Дэлхийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцдог авто машины тоо жил ирэх тусам л нэмэгдсээр. Автомашин үйлдвэрлэгч компаниуд улирал, жилийн эцсээр борлуулалт нь тогтмол өсч байгаа тухай гаргасан тайланг харахад л үүнийг мэдэж болно. Замын хөдөлгөөний хэмнэл, оролцогч машин ба хүний тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор авто ослын улмаас авсан гэмтэл нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн үхлийн үндсэн шалтгааны жагсаалтад наймдугаарт орсон бөгөөд энэ чигээрээ яваад байвал 2030 он гэхэд дээшлэн бүр тавдугаар байранд орж магадгүй байдалд хүрчээ.
Иймд 2004 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк нь “Зав тээрийн осол гэмтрээл сэргийлэх тухай дэлхийн илтгэл”-ийн хэвлүүлсэн юм. Улмаар 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2011-2020 онуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах арван жил болгохыг уриалсан 64/255 тогтоолыг санал нэгтэйгээр баталсан. 2013 оны сүүлээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арван жилийг дэмжих хүрээнд “Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх илтгэл”-ийг гаргасан бөгөөд энд дэлхийн хэмжээнд авто ослын улмаас гарсан нас баралтын тоог гаргажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2010 оны байдлаар дэлхийн хэмжээнд авто ослын улмаас нас барсан хүний тоо 1,24 саяд хүрчээ. 1,24 сая хүн гэдэг дэлхийн хэмжээнд нас барсан хүний 2,3 хувь. Үүний дээр 20-50 сая хүн авто ослын улмаас гэмтэл авсан Энэ олон үхэл, гэмтэл нь хохирогсдын ар гэрт асар их нөлөө үзүүлдэг бөгөөд цөөнгүй тохиолдолд амьдрал нь орвонгоороо иргэдэг.
1,24 сая гэдэг нь 2007 онд гаргасан өмнөх судалгаатай адил тоо. Тиймээс зохих арга хэмжээ авсны хүчний сүүлийн хэдэн жилийн дотор авто ослоос үүдэлтэй нас баралтын тоо дэлхийн хэмжээнд тогтворжсон гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ. Үүнтэй зэрэгцэн судалгаан авах хугацаанд тээврийн хөдөлгөөнд оролцдог авто машины тоо 15 хувиар өссөн. Авто ослын улмаас үүдсэн нас баралтыг цөөрүүлж чадаагүй ч дэлхийн хэмжээнд ихсгэлгүй тогтооно гэдэг муу зүйл биш.
Гэхдээ дэлхийн хэмжээнд авто ослоос үүдсэн нас баралт тогтворжиход үзүүлсэн орнуудын эдийн засгийн чадвар эрс ялгаатай гарчээ. Тухайлбал, 2007-оос 2010 онуудад дэлхийн 88 улсад зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын тоо цөөрсөн. Эдгээр 88-ын 42 нь өндөр орлоготой улсууд, 41 нь дундаж орлогой улсууд, ердөөө 5-нь бага орлоготой улсууд. Нөгөө талаас мөн хугацаанд дэлхийн 87 оронд зам тээврийн ослоос үүдсэн нас баралтын тоо нэмэгдсэн байна. Эдгээр улсуудын дийлэнх нь дундаж ба бага орлоготой орнууд байгаа нь таагүй үзүүлэлт.
Дэлхийн хэмжээнд зам тээврийн ослоос /ЗТО/ үүдэлтэй нас баралт 100 мянган хүн тутамт 18 байдаг. ЗТО-ын хамгийн өндөр нас баралт нь дундаж орлоготой орнуудад ноогддог бөгөөд энд 100 мянган хүн тутамд, 20,1. Харин хамгийн бага буюу 100 мянган хүн тутам 8,7 гэсэн үзүүлэлтийг өндөр орлоготой орнууд харуулсан байна.
Дундаж орлоготой орнуудад дэлхийд бүртгэгдсэн ЗТО-ын нас баралтын 80 хувь нь ноогдож байгаа боловч нийт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн ердөө 52 хувь нь энэ бүс нутагт замын хөдөлгөөнд оролцдог. Дундаж орлоготой орнуудад дэлхийн хүн амын 72 хувь нь аж төрдөг.
Гэтэл өндөр орлоготой орнуудад ЗТО-оор нас барагсдын эзлэх хувь дундаж орлоготой орнуудас арав дахин бага буюу ердөө 8 хувь байгаа атлаа эдгээр орнуудад дэлхийд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 47 хувь нь замын хөдөлгөөнд оролцож байдаг.
Бүс нутгаар нь авч үзвэл ЗТО нас баралтын хэмжээ Европт 100 мянган хүн тутамд 18, Америкт 16,1, Зүүн Өмнөд Азид 18,5, Номхон далайн баруун хэсгийн бүс нутаг 18,5, Газрын дундад тэнгисийн зүүн бус нутагт 21,3, Африкийн бүс нутагт 24,1 байна.