Оросыг Украины эрх баригчдын тусгай ажиллагаа явуулж байгаа Зүүн Өмнөд мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэрийдлээр цэргээ оруулж болзошгүй гэж үзэж байгаа юм. Оросыг Өрнөдийн зөвшөөрөлгүйгээр, өөрсдөө дур мэдэн хүмүүнлэгийн тусламж оруулахыг завдвал нэмэлт хориг арга хэмжээ авна гэж удаа дараалан мэдэгдсэн. Гэвч Орос элдэв сүрдүүлэг, дарамтыг үл тоон Украины Зүүн Өмнөд мужуудын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Өчигдөр шөнө тусгай ажиллагааны бүсэд амьдарч байгаа энгийн номхон иргэдэд хоол, ундны ус, эм, хүүхдийн тэжээл, унтлагын уут гэх мэт наад захын зайлшгүй хэрэгтэй зүйлс ачсан бараг гурван км-ийн машины цуваа Москва орчмоос гарч Украины хилийн орчим иржээ. Энэхүү тусламжийн цувааг Киев анхандаа өөрийн хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэж байсан ч өчигдөр Оросын тал эрчимтэй хэлэлцээр явуулсны хүчинд хил нэвтрүүлэх зөвшөөрөл авсан тухай Оросын Гадаад хэргийн сайд Кирил Лавров мэдэгдлээ.
Цуваа Украины хилийг давахын тулд хилчид, Олон улсын улаан загалмай нийгэмлэгийнхэн тусламжийн барааг нарийвчлан шалгах ажил эхлэх байх. Шалгалтын дараа украинчууд Оросын тусламжийн барааг заавал өөрийн машинаар тээвэрлэнэ гэвэл шалгах, шилжүүлэх өөр машинд ачих гэж ахин хоёр гурав хонох бололтой.
Энэ зуур АНУ-ын Ерөнхийлөгч Обама Италийн Ерөнхий сайдтай утсаар ярьж, зөвхөн Украины Засгийн газрын зөвшөөрлөөр л оросууд тусламж үзүүлэх боломжтой гэдэг дээр санал нийлүүлээд энэ шаардлагад үл нийцэх алхам хийх нь Олон улсын хэм хэмжээг зөрчих тул нэмэлт хориг арга хэмжээ авах шаардлагатай гэжээ.
Харин Германы Канцлер Ангела Меркель Украины хямралыг давж гарахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр “Би ямагт Оростой бодит үр дүнтэйгээр хамтран ажиллахыг дэмжсээр ирсэн цаашид ч ингэж ажиллахад бэлэн. Иймээс хориг хэмжээг аваад байгаа ч Оросын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийх боломж алдахгүй байхыг хичээж байна. Гэхдээ бодит үр дүнтэйгээр хамтран ажиллахын тулд ямагт нэгээс илүү хүн шаардлагатай байдаг” гэж. Украины талаар явуулж байгаа Оросын бодлогыг ХБНГУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгийг Меркель нэмж хэлсэн байна. Меркель “Улс орны газар нутгийн хараат бус байдлыг дагаж мөрдөх, улс хоорондын хилийг дангаар өөрчлөх боломжгүй байх нь Европын үндсэн тохиролцоо юм. Харин ОХУ Крымийг нэгтгэн авсан нь энэ зарчмыг зөрчиж байгаа хэрэг” гээд Украин нь өөрийн Үндсэн хууль, гадаад бодлого болон зүүн мужуудынхаа бие даасан байдлын талаарх шийдвэрийг өөрөө гаргах боломжтой байх хэрэгтэй гэв.