“Фейсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг төв мэдрэлийн системийг гэмтээдэг Лу Геригийн өвчнийг судлахад олон нийтийн анхаарлыг татах кампанит ажилд нэгдэн орсон байна. Энэ кампанит ажилд оролцсон хүн дээрээсээ нэг хувин мөс шиг хүйтэн ус асгадаг бөгөөд дараа нь өөр гурван хүнд хандан мөн адил үйлдэл хийхийг уриалдаг. Харин уриалгыг авсан хүмүүс нь 24 цагийн дотор мөн адилаар дээрээсээ мөс шиг хүйтэн хувин ус асгах эсвэл энэ өвчнийг судлах санд мөнгөн хандив өгөх ёстой болдог аж.
Цукерберг “Фейсбүүк” хуудсан дээрээ хэрхэн хувин ус асгаад дараа нь “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс, "Фейсбүүк"-т хамт ажилладаг Шерил Сэндберг, “Netflix” компанийн тэргүүн Рид Хастингс нарт адил үйлдэл хийхийг уриалж байгаа бичлэгээ гаргажээ.
Энэ кампанит ажилд дуучин Жастин Тимберлейк, “Microsoft”-ийн Ерөнхий захирал Сатья Наделла, нэртэй хөтлөгч Жимми Фэллон нар оролцжээ.