил гардаг. Иймээс тэр үеэр л дансаа нээлгэхээр шийдсэн гэнэ.

Бидний өдөр тутмын амьдрал хувьцаа тойрсон иймэрхүү асуудлууд тасрахгүй л байна. Цаашид ч 1072 хувьцаа эзэмшихтэй холбоотойгоор  ямар асуудал үүсээд байгааг мэдээлэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан