Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцалж магадгүй


Европын холбооноос Орост суугаа Элчин сайд Вигаудас Ушацкас “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө “Украины зүүн нутагт байдал тогтворжвол манай хойд хөршийн эсрэг аваад байгаа эдийн засаг, санхүүгийн болон улс төрийн хориг арга хэмжээг цуцалж магадгүй, цаашид ахин шинэ хориг хэмжээ авмааргүй байна” гэжээ.

Энэ мэдэгдэл нь “Оросыг Украины салан тусгаарлагчдыг дэмжсэн, Крымийн хойгийг булаан эзэлсэн” гэсэн шалтгаанаар тус улсын эсрэг аваад байгаа хориг арга хэмжээ нь Европт таагүй нөлөө үзүүлж буйг шууд бус байдлаар хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж болно.
Европын холбоо нь газрын тос ба шатдаг хийн олборлолт, төмөр зам, батлан хамгаалах салбар, банк санхүү, иргэний агаарын тээвэр гээд маш олон салбарт Оростой хамтран ажиллахыг түр хориглосон. Үүнээс болж Орос багагүй хохирол амсч байгаа нь мэдээж.

Оросууд ийм нөхцөлд одоо бас ямар хориг арга хэмжээ аваад ямар хохирол амсах бол гээд хүлээлтийн байдалтай, хүлцэнгүй бөгөөд идэвхгүй суухыг хүссэнгүй. Бид ч бас хориг арга хэмжээ авч чаддаг юм шүү, та нарт ч алдах зүйл бий гэдгийг харуулахын тулд Европын холбооны орнуудаас бүх төрлийн мах, жимс, хүнсний ногоо, сүү ба сүүн бүтээгдэхүүн импортлон оруулахыг хориглосон.

Энэ бүхний үр дүнд Орос руу экспорт хийдэг хөнгөн, хүнд үйлдвэрлэлитйн салбарууд ихээхээн алдагдал хүлээх нь тодорхой болоод байна.
Харин Америк, Канад, Австрали гэх мэт Орост тун бага экспорт хийдэг орнууд цаашид хориг арга хэмжээний цар хүрээ ба нэр төрлийг улам нэмэхийг уриалан шаардсаар. Герман гэх мэт зарим улсыг Украины эрх ашиг, олон улсын харилцааны хэм хэмжээ, ардчиллыг хөгжүүлэхийн төлөө эдийн засгийн тогтвортой хөгжлөө золиослон Оросыг нэг мөр сөхрүүлэх эрс хатуу хориг арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилж байна.

2008 оны хямралын дараа эргэн сэргэж байгаа Европын холбооны хувьд олон тэрбум ам.доллараар тоологдох алдагдал хүлээж, олон арван үйлдвэр, фермүүдийг хааж хэдэн мянган иргэнээ ажилгүй болгоно гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс сүүлийн үед Европын холбооны гишүүн зарим орны өндөр албан тушаалтнууд хориг арга хэмжээг цуцлахыг шууд уриалах болов. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээ Орос руу экспортлох боломжгүй болсноор Европын холбооны орнууд хамгийн багадаа 6,5 тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байгаа
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан гэхэд л “Өрнөдийн хориг арга хэмжээ нь оросуудад гэхээс бидэнд илүү хохирол учруулж байна. Бид өөрөө өөрсдийгөө хорлож байна. Би хориг арга хэмжээг улс төрийн асуудлыг шийдэхэд бодит үр нөлөөтэй хэрэгсэл гэж хэзээ ч бодож байгаагүй. Европын холбооны зүгээс авсан одоогийн хориг хэмжээний горимыг өөрчлөхийн тулд боломжтой болгоныг би хийнэ. Энэ нь ямар ч бодлогогүй хийгдсэн зүйл” гэжээ.
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Братислав хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид Орос ба Украины мөргөлдөөний барьцаанд үлдэж, хэн нэгний Оростой хийж байгаа сөргөлдөөний төлөө өөрсдийнхөө эрх ашгийг золиослож болохгүй” гэжээ.

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан “Бүх л төрлийн хориг хэмжээ авах бодлого нь утгагүй бөгөөд үр дүнгүй. Учир нь нэгдүгээрт, энэ хоригийн хариуд адилхан хориг тавьна. Хоёрдугаарт, хориг арга хэмжээ хэнд ч ямар ч ашиг авчрахгүй төдийгүй улс орон хоорондын үл итгэлцлийг нэмэгдүүлэхээс өөр үр дагаваргүй. ” гэжээ.
Ингээд ч зогссонгүй Милош Земан “Европын холбоонд бодит үр нөлөө бүхий дипломат арга хэрэгсэл байгаагүйгээс болж үндсэндээ Украины ээдрээг дипломат аргаар шийдэж чадаагүй. Нэг жишээ татъя. Европын холбооны Франц, Польш, Германы Гадаад хэргийн сайд Киевт ирсэн. Тэгээд Украины бүх албан тушаалтнуудтай тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурав. Гэтэл Киевт, Майданы талбай дээр энэ гэрээг эсэргүүцсэн ардчилсан чиг баримтлалтай хүмүүсээс гадна “Баруун сектор”-ийн фашистууд цугларсан болохоор гарын үсэг зурснаас 24 цагийн дараа цуцлагдсан” гэжээ. Өөрөөр хэлбэл фашист, хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дарамт шахалтанд орж Украины экс эрх баригчидтай байгуулсан гэрээгээ цуцлаагүй байсан бол одоогийн цуст мөргөлдөөн, сөргөлдөөн үүсэхгүй байж болох байжээ.

Европын холбооны орнууд дотроо Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь зөв буруу гэж талцан “зүү, тэвнэ” шидэлцэж байх зуур Украины зүүн мужуудад байдал улам л ээдрээтэй болж байна. Украины арми, Үндэсний гвардийнхан босогчдын мэдэлд байгаа хот, суурин газруудыг их буу, тийрэлтэт мина харвагчаар тасралтгүй буудан, онгоц, нисдэг тэрэгнээс бөмбөгдсөөр. Хамгийн сүүлд ирж байгаа мэдээгээр Украины эрх баригчид салан тусгаарлагчдыг богино хугацаанд дарахын тулд “Точка-У” гэдэг ойрын зайн тусгалтай баллистик пуужингаар харваж эхэлжээ.

Зөвлөлтийн үед боловсруулан 1989 онд зэвсэглэлдээ авч байсан “Токча-У” пуужин нь 120 км-ийн алсын тусгалтай бөгөөд ердийн болон химийн зэвсэг, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай юм. Энэ пуужинг дэлбэрсний дараа үлдсэн эд ангийг Луганск хотын хоёр ч газраас босогчид илрүүлсэн байна. Хойд Солонгосыг ойрын зайн тусгалтай пуужин далай руу харвалаа гэж хүчтэй шүүмжилдэг Америк тэргүүтэй өрнөдийн орнуудад энэ талаар ямар тайлбар хийх нь сонирхол татаж байна.

Украины эрх баригчдын дунд ч мөн хагарал үүслээ.Хэт үндсэрхэг “Баруун сектор” хөдөлгөөний удирдлага гишүүдийг нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэж, буу зэвсгийг нь хурааж байгаад эгдүүцэн Ерөнхийлөгч Порошенкод тулган шаардах бичиг хүргүүлжээ. Энэхүү тулган шаардаг бичигт “Бид Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод хандан Укаины эсрэг хүчний төлөөлөгчдийг Дотоод хэргийн яамны албан тушаалаас халж, тэдний гэмт  үйлдлийг мөрдөн байцаах замаар тус яамыг нэн даруй цэгцлэхийг шаардаж байна” гэжээ.
Улмаар “Баруун сектор”-ын баривчлагдсан гишүүдийн суллаж, тэдний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргүүдийг хааж, хууль бусаар хураан авсан зэвсэг тээврийн хэрэгслийг эргүүлэн өгч тусгай ажиллагаа явж байгаа бүс рүү илгээхийг шаардлаа.

Эцэст нь “Бидний шаардлагыг 48 цагийн дотор биелүүлээгүй тохиолдолд фронтын шугамын дагуу байрлуулсан өөрсдийн бүх анги, нэгтгэлүүдээ татаж, нөөц батальонуудыг дайчлаад Дотоод хэргийн яаманд богино хугацаанд өөрчлөлт хийх зорилгоор Киев руу аянд гарахаас өөр аргагүй болно. “Баруун сектор”-ын бүх анги, нэгтгэлүүд бүрэн зэвсэглэсэн байх болно” гэжээ. Энэ мэдэгдлийг өчигдөр хийсэн болохоор маргааш өглөө гэхэд тулган шаардах бичиг дэх заналхийлэл хоосон сүрдүүлэг байж уу, үгүй гэдгийг харах боломжтой болох байх. Хоосон сүрдүүлэг биш байсан байвал Украины Засгийн газар зүүн мужуудын салан тусгаарлагчидтай нэг талаас, баруун мужуудын хэт үндсэрхэг үзэлтнүүдтэй нөгөө талаас давхар байлдах хэрэгтэй болох нь.

Харин Оросоос Украины зүүн мужийн энгийн номхон иргэдэд зориулан явуулсан хүмүүнлэгийн тусламжийг тойрсон ээдрээ бага багаар шийдэгдэж байгаа бололтой. Украин дахь Улаан загалмайн нийгэмлэгийн хүмүүс Оросын тусламжийг нэг бүрчлэн шалгаад зэвсэг, сум гэх мэт зүйл байхгүй цэвэр хүмүүнлэгийн тусламж гэж мэдэгдсэн. Үүний дараа Украины эрх баригчид өөрийн хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Өмнө нь, Америк ба Европын зарим улс Оросыг байлдаан болж байгаа нутгийн иргэдэд хүмүүнлэгийн туламж үзүүлэх нэрийдлээр цэргээ оруулахыг оролдож байна гэж буруутгаад өрнөдийн зөвшөөрөлгүйгээр дангаар тусламж үзүүлэх гэвэл нэмэлт хориг арга хэмжээ авна гэж удаа дараалан мэдэгдээд байсан юм.

Оросын явуулсан хүмүүнлэгийн тусламжийг авна гэдэг нь Украины шинэ эрх баригчдын Зүүн мужуудад явуулж тусгай ажиллагааны улмаас ямар ч гэмгүй энгийн номхон хүмүүст хоол хүнс, уух ус, эмгүй болж хүмүүнлэгийн сүйрлийн байдалд орсон гэдгийг дэлхийн нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж эмээгээд Оросын тусламжийг зүйл бүрээр эсэргүүцэж байна гэж зарим шинжээч үзэж байгаа аж. Украины эрх баригчид өөрийн иргэдээ бөмбөгдөж, буудсаар хүмүүнлэгийн сүйрлийн байдалд оруулсан гэдгийг шууд биш ч гэлээ хүлээн зөвшөөрнө гэдэг тэднийг зүйл бүрээр дэмжин, хэлэх үгнээс эхлээд хийх үйлдэл бүрийг нь заан сургаж байгаа Америкийг давхар эвгүй байдалд оруулах тул америкчууд хамгийн их сандарч байгаа гэсэн яриа байна.

Ямартаа ч Европын холбоо ба Украины эрх баригчдын дотоод зөрчил, Оросын хүмүүнлэгийн тусламж, ойрын зайн тусгалтай баллистик пуужин гэх мэт зүйлсээс болж Украинд болж байгаа ээдрээ өнөөдрөөс эхлэн шинэ шатанд гарлаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан