Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саудын Арави алан хядлагатай тэмцэхэд 100 сая ам.доллар хандивлажээ


Саудын Арави нь НҮБ-д алан хядлагатай тэмцэхэд зориулан 100 сая ам.доллар хандивласан байна. Мөнгийг 2011 онд Саудын Аравийн хааны санаачилгаар байгуулсан НҮБ-ын дэргэдэх алан хядлагын эсрэг төвийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна. Саудын Аравиас АНУ-д суугаа Элчин сайд Абдель бин Ахмед Жубир НҮБ-ын удирдлагад 100 сая ам.долларын чек гардуулах үеэрээ “Алан хядлага ямар ч шашны номлолыг зөрчиж байдаг бөгөөд энэ үзэгдлийг олон улсын хамтын чармайлтаар үгүй болгох ёстой” гэжээ.
Үүнээс өмнө Саудын Аравийн эрх баригчид Иракийн хойд нутагт лалын хэт явцуу үзэлтнүүдийн дайралтаас зугатсан дүрвэгсдэд тусламж болгон 500 сая ам.доллар хандивласан.

Сүүлийн жил гаруйн дотор Саудын Арави нь бүс нутгийн хэд хэдэн улсад алан хядагчидтай тэмцэх, хилээ бэхжүүлэхэд олон тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.
Тухайлбал, энэ сарын 6-нд Саудын Аравийн хаан Абдалла Ливаны Засгийн газарт хилийн хамгаалалтаа сайжруулахад нь тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Мөн Ливаны армийн Францаас худалдан авах байлдааны техник хэрэгсэл, сум, зэвсэг зэргийн бүх төлбөрийг хийхэд гурван тэрбум ам.доллар өгөхөө өмнө нь амлаад байсан билээ. Францын тал Ливан ба Саудын Арави хоёрын энэ тохиролцоог тун нааштай хүлээж авсан нь ойлгомжтой. Ингэснээр нийтдээ Ливанд дөрвөн тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.

Шалтгаан нь дээрхтэй адил алан хядлагатай тэмцэх. Саудын Арави нь “Ирак ба Левантын лалын улс” гэх мэт хэт явцуу үзэлт зэвсэгт бүлэглэлүүд бүс нутагт хүчирхэгжихээс ихэд болгоомжилж байна. Ливан өөрийн гэсэн армитай ч зэвсэглэл хуучирсан, олон жилийн турш үргэлжилсэн иргэний дайн, Израйльтай хийсэн дайн зэргээс болж удирдлага, хилийн хяналт суларсан байсныг одоо ийнхүү Саудын Аравийн мөнгөөр шинэчлэн сайжруулах бололтой.
Ливанаас гадна Египетэд их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж байгаа. “Арабын хувьсгал”-ын дараагаар Египетэд явцуу үзэлт “Лалын ахан дүүс” байгууллага хүчээ авч, энэ байгууллагаас нэр дэвшсэн Мухаммед Мурси Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хажууханд нь хэт явцуу үзэлтнүүдийн удирддаг улс гарч ирэхийг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Армийн удирдлага төрийн эргэлт гарахад багагүй тусламж үзүүлсэн гэж зарим шинжээч үздэг байна. Саудын Арави нь Египетийн армийг хүчирхэгжүүлэх, явцуу үзэлтнүүдийн эсрэг хийж болзошгүй дайнд баттай ялалт байгуулах нөхцлөөр хангахын тулд Египетийн Засгийн газрын Оросоос олон тэрбум ам.доллараар худалдан авч байгаа байлдааны техник, хэрэгслийн төлбөрийг хийх болсон юм.

Энэ мэтээр Саудын Арави нь бүс нутгийн хамгийн нөлөөтэй улс гэдгээ харуулах, хөрш зэргэлдээх орнуудын улс төрийн элитийг өөртөө татаж, үнэнч байлгахад газрын тосны олборлолт, экспортоос олж буй мөнгөө гар татахгүй үрсээр. Өөрөө ч батлан хамгаалах салбартаа онцгой анхаардаг.
Саудын Аравийн батлан хамгаалахын зардал сүүлийн 10 жилийн дотор гурав дахин нэмэгдэж, 2013 оны байдлаар 60 тэрбум ам.доллар даваад байгаа юм. Үүнээс үүдээд зарим шинжээч ойрын хугацаанд Ойрхи Дорнодод Саудын Арави ба түүний холбоотнуудын оролцсон томоохон дайн гарах магадлал эрс нэмэгдэж байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан